Япон улс, Коясан хот. 2011 оны 10 дугаар сарын 31. Наран төөнөсөн энэ өглөө Дээрхийн гэгээн XIV Далай лам Осака хотод 3 цагийн турш уул нуруудын нарийн замаар явсаар лам хуврагуудын суудаг уулын дундах Коясаны хийдэд хүрэв. Японы Шингон буддын хийдийг IX зуунд Кобо Дайши байгуулжээ. Шингон нь төвөдийн буддизмтай олон талаараа төстэй нууц тарнийн уламжлалтай ажээ. Өнөөдөр зөвхөн эл ууланд Шингон урсгалын 117 сүм, 250 мянга гаруй булш мөн 300 гаруй жилийн настай аварга том хуш мод байдаг аж.
![]() |
Дээрхийн гэгээн XIV Далай ламыг Коясаны Конгобүжи хийдэд залрахад сүсэгтэн олон угтан авч буй нь… Япон улс, Коясан хот. 2011 оны 10 дугаар сарын 31. Гэрэл зургийг Дэнзин Чойжор. |
Улаан навчит агч модны завсраар нарны туяа тусахуйд Дээрхийн гэгээн хүндтэй энэ газар мориллоо. Конгобүжи хийдийн эзэн хааны байрлаж асан жигүүртэй танилцжээ. Дараа нь Коясаны хийдийг хариуцдаг шашны зүтгэлтэн Юкэй Мацүнагатай цайгаар дайлан, албан ёсоор угтаж авсан нь энэ буй. Дээрхийн гэгээн өрөөнөөс өрөө хооронд алхах бүрд олон нийт уртаас урт дараалал үүсгэн, угтан мэндчилж, зарим нь адис хүртэхдээ баярын нулимс унаган байв.
Үдийн зоогийн дараа хоёр багш уулын гол танхимд очиж, хар хүрэн орхимжит олон ламын дунд ярилцлага өрнүүллээ. Дарамсала хотын Намжил дацангаас 8 лам хүрэлцэн ирсэн бөгөөд өргөөний урд мандал босгосон байв. Лам нар залууст ямар ямар боломж нээлттэй байгаа талаар ярилцаж байв.
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам, Юкэй Мацүнага нар Коясан дахь Конгобүжи сүмийн танхимд хэлж буй нь... Япон улс, Коясан хот. 2011 оны 10 дугаар сарын 31. Гэрэл зургийг Дэнзин Чойжор. |
Дээрхийн гэгээн ийм ариун дагшин газарт ирсэндээ ихэд баяртай байгаагаа хэлээд, “Кобо Дайшиг бурхан багшийн адил нэгэн томоохон багшийг дурсан хүндэтгэл үзүүлж буй нь нэр төрийн хэрэг. Япон улс Азийн хамгийн өндөр түвшинд аж үйлдвэржсэн улс агаад бүрэн ардчилсан улс тул дэлхий дахинд чухал байр суурьтай билээ. Өнгөрөгч 3 дугаар сард болсон газар хөдлөлт, цунами, цөмийн зэвсгийн тун эмгэнэлт үйл явдлын зовлон шаналлыг та бүхний найз, буддын шашны сэтгэл нэгт ахан дүү болсон хүний хувьд хуваалцахыг хүссэн минь энд ирэх бас нэгэн шалтгаан болсон билээ” хэмээн учирлаж хэлэв.
Хоёр багш нараас голчлон залуучуудад хандаж ямар зөвлөгөө өдөг болоод зовлонгийн шалтгааны тухай асуултуудыг үзэгч олноос хуралджээ. Дээрхийн гэгээн үйлийн үрийн хуулийн талаар дахин дахин тайлбарлажээ. 17 настай нэгэн хөвүүн олон зүйлд сэтгэл чилээрхэж, зовнин буйгаа илэрхийлэхэд Дээрхийн гэгээн “Чи эрч хүчээр дүүрэн байгаа нь сайн хэрэг боловч туршлага арай бага байна. Тиймээс тэвчигтүн. Би ч бас чиний насанд бүх зүйлийг нэг дор засах гэж яардаг байлаа. Өөрийгөө болон өөрийн зовлонг бодохын оронд дэлхийг хэрхэн дээрдүүлэхэд анхааран бодоорой” хэмээн уриалав.
|
Дээрхийн гэгээн Далай ламаас асуулт асууж буй сонсогч... Япон улс, Коясан хот. 2011 оны 10 дугаар сарын 31. Гэрэл зургийг Кимимаса Маяама. |
“Евразийн эдийн засгийн хямралын гол шалтгаан нь хүмүүс хэт богино хугацааны ашиг бодож, урт хугацааны төлөвлөлтөд хангалттай анхаараагүйтэй холбоотой. Байгаль орчны хямрал ч мөн адил хүмүүсийн ой модоо тайрч, ирээдүй хойчийн сайн сайхны тухайд бодолцоогүйтэй холбоотой буй за. Бид дэлхий дахины түвшинд хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар бодох ёстой бөгөөд үнэн хэрэгтээ бидний аз жаргал, сайн сайхан амьдрал үүнээс л хамаарна.
Боловсрол цогц байх ёстой бөгөөд материаллаг ертөнц, оюун санааны амгаланг хослуулах нь энэрэл хайрыг бий болгох замаар хамаг амьтанд тустай зүйлийг зэрэгцүүлэн заах шаардлагатай. Хэрэв та Японд болсон газар хөдлөлтийн шалтгааныг хайж буй бол жижиг деталуудын цаадхыг харж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нийтлэг түвшний үйлийн үрийг ажиглах хэрэгтэй. Бараг бүх асуудал хүн төрөлхтнөөс үүдэлтэй нь тодорхой. Tэгэхээр хүн төрөлхтөн өөрөө шийдэж чадна гэсэн үг. Та бүхэн дайны үнс нурман дундаас шинэ улс босгож чадсан шүү дээ. Одоо материаллаг хөгжил хийгээд дотоод амгаланг хослуулан хөгжүүлдэг улс бүтээн байгуулахын тулд яг тэр л хүч, өөртөө итгэх итгэлийг дахин гаргаж ирэх ёстой юм шүү” хэмээн урмын үгсээр айлдвараа өндөрлөлөө.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










