Бангалор, Карнатака, Энэтхэг, 2014 оны 1-р сарын 6
Дээрхийн гэгээн Далай ламыг Христийн Их Сургуульд хүрэлцэн ирэхэд тус сургуулийн проректор Томас Матью түүнийг машинаас нь хүндэтгэн тосон, халуун дотноор угтан авч дотогш оров. Мөн түүнийг угтахаар оюутнууд үүд, хонгилд хуран цугласан байв. Дээрхийн гэгээн танхимд орохоосоо өмнө ректор, доктор Томас Айкара, хуучны танил, Католик сүмийн тэргүүн Базелиос Клеемис нартай уулзан товч ярилцлаа.
Христийн Их Сургуулийн найрал дууны хамтлаг Төрийн дуулал дуулахад, хүрэлцэн ирсэн бүх хүмүүс босож хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа нь тус сургуулийн бүжгийн хамтлагийн бүжигчид Энэтхэгийн сонгодог бүжгийн гайхалтай хурц, уран тансаг хөдөлгөөнтэй үзүүлбэрийг үзүүлэв. Дээрхийн гэгээн болон бусад шашны тэргүүнүүдийг тайзнаа урьж гэрэл асаах ёслол үйлдсэний дараа илтгэл тавих хүмүүс өөр өөрсдийн суудалд суулаа. Дээрхийн гэгээн Далай ламыг илтгэлээ тавихыг урихад, тэрээр уламжлал ёсоороо “Ахан дүүс ээ” хэмээн мэндчилэн, тэдэнтэй уулзах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлж яриагаа эхлүүлэв.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн Бангалор хотын Христийн Их Сургуульд болсон "Даяаршин буй дэлхий ертөнцийн ёс зүйн хил хязгаарыг тогтоох нь" сэдэвт бага хурлын эхэнд дуулсан Христийн Их Сургуулийн найрал дууны хамтлагийн гишүүдтэй мэндчилж байгаа нь … 2014 оны 1 сарын 6 Зургийг: Тэнзин Чойжор |
Би Хятад-Японы дайн дэгдэх гэж байх жил буюу 1935 онд төрсөн. Үүний дараа Европ даяар байдал хурцадсаар, эцэст нь Дэлхийн II дайн дэгдэж, Европоос гадна Африк, Азийн зарим хэсгийг ч сүйрүүлсэн юм. Дараа нь Солонгосын дайн болж илүү хүчтэй зэвсэг ашиглан олон цэргийн амь хохирч байв. Үүний араас Вьетнамын тасралтгүй үргэлжилсэн дайн болж байлаа. Зарим түүхчид ХХ зууны энэ дайн дажин, хүчирхийллээс болж 200 сая хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Энэ бүх дайн самуун эцэстээ дэлхийг илүү сайн газар болгосон бол үүнийг зөвтгөж болох байсан ч тийм зүйл болоогүй шүү дээ. Өнөөдөр Сири, Суданд болж байгаа дайн байлдааны улмаас эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшчүүл л зовж байна. Энэ бол ХХ зуунаас үлдсэн, аливаа асуудлыг хүчээр шийдэж болно, мөн дайснаа ялснаар амжилтад хүрнэ гэсэн хуучинсаг, үеэ өнгөрөөсөн бодол. Улс орнууд, хэсэг бүлгээрээ өөрөө өөрсдийн бүх хэрэгцээг хангаад бие даан амьдарч байсан үед энэ нь учир утгатай байсан байх. Харин одоо бид дэлхий даяараа нэг нэгнээсээ харилцан хамааралтай болсон тул дайтах нь ямар ч утгагүй юм.
Хүчирхийлэл зөвхөн гай зовлон, өвдөлт шаналлыг л авчирдаг. Гэтэл бидэнд зэвсэг үйлдвэрлэх зориулалтын үйлдвэрүүд байна. Бусдын амийг сүйтгэх зэвсэг үйлдвэрлэх нь хариуцлагатай бизнес мөн үү? Бид энэ зууныг энх тайвны зуун болгох талаар бодох ёсгүй гэж үү? Гэхдээ ингэж чадлаа ч гэсэн, асуудал гарахгүй гэсэн үг биш, гарах л болно. Хүн амын өсөлт, байгалийн нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт бидэнд бэрхшээл учруулна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бид хүчирхийллийг зогсоох ёстой юм. Зарим хүмүүс үл хүчирхийллийг сул доройн шинж гэж үздэг ч, Махатма Ганди, Нелсон Мандела, Мартин Лютер Кинг нар үүнийг үр дүнтэйгээр ашиглаж чадсан" хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн Бангалор хотын Христийн Их Сургуульд болсон "Даяаршин буй дэлхий ертөнцийн ёс зүйн хил хязгаарыг тогтоох нь" сэдэвт бага хурлын үеэр хүн төрөлхтний энэрэнгүй сэтгэл ба шашнаас ангид ёс зүйн ач холбогдлын тухай үг хэлж буй нь … 2014 оны 1 сарын 6 Зургийг: Тэнзин Чойжор |
Цааш нь тэрбээр, хүчирхийлэл, дайн дажинаар дүүрэн XX зууны дараа XXI зуун заавал яриа хэлэлцээр, ярилцлагын эрин болох ёстой юм. Үүнд ёс зүй маш чухал бөгөөд энэ нь хүний хийж буй бүх үйлдэлд хамаатай. Мөн хамгийн гол нь ёс зүй бол тансаг хэрэглээ биш, харин хүн төрөлхтний оршин тогтнохын амин чухал асуудал гэдгийг онцоллоо. Шинжлэх ухаан гайхалтай ололт амжилт гаргасан ч, түүний бүтээсэн цөмийн болон химийн зэвсэг шиг асар их хор хөнөөлтэй зүйлс бас бий. Энэ бол эрдэмтэд ёс зүйг баримтлах хэрэгтэй байгаагийн шинж аж.
Бидний хийж буй үйлдэл сайн уу, муу юу гэдэг нь тухайн үйлдлийг хийхэд нөлөөлсөн сэтгэл хөдлөлөөс хамаарна. Хэрэв бид бусдыг бодож, энэрэнгүй сэтгэлээр үйлдэл хийвэл энэ нь сайн. Харин зөвхөн өөрийн эрх ашигт л төвлөрөөд байвал бусдыг мөлжих, залилан мэхлэх, хуурах, хорлох, дээрэлхэх, бүр хөнөөхийг хүснэ. Үүнээс яаж сэргийлж чадах вэ? Иймд ёс зүйн гол асуудал нь бидний тархи, сэтгэл хөдлөлтэй холбоотой юм.
Аливаа зүйл хүн төрөлхтөнд тустай байх, эс бөгөөс хор хөнөөлтэй байх эсэх нь тухайн зүйлийг хэрхэн ашиглаж буй ёс зүйгээс ихээхэн хамаарна. Шашин нь энх тайвны эх ундарга байх ёстой хэдий ч, зөрчилдөөн, мөргөлдөөний шалтгаан болж болдог. Үүнийг католик ба протестант, суннит ба шийт, буддист ба мусульман шашны урсгалууд болон бүлэг хоорондын зөрчил, маргаан баталж байна.
"Энэ өдрүүдэд шашны хүмүүс хүртэл авлигад автсан юм шиг харагдаад байна" гэж Далай лам хошигнолоо. Германы нэгэн хамба ламын тансаг амьдралыг пап лам зэмлэж байсан тухай дурдаад, "Заримдаа шашны хүмүүст ч гэсэн удирдан чиглүүлэх ёс зүй дутагдаж байна" гэв. Тэрээр Мексикийн Папын Их Сургуульд зочлохдоо "Бид дээл, орхимжоо өмссөн үедээ л шашинлаг байхаас бус энэ хувцсаа өлгүүрт өлгөчихөөрөө тийм биш байдаг юм биш биз дээ?" гэж бодож байсан тухайгаа хэлсэн юм. Шашин шүтэх нь хувь хүний сонголт, гэхдээ хэрэв шүтэхээр шийдсэн бол чин сэтгэлээсээ л байх ёстой. Шашны хүмүүс ёс зүйгүй байна гэдэг нь аймшигтай зүйл бөгөөд энэ нь шашны уламжлалд хүртэл хор хөнөөл учруулах эрсдэлтэй юм.
Төвөдөд байхдаа би буддын шашин л хамгийн шилдэг нь гэж боддог байлаа. Гэвч би гадагшаа аялж, бусад шашны сүсэгтнүүдтэй уулзаж, тэднийг таньж мэдсэнээр, бусад шашныг бишрэн хүндэтгэх сэтгэл төрсөн юм. Олон зуун жилийн турш христийн шашнаас ашиг тус хүртсээр ирсэн ард түмэн үй олон байдгийг мэдэж авсан. Мөн христийн шашинт ахан дүүс өөрсдийн итгэл үнэмшилдээ тулгуурлан дэлхий даяар боловсролд оруулсан асар их хувь нэмрийг ойлгож, тэднийг хүлээн зөвшөөрсөн дөө."
|
| Зураг. Энэтхэгийн Бангалор хотын Христийн Их Сургуульд болсон "Даяаршин буй дэлхий ертөнцийн ёс зүйн хил хязгаарыг тогтоох нь" сэдэвт бага хурлын нээлтийн үеэр Дээрхийн гэгээн Далай ламын яриаг сонсож буй хүмүүс … 2014 оны 1 сарын 6 Зургийг: Тэнзин Чойжор |
Хувь хүний түвшинд "нэг үнэн, нэг шашин" гэсэн итгэл үнэмшил үнэн хэвээр байгаа хэдий ч, олон нийтийн түвшинд бидэнд олон үнэн, олон шашин гэсэн бодит байдал оршин тогтнож байна. Бүх шашны уламжлал хайр, энэрэх сэтгэл, хүлээн зөвшөөрөх, уучлал болон хувийн сахилга батыг сургадгаараа нийтлэг. Гэхдээ энэхүү олон ургалч байдал, олон янзын итгэл үнэмшлийн улмаас, аль нэг шашин хичнээн сайн байсан ч аль нь ч, хэзээ ч бүх нийтийн шашин болж чадахгүй юм. Өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүний 1 тэрбум нь өөрсдийгөө шашингүй үзэлтэн гэж үздэг тухай би уншиж байсан юм. Үнэнийг хэлэхэд үлдсэн 6 тэрбум шашин шүтдэг хүн зоны олонх нь шашнаа үнэн сэтгэлээсээ шүтдэггүй байх магадлалтай. Нэгэнт ийм олон хүн шашны нөлөөнд нэгэн зэрэг орох боломжгүй байгаа тул шашнаас ангид ёс зүйн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Энэтхэгт "шашнаас ангид" гэсэн үг нь шашныг үгүйсгэх утга агуулаагүй, харин шашин шүтдэг болон шүтдэггүй бүх хүнийг эрх тэгш хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх утгатай юм.
Дээрхийн гэгээн Далай лам шашин шүтдэггүй ч ёс зүйтэй байх хэрэгтэйд итгэдэг эрдэмтэдтэй санал бодлоо солилцсон тухайгаа ярив. Зарим эрдэмтэн ёс зүйтэй хандлага нь хүний ерөнхий сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлдгийг судалсан байна. Хувиа хичээх нь айдас, ганцаардал, үл итгэх байдал зэрэг таагүй зүйлд хүргэдэг. Харин энэрэнгүй, дулаан сэтгэлтэй байх нь хүнийг өөртөө итгэлтэй болгож, амьдралын сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг. Энэ бүхэн нь дараа төрөл, диваажингийн тухай яриа биш, харин яг одоо, энэ амьдралдаа хэрхэн сайн сайхан байх тухай юм.
Дээрхийн гэгээнд төгсгөлд нь “Дэлхийн эдийн засгаас болж та бидний энэ ертөнц нэгдэж байна. Үүнийг дагаад бид хүний оршихуйн нийтлэг үнэт зүйлсийн мэдрэмжтэй байх шаардлагатай нүүр тулж байна.
Аливаад бодитой, үнэнч, шударга ханддаг хүн бол хэнтэй ч харилцаж чадна.
Шашнаас ангид ёс зүй нь шашныг эсэргүүцдэггүй, харин шашин шүтдэг болон шүтдэггүй хүмүүсийг бүгдийг нь эрх тэгш хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Бид бусдыг өөр шигээ л адил хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг агаад тэд бүгд энэ зорилгоо биелүүлэх эрхтэй шүү дээ. Ийм учраас 7 тэрбумд хүрсэн хүн төрөлхтөн бидэнд шашнаас ангид ёс зүйг хэрэгжүүлэх хэрэгцээ бий” хэмээн айлдвараа өндөрлөлөө.
Орчуулсан С.Баярмаа










