Латви, Рига хот - Дээрхийн гэгээн Далай лам Пиза хотоос нисээд өнөө өглөө Латви улсын Рига хотод хүрэлцэн ирэв. Айлчлалыг зохион байгуулагч “Латвийн Төвөдийг аврах хөдөлгөөн” болон ОХУ-ын "Төвөдийг аврах сан"-гийн гишүүд түүнийг нисэх онгоцны буудалд найрсгаар угтан авав. Нар ээсэн намрын энэ таатай цаг агаартай өдөр Рига хотын төв рүү Дээрхийн гэгээнийг морилон ирэхэд зочид буудлын гадаа болон үүдний танхимд Балтын орнуудын Латви, Литва, Эстони улсын иргэдээс гадна ОХУ, Буриад, Халимаг, Тувагийн сүсэгтэн олон, мөн цөөн тооны төвөд иргэд хүрэлцэн ирж, халуун дулаан инээмсэглэл, хүндэтгэлийн хадаг барин угтан авав.

Латвийн телевизийн сэтгүүлч Дээрхийн гэгээнд хандан: “Дэлхий ертөнцөд маш олон асуудал тулгарч байна, бид хаанаа алдаад байна вэ?” гэж асуухад тэрээр: “Бидэнд хуучинсаг сэтгэлгээ маш их байсаар байна. Нэг талаас, асуудлыг хүч хэрэглэх замаар шийдэж болно гэх төсөөлөл, нөгөө талаас бусдыг ‘бид’ ба ‘тэд’ гэж зааглан харах үзэл байна. Иймэрхүү талцал хуваагдал нь ихэвчлэн хүчирхийлэлд хүргэдэг. Үүний оронд бид хүн төрөлхтний нэгдмэл мөн чанарыг өөрсөддөө сануулж, ямар ч зөрчил маргаан гарсан түүнийг яриа хэлцлийн замаар шийдвэрлэхээр ажиллах хэрэгтэй” хэмээн айлдав.
Байгалийн гамшгийн тухайд Дээрхийн гэгээн хэлэхдээ, тэдгээрийн олонх нь бидний хяналтаас гадуур байдаг ч зарим нь хүн үйл ажиллагаагаас болж уур амьсгалын өөрчлөлт улам л дордож буйг сэтгүүлчдэд тайлбарлав. Гэсэн ч өөдрөг талыг нь харвал, Скандинавын гол мөрөнд устаж үгүй болох аюулд өртөөд байсан загас жараахайнууд эргэн ирж, озоны давхаргын цоорхой тодорхой хэмжээгээр нөхөн сэргэснийг мэдээд урам зориг авснаа тэрээр илэрхийлэв. Эдгээр нь байгаль орчноо хамгаалах талд үнэхээр хүчин чармайлт гаргавал нөхцөл байдлыг сайжруулж болохыг харуулж буй тод илэрхийлэл билээ.

Дээрхийн гэгээн Төвөд болон Далай лам хоёрыг салшгүй, нэг зүйл мэтээр үзэх хандлагыг няцаав. Тэрээр 2001 болон 2011 онуудад Төвөдийн удирдлагуудыг ардчилсан сонгуулиар сонгосноос хойш улс төрийн аливаа хариуцлагаас бүрэн татгалзаж, тэтгэвэртээ гарсан гэдгээ сэтгүүлчид сануулж хэлэв. Тэрээр өөрийгөө бусад хүмүүсийн адил оюун ухаан, сэтгэл хөдлөлтэй ердийн нэгэн эгэл хүмүүн хэмээн тодорхойлсон юм.
Дээрхийн гэгээн Европын Холбооны бий болгосон эв нэгдлийн үзэл санааг биширч явдгаа илэрхийлээд, алсын ирээдүйд Латви улсын том хөрш болох ОХУ ч мөн тус холбооны гишүүн болох нь зүйтэй гэсэн зоримог санааг дэвшүүлэв.
Ирэх хоёр өдрийн турш Дээрхийн гэгээн Камалашила гэгээнтний “Бясалгалын зэрэг” номын дунд бүлэг болон Богд Зонховын "Ламрим Дүйдон" буюу “Хураангуй бодь мөрийн зэрэг"-ийг айлдана.










