Япон, 2006 оны 11 дүгээр сарын 13 (Пико Айер*)
Япон улс нь олон жилийн турш бурхны шашинтай орнуудын дунд хамгийн нөлөө бүхий улсын нэг байсаар ирсэн билээ. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам 1967 онд Төвөд, Хятад, Энэтхэгээс гадна хилийн чанадад хийсэн анхны айлчлалсан орон нь Япон улс. Японы ард түмэнд “Та бүхний газар нутаг орчин үеийн өндөр хөгжилтэй технологи, шинжлэх ухааны дэвшлээ, эртний соёл уламжлалтай хослуулан уялдуулах онцгой их боломж, чадамжтай хэмээн би хувьдаа итгэдэг. Материаллаг дэвшил, ахуй амьдралын тав тух нь хүний биед амар хялбар байдлыг авчирдаг бол, итгэл үнэмшил, гүн ухааны сургаал айлдвар нь сэтгэл оюунд тайтгарал, энэрэл нигүүлслийг өгдөг. Хэрэв эдгээр хоёр хүчин зүйлийг зөв тэнцвэртэйгээр нэгтгэвээс Япон улс зөвхөн хөгжил дэвшил төдийгүй, дэлхий нийтэд үлгэр жишээ болохуйц загварыг харуулж чадна” хэмээн Дээрхийн гэгээнтэн онцлон айлдлаа.
Энэ гол санаанаас гадна бусад олон чухал сэдвийг Дээрхийн гэгээнтэн Далай лам өнгөрсөн оны 10, 11-р сард Япон улсад хийсэн айлчлалынхаа туршид дахин дахин онцолсон юм. Тэнгэр цэлмэг, навчис анхны өнгөө сольж эхлэх намрын улиралд Япон улсад морилдог нь, юм бүхэн өнгөн дээрээ тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байдаг ч, гүн гүнзгий мөн чанар нь огтхон ч хөдөлдөггүй хэмээх бурхны шашны сургаалын утгыг өөрийн эрхгүй санагдуулж байлаа.
Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд тэрбээр Токио хотод олон нийтийн өмнө ном айлдаж, Осака хотод нэгэн сургуулиар зочилсон байна. Гэвч түүний Япон дахь аяллын жинхэнэ гол утга учир нь Хирошима хотод болсон энх тайвны асуудлаарх хоёр өдрийн бага хуралд оролцох, Японы бурхны шашны байгууллагын урилгаар Мияжима хэмээх ариун аралд номын айлдвар, ван авшиг хүртээх юм.
Япон түмэн ерөнхийдөө дуу цөөтэй, даруухан боловч бусад орны ард олноос ялгаатай нь илүү анхааралтай, мэдрэмжээ дотроо хадгалдаг онцлогтой. Гэсэн ч Дээрхийн гэгээнтэн Далай лам намрын хурц нарны гэрэлд, улаантаж эхэлсэн агч моддын дээгүүр манан адил цайран харагдах сүм хийдүүдийн дунд хаа ч очсон түүнийг олон хүн угтаж байлаа. Энэ нь түүний айлдвар, билиг ухаан дэлхий даяар улам бүр түгж байгаатай ч холбоотой байж мэднэ. Мөн нөгөө талаас япон нийгэм дотроо нэгэн хоосон орон зайг мэдэрч, түүнийг нөхөхийг эрэлхийлж буйтай ч хамаатай биз ээ.
Олон арга хэмжээний үеэр хүмүүс асуулт асууж, Японд улам бүр хурцаар тавигдаж буй нэгэн ноцтой асуудлыг хөндсөн нь нийгмээс бүрэн тусгаарлагдан, өдрийг харанхуй өрөөндөө ганцаар өнгөрөөдөг, “хаалттай хүүхдүүд”-ийн асуудал байв.
Үүнд хариу болгон Дээрхийн гэгээнтэн сайн дурын үйл ажиллагааны ач холбогдлыг дахин дахин онцоллоо.
“Хэрэв хүн зөвхөн өөрийгөө л бодвол, өчүүхэн асуудал ч тэсэшгүй хүнд санагдана” хэмээн тэрээр Хирошимад айлдсан юм. Харин Мияжимад, асуулт хариултын үеэр гэнэт англиар айлдаж эхлэв:
“Япончууд та бүхэн өндөр боловсролтой, чадварлаг хүмүүс. Та нар өөр улс орнуудад очиж, хүмүүст тусалж чадна. Тэндхийн зовлон бэрхшээлийг харахад өөрийн амьдрал хэчнээн илүү боломжтойг ойлгоно. Бас ямар нэгэн зүйл хийснээр амьдралынхаа утга учрыг олж харна. ‘Би хувь нэмэр орууллаа, би хэн нэгэнд тус боллоо’ гэж бодох мөчид дотоод сэтгэл баяр хөөрөөр дүүрэн байдаг” хэмээн айлджээ.
Дээрхийн гэгээнтний шашин хоорондын, хүн төрөлхтөнд хандсан нийтлэг ёс зүйн сургаал нь бурхны шашны тухай мэдлэггүй хүмүүст ч ойлгомжтой байсан ба амьдралыг ухаарч ойлгохыг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд Хирошимад болсон Энх тайвны бага хурал энэ айлчлалын оргил мөч байв.
Хирошимагийн захад орших, 20 жилийн турш ном зааж ирсэн нэгэн төвөд хийдэд зочилсны дараа, ой модоор дамжин өгсөх эгц жим нь Дарамсалад ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж, Японы даруухан хийд дотор Төвөдийн өнгө, бэлгэдэл тодрон харагдаж байв. Дээрхийн гэгээнтэн томоохон хурлын танхимд очин хоёр өдрийн турш Нобелийн Энх тайвны шагналт анд нөхөд болох Өмнөд Африкийн хамба лам Десмонд Туту, Умард Ирландын Бетти Уильямс нартай хамт хэлэлцүүлэг өрнүүлэв. Эдгээр гурван эрхэм амьдралдаа зовлон, дайн, ялгаварлан гадуурхалттай нүүр тулж ирсэн ч, цөмийн сүйрлийн гэрч болсон Хирошима хотод цуглан, хүнлэг энэрэнгүй нийгмийн талаар халуун дулаан, итгэл дүүрэн уур амьсгалыг түгээж байлаа.
Хурлын үеэр Мексикээс ирсэн нэгэн залуу бүсгүй АНУ, Мексикийн хилийн дагуу хана босгох тухайд сэтгэл нь ихэд зовниж, уйлан ярьж тусламж хүсэхэд Бетти Уильямс туслахаа явуулан түүнийг тэвэрч тайвшруулсан бол, хамба лам Туту апартеидын эсрэг тэмцлийн туршлагаасаа хуваалцан, тэвчээрийн тухай өгүүлэв. Хуралд цугласан олны дийлэнх нь олон улсын оюутан залуус байлаа.
Харин Дээрхийн гэгээнтэн бурхны шашны ухааныг бодитой, энгийн үгээр “Чи өөрөө хичээх ёстой. Чамд туслах олон мянган хүн бий. Чи ганцаараа биш. Гэвч гол үүрэг чиний мөрөн дээр байна. Найдвараа бүү алдаарай. Өөдрөг бай, өөртөө итгэ. Бид асар их бэрхшээлийг туулсан ч итгэлээ хэзээ ч алдаагүй. Иракийн дайн ч гэсэн өнгөрсөн зуунд, бүр XIX зуунд гаргасан алдааны үр дагавар байж болохыг дурдан, хэрэв бид өнөөдөр алсын хараатайгаар зөв хичээл зүтгэл гаргавал, энэ зууны төгсгөл, эсвэл дараагийн зууны эхэнд эерэг үр дүн заавал гарна хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар сургаалыг санскрит болон их хөлгөний бурхны шашны уламжлал буюу Наландагийн уламжлал дээр тулгуурлан судалж, суралцахыг зорьдог сүсэгтнүүдийн хувьд Мияжимад өнгөрүүлсэн зургаан өдөр нь яах аргагүй энэ айлчлалын хамгийн оргил, онцгой мөч байлаа.
Хирошима хотын төвөөс дөчин минутын зайд орших энэхүү жижигхэн ариун арал нь усан дээр алтран хөвөх мэт харагдах гол шүтээнтэй, уул толгод даган сүндэрлэх олон сүм хийдтэй төдийгүй, тэдгээрийн дунд чөлөөтэй бэлчих хоёр мянга орчим бугатайгаараа Будда анхны номоо айлдсан буган цэцэрлэгийг санагдуулам онцгой уур амьсгал бүрдүүлжээ.
Аралын төв шүтээн нь бурханы шашин Япон оронд анх дэлгэрч эхэлсэн VI зуунд байгуулагдсан түүхтэй. Харин Дээрхийн гэгээнтэн айлдвар ном айлдсан уулын энгэр дэх Дайшойн хийд нь 1200 жилийн ойгоо тэмдэглэж байсан бөгөөд уг хийдийг Японы их лам Кобо Дайши 804 онд Чанъань хотоос эх нутагтаа буцаж ирснийхээ дараа байгуулсан юм. Тэрээр тарни ёсны бурхны шашныг Японд дэлгэрүүлж, түүнийг Шингон буюу “Үнэн Үг” хэмээн нэрлэсэн бөгөөд мандал, мутар барил, очирт хөлгөний сэтгэлгээ зэргээрээ Төвөдийн бурхны шашинтай тун ойр уламжлал билээ.
Өглөө бүр нарийн чулуун шат бүхий сүм хийд рүү өгсөх замаар мөргөлчдийн урсгал тасралтгүй хөвөрнө. Японы байгалийн нам гүм, халуун дулаан уур амьсгал нь энэ бүхэнд онцгой гялбаа, нам гүмийг шингээж, сэтгэлд мартагдашгүй мэдрэмж төрүүлж байлаа. Гол сүмийн нэгэн танхимд мянга гаруй жилийн турш тасралтгүй асч буй хэмээх домогт мөнхийн галын дэргэд Төвөдийн орон зай бүрэлджээ. Танхимын төвд шинээр бүтээсэн алтан Майдар бурхны сүрлэг дүрийг залж, эргэн тойронд нь танка, мандалуудыг байрлуулсан нь Төвөдийн шашин, соёлын уур амьсгалыг бүрэн мэдрүүлж байв.
Дээрхийн гэгээнтэн Далай ламын ном айлдаж буй сүмийн танхим болон гадаах хашаа талбай сүсэгтнээр дүүрч, үүлгүй цэлмэг намуухан өглөө бүхэн нар мандах агшинд Япон оронд Дарамсала нүүж ирсэн мэт сэтгэгдэл төрнө.
Цагаан хадаг дэлгэн зогсох төвөдүүд, Дээрхийн гэгээнтний хамт зураг татуулуулахаар догдлон ирэх Монголын сумо бөхчүүд, тэдний дунд гадаадын буддист сүсэгтнүүд, аялагчид, мөн намуухан сууж сонсох япон эмэгтэйчүүд, орчин үеийн ганган хувцастай залуу бүсгүйчүүд, энэ бүхэн нэгэн дор цугларч, шашин соёл, орчин цагийн амьдрал хоорондын хосгүй уялдааг илэрхийлж байлаа.
Дээрхийн гэгээнтэн Далай лам Мияжима аралд хүрэлцэн ирсэн эхний өдрийн үдээс хойш шинээр байгуулагдсан сүм дуганыг адислан нээлээ. Уг ёслолын бүх бэлтгэлийг Өмнөд Энэтхэг дэх Депүн хийдээс ирсэн арван хоёр лам хариуцан гүйцэтгэж, ёслолын үеэр тэд японы лам нарын дэргэд бүгд улаан хүрэн номын хувцас асаан заларсан байлаа. Эхлээд япон лам нар ном уншиж, дараа нь төвөд лам нарын ном цуурайтсан нь ёслолд онцгой уур амьсгал бүрдүүлэв.
Дараагийн хоёр өдрийн турш Дээрхийн гэгээнтэн буддын шашны суурь ойлголтуудын талаар, ялангуяа хоосон чанар (шүньята) болон шүтэн барилдлагын тухай дэлгэрэнгүй ном айлдав. Сүмийн дотор Дээрхийн гэгээнтний өмнө хөл нугалан суусан сүсэгтэн олон, мөн намрын нарны шаргал гэрэлд гадаа байрлуулсан эвхдэг сандал дээр суусан сүсэгтнүүд нам гүмд автан, анхааралтай сонсож байсан тул нэгэн агшинд Дээрхийн гэгээнтэн өөрийн ярьж буй төвөд хэлийг тэд ойлгохгүй байгааг хүртэл мартчихсан байлаа хэмээн хошигнолоо.
Дараагийн гурван өдрийг Дээрхийн гэгээнтэн нууцын ван авшиг олгоход зориулсан бөгөөд энэхүү ховор номын айлдварыг сонсохоор дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаачид иржээ. Англид төрж, Калифорнид өсөж, өдгөө Япон улсад сэтгүүлчээр ажиллаж буй миний хувьд Төвөд болон түүний оюун санааны уламжлал яг бидний дунд амилан оршиж буй мэт мэдрэмж төрсөн нь үнэхээрийн онцгой байлаа. Энэ нь Төвөд дэлхийн нэг хэсэг, дэлхий ч мөн Төвөдийн нэг хэсэг болохыг мэдрүүлсэн агшин байсан юм.
Намрын хурц тунгалаг, анхилуун агаарт, хөх тэнгэрийн дор Дээрхийн гэгээнтний айлдварыг сонсон хүртэх зуур Япон, Төвөд хоёр орон гүн ухаан, оюун санааны нийтлэг уламжлалаар холбогддог бөгөөд Япон улс энэхүү өв соёлыг дэмжин хадгалж, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх онцгой байр суурьтайг дахин сануулж байлаа. Айлдварын үеэр Калифорниос ирсэн нэгэн залуу ринбүүчи Бээжингээс ирсэн сүсэгтэн олонд хятад хэлээр шууд орчуулж, өөр нэгэн нь солонгос хэлээр шууд дамжуулан хүргэж байсан бол англи хэлээр ч тасралтгүй шууд дамжуулж байв.
Хүмүүс Дээрхийн гэгээнтнийг ирэх бүрд өөрсдийн өдөр тутмын амьдралын асуудал зовлон бэрхшээлийг түүнд хандан асуудаг билээ. Энэ удаа ч асуулт цуварсаар харин Дээрхийн гэгээнтэн бодитой, шууд шийдлүүдийг санал болгож байлаа. Тэрбээр Япон дахь сүм хийдтэй хавсарсан сургуулиуд хүүхэд багачуудад уламжлалт хичээл сургалтын зэрэгцээ ёс зүй, үнэт зүйлийг төлөвшүүлэх чухал орон зай олгож буй хэмээн магтан онцлоод мөн Япон төдийгүй Энэтхэг улс өөрсдийн оюун санаа, гүн ухааны эх сурвалжаа санан эргэн харж, хаашаа чиглэн урагшилж буйгаа ухамсарлахыг уриалсан юм.
Дээрхийн гэгээнтэн Далай лам Дарамсала руу дараагийн томоохон айлчлал, номын айлдварынхаа бэлтгэлийг хангахаар буцлаа. Харин Япон улс өөрийн гүн гүнзгий боломж, чадамжийг бага ч атугай сэргээн ухамсарлаж чадах болов уу гэсэн итгэлийг төрүүлж байв. Түүний айлдвар бүртээ онцолдог өөрийгөө умартах сэтгэл, өөртөө итгэх итгэл, уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн зарчмууд бидний хувьд өмнөхөөсөө илүү тод, илүү хүчтэй мэдрэгдэх шиг санагдсан юм.
Миний хувьд Япон дахь өөр нэгэн бугын хүрээлэнгийн дэргэдэх ажлын ширээ рүүгээ буцан суухдаа, Дээрхийн гэгээнтэн гурван жилийн өмнө морилон ирж байсан тэр л газар, тэнгэр цэлмэг, дулаахан, үүлгүй нарны гэрэл одоо бидний зүрх сэтгэлийн гүнд оршин буй мэт мэдрэмж төрөх нь гарцаагүй байлаа.
*Пико Айер нь Тайм сэтгүүлд 24 жилийн турш нийтлэл бичиж, найман ном зохиосон бөгөөд одоогоор Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын дэлхий дахины айлчлал, аяллуудад зориулан бэсрэг хэмжээний шинэ бүтээлээ бичиж дуусгаад байгаа юм.










