Япон улс, Нагано хот. 2010 оны 6 дугаар сарын 21. Далай лам 300 гаруй япон буддистуудад “Зовлон бүхний сурвалж болох мунхаглал болон өөрийн жинхэнэ мөн чанарын талаарх эндүү ташаа ойлголтыг танин ухаарвал хүн бүр гэгээрэлд хүрэх ижил боломж, адил чадвартай” хэмээн айлджээ.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам Сайхожи сүмд 300 гаруй буддын шашинтнуудад айлдвар айлдаж буй нь.. Япон, Нагано хот. Зургийг Дэнзэн Чойжор. |
Энэ өдөр Далай лам Наганогийн Сайхожи сүмд айлдсан “Дөрвөн үнэн”-ий сургаалын үеэр “Хүний төрөлхийн буддын мөн чанарыг ухааран мэдрэх нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж, жаргалтай амьдрахын түлхүүрийг олгоно” хэмээсэн юм. Энэ айлдвар нь Сайхожи сүмээс зохион байгуулсан арга хэмжээний нэг хэсэг бөгөөд Далай лам сүмийн цогцолборт шинээр баригдсан Мандлын танхимд байрлуулсан гурван хэмжээст мандал мөн алтан бүрмэл Бурхан багшийн сэрэг дүрийг адислан, ариутган тахисан юм. Шинэ танхимын хана дагуу 8 бодьсадва, 30 бэлгэ тэмдгийг бүтээжээ.
Сүмийн тэргүүн хамба Эйчи Канеко “Шинэ Мандалын танхимыг Буддын диваажинг дүрслэн үзүүлдэг, 300 жилийн настай үнэт эрдэнэ Кангьо Мандал танкад зориулан бүтээсэн юм. Шинэ Мандал болоод Бурхан багшийг сэрэг дүрийг бүтээсэн хийц нь Дээрхийн гэгээн хийгээд японы буддын шашны уламжлалын нэгдлийг илэрхийлж буй билээ” хэмээн мэдээлжээ.
|
| Дээрхийн гэгээн Далай лам Сайхожи сүмд Амитаба шүтээнийг аравнайлж буй нь... Япон, Нагано хот. Зургийг Дэнзэн Чойжор. |
Мандлын танхимын ханын зургийг бүтээх ажлыг нэрт танка зураач, үсэг урлагийн мастер Калсан Лодой Ошоэ удирдан зохион байгуулжээ. Ошоэ нь мөн Буддагийн сэрэг дүрийг бүтээхдээ шавар, японы уламжлалт ваши цаасыг хослуулан ашигладаг эртний дархны урлагийг сэргээн ашигласан байна. Шавар, вашиг ашиглан бурхны сэрэг дүр бүтээх уламжлал Нарагийн үеийн (710-794 он) оргил үе болох VIII зуунд үүссэн аж.
Ошоэ үе дамжсан урчуудын гэр бүлээс гаралтай бөгөөд Далай ламын ордны албан ёсны зураачийн үүргийг гүйцэтгэдэг байв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд АНУ-ын Вашингтон хотын Смитсонианы музей, Массачусетс мужийн Спрингфилд музейн, Европын нэр хүндтэй бусад байгууллагын төслүүдэд оролцож ажиллажээ.










