Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех хот – Дээрхийн гэгээн Далай ламын 82 насны ойн баяр уламжлалт ёс заншлын түүний өргөөнд шадар туслахууд болон ажилтнууд цуглан тусгай ном уншлага үйлдсэнээр эхэллээ. Дараа нь Дээрхийн гэгээн Шивацел талбай дахь номын асарт морилов.

Хаалган дээр тэрээр баярын мэнд хүргэхээр ирсэн Энэтхэг, Европ хүмүүстэй таарч, тэдэнтэй хүмүүсийн сэтгэлийг зовоож буй сөрөг сэтгэл хөдлөлөө дарж, илүү амар амгалантай дэлхий ертөнцийг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй талаар ярилцахаар түр саатав. Үүнийг хэрхэн хийх тухай тодорхой сургаал, зөвлөгөө эртний Энэтхэгийн мэдлэг ухаанд байдаг бөгөөд одоо түүнийг сэргээх цаг нь ирсэн гэдгийг тэдэнд айлдав.
Номын индэр дээр гарахдаа Дээрхийн гэгээн цугласан олон түмэнтэй мэндчилж, дэлхийн өнцөг булан бүрт буй олон найз нөхөд нь түүний төрсөн өдрийг тэмдэглэж байгааг хэлээд "энэхүү нөхөрлөлийн сэтгэлээр өнөөдөр энд цугласан та бүхэнд талархсанаа илэрхийлье" гэв. Сэнтийдээ залраад тэрээр Цагаан дарь эх бурханы чин хүсэлт хүрд номын зан үйлийн дагуу насны авшиг (Бат оршил) өргөж байгааг тайлбарлаад, өөрийн зүгээс ч урт наслахын ерөөл тавих болно гэв.
Хурлын үеэр Тиксэй ринбүүчий мандал өргөж, Гандан хийдийн ширээт хамба асан Ризон ринбүүчий Дорж ловонгийн үүрэг гүйцэтгэв. Бат оршил өргөх ёслолын төгсгөлд цугласан олны дундах тавцан дээр Нгарипа үндэсний хувцастай төвөдүүд "Дээрхийн гэгээн Далай лам байгаа цагт Цастын орны Буддизм доройтохгүй" гэсэн утгатай төпа дуу дуулж сонирхуулав. Дараа нь өлзий хутгийн ерөөл өргөв.

Түр завсарласны дараа баяр үргэлжиллээ. Дээрхийн гэгээн индрийн урд хэсэгт бууж ирэн, зочидтой мэндчилээд суудалдаа тухлав. Төвөдийн болон Энэтхэгийн төрийн дуулал эгшиглэхэд бүгд босож хүндэтгэл үзүүлэв.
Ладакын буддистүүдийн холбооны ерөнхийлөгч Тинлес Цэвээн Дээрхийн гэгээнийг морилон ирсэнд талархал илэрхийлэн, мэндчилгээ дэвшүүлж, баярын бэлэг бариад, цугласан бүх хүмүүс түүнийг урт удаан наслахыг ерөөж буйг уламжлав. Дараа нь баярын бялуу зүсэж зочдод түгээв.
Төвөдийн цөллөгийн парламентын дарга Кэнпо Соном Тэнпэл Дээрхийн гэгээн, Гандан хийдийн ширээт хамба асан болон Ладакын өөрөө удирдах уулын хөгжлийн зөвлөл (LAHDC)-ийн ерөнхийлөгч болон бусад зочдод хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Дээрхийн гэгээнийг төвөдийн тооллоор 1935 оны 5-р сарын 5-нд мэндэлснийг дурдаж, түүний ач энэрлийг хариулж баршгүй бөгөөд 16 насандаа агуу 5-р Далай ламын тогтоосон уламжлалын дагуу Төвөдийн шашин, төрийн хэргийг хариуцан авч байсан, мөн 1959 онд дүрвэснийхээ дараа Төвөдийн нийгэмлэгийнхний дунд ардчиллыг хэрхэн нэвтрүүлсэн тухай дурсав. Тэрээр нийт төвөдүүдийн өмнөөс түүнд талархал илэрхийлж, түүний зөвлөгөөг үргэлж дагах болно гэдгээ батлан хэлэв.

Парламентын дарга Хятадын Төвөд дэх бодлого хатуу ширүүн хэвээр байгааг, олон төвөд хүмүүс эрх чөлөөний төлөө амиа золиосолсныг тэмдэглэв. Тэрээр: "Тэдний дарангуйллыг бууруулах, Төвөдийн унаган байгалийг сүйтгэж буй уул уурхайн хайхрамжгүй үйл ажиллагааг зогсоохын тулд Хятадад шахалт үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж байна. Европын парламент тухайлбал, Хятадын эрх баригчдад хандан Дээрхийн гэгээний төлөөлөгчидтэй яриа хэлэлцээгээ дахин хийхийг уриалсан. Бид 58 жил цөллөгт амьдарлаа. Дээрхийн гэгээн таны ач ивээлд талархахын хамт урт удаан наслах болтугай" хэмээн ерөөв.
Соёлын хөтөлбөрөөр Лех хотын төвөд хүүхдийн тосгоны (TCV) сурагчид, дараа нь ладак охидын хамтлаг дуулж бүжиглэн үзүүлбэр үзүүлэв.

Дараа нь Ладакын өөрөө удирдах уулын хөгжлийн зөвлөл (LAHDC)-ийн гүйцэтгэх дарга доктор Соном Даваа үг хэлэв. Тэрээр зөвлөлийн нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнд гоёмсог зэс гүц бэлэглэж, орчлонгийн эцэс хүртэл урт наслахыг ерөөв. Дээрхийн гэгээнийг Ладакт айлчлах бүрт ард түмэн түүний сургаалийг сонсож, бусдад туслахын төлөө чадах бүхнээ хийх болохыг тэрээр батлан хэллээ.
Үүний дараа үндэсний хувцастай занскар эмэгтэйчүүд, дараа нь төвөд эмэгтэйчүүд дуулж бүжиглэв.
Төвөдийн засгийн газрын тэргүүн (Сикьонг) доктор Лувсан Сангай үгийнхээ эхэнд Дээрхийн гэгээн болон бусад хүндэт зочдод хүндэтгэл үзүүлэв. Дээрхийн гэгээн 16 насандаа Төвөдийн гурван мужийн ард түмний хүсэлтээр улс орны хариуцлагыг хэрхэн хүлээн авч байсныг тэрээр мөн дурсав. 23 насандаа цөллөгт ирээд түүний хийсэн анхны алхмуудын нэг нь төвөд хүүхдүүдэд зориулан сургууль байгуулсан явдал байв. Энэ ажил амжилттай хэрэгжсэний илрэл нь төвөдүүдийн 94 хувь нь бичиг үсэгт тайлагдсан бөгөөд Хятад, Энэтхэг, Пакистан, Бангладеш улсуудтай харьцуулбал түрүүлж байна гэв.

"Талийгаач Банчин ринбүүчий өөрийн 70,000 тэмдэгт бүхий өргөх бичигтээ дурдсанчлан Хятадын коммунистууд Төвөдийн сүм хийд, шашны байгууллагуудыг устган, Төвөдийн өвөрмөц онцлог, Буддын шашны уламжлалыг үгүй хийхийг оролдсон. Тэд өөрсдийгөө ялсан гэж бодсон боловч Дээрхийн гэгээний ач ивээлээр Төвөдөд хадгалагдан үлдсэн Наландрын хийдийн уламжлал улам цэцэглэн хөгжсөөр байна. Дэлхий даяар хүмүүс үүнийг мэддэг болж, орчин үеийн эрдэмтэд хүртэл сонирхох боллоо. Бид хэдийгээр эх орноо алдсан ч Дээрхийн гэгээн олон улсын олон удирдагчтай уулзаж, Төвөдийн асуудлыг тэдэнд таниулсан билээ. Өнөөдөр бид Дээрхийн гэгээний өлмий бат оршихыг залбирахаас гадна түүний сургаал айлдварыг ажил хэрэг болгох шийдвэр төгс байгаагаа дахин нотлох ёстой."
"Төвөд болон Хятадын ард түмэнд харилцан ашигтай байх бидний баримталдаг "Дунд зам мөр"-ийн бодлогын ач холбогдлыг БНХАУ тунгаан үзнэ гэдэгт би найдаж байна. Дээрхийн гэгээн Далай лам бол даян дэлхийн итгэл найдварын гэрэл гэгээ, Төвөдийн ард түмний амин сүнс билээ. Таны өлмий бат орших болтугай."
Дараа нь Друк Пема Карпо сургуулийн хүүхдүүд дуулж бүжиглэв. Тэдний үзүүлбэрийг маш сайн англи хэлээр танилцуулсан сурагч энэхүү баярт оролцож байгаадаа "хязгааргүй их баяртай" байгаагаа илэрхийлэв.
Дээрхийн гэгээний зүгээс нэн чухал ач холбогдол өгдөг урт хугацааны хэд хэдэн төслөөс амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь "Энэтхэгийн Буддын сонгодог зохиол дахь шинжлэх ухаан ба гүн ухаан" номын хоёр ботийг хятад хэлнээ орчуулж олны хүртээл болгосон явдал байлаа. Дээрхийн гэгээний санаачилгаар Ганжуур, Данжуурын Буддын шинжлэх ухаан, гүн ухаантай холбоотой ботиудыг эмхэтгэн төвөд хэлээр хэвлүүлсэн юм. Энэ хоёр боть нь бусад хэл рүү тогтмол орчуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр хятад хэл дээр хэвлэгдэн гарч байгаа нь түүхэн чухал үйл явдал боллоо.

Дээрхийн гэгээн босож, хуран цугласан 20,000 гаруй хүнд хандан үг хэллээ.
"Өнөөдөр бид энд миний олон ном сургаал хүртсэн багш Гандан Тризүр/Гандан хийдийн ширээт хамба асан Ринбүүчий, гэвш нар болон Төвөдийн ард түмний ардчилсан удирдагч Сикьонг/ЗГ-ын тэргүүн нарын хамт байж байна. Цөллөгт ирээд бид парламент байгуулсан бөгөөд парламентын дарга маань энд ирсэн байна. Мөн ЛӨУУХЗ (LAHDC)-ийн гүйцэтгэх дарга, нутгийн лалын шашинт анд нөхөд, олон нийтийн төлөөлөл, олон сурагч хүүхдүүдийг энд харах таатай байна. Та бүхний залуу сайхан царайг харах нь надад баяр бахдалтай төдийгүй бас залуужсан мэт сэтгэгдэл төрүүлж байна."
"Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй, үргэлж урагшилж байдаг. Өнгөрсөн бол өнгөрсөн, бид түүнийг өөрчилж чадахгүй. Харин бид түүнээс суралцаж чадна. Ирээдүй бол одоо цагаас хамаарна. Бидний ирээдүй залуу үеийнхний гарт бий. Өнөөдөр залуу байгаа та бүхэн өөрт заяагдсан хүний сайн сайхан зан чанаруудаа оюун ухаан, халуун дулаан сэтгэлтэй хослуулан илүү аз жаргалтай дэлхийг бүтээх хэрэгтэй. Энэ боломжтой зүйл боловч хичээл зүтгэл шаардана."
"Миний 82 насны ой тохиож буй энэ өдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд гялайлаа. Та бүхэн чин ариун сүсэг бишрэлээр Насны авшиг (Бат оршил) өргөсөнд талархаж байна. Өнөөдрийн бас нэгэн тэмдэглүүштэй үйл явдал бол "Энэтхэгийн Буддын сонгодог зохиол дахь шинжлэх ухаан ба гүн ухаан" хоёр боть номын хятад хэвлэл гарсан явдал байлаа. Ганжуур, Данжуурын судар бичгүүдийн агуулгыг шинжлэх ухаан, гүн ухаан, шашин гэж ангилж болно. Шашны ном судар нь зөвхөн Буддистуудад хамаатай байж болох ч, сэтгэлийг шинжлэх ухаан, юмсын гадаад үзэгдэх байдал болон бодит мөн чанарын тухай гүн ухааны хэлэлцүүлгүүд, Наландрын уламжлалд хадгалагдаж ирсэн мэдлэг нь сонирхсон хэн бүхэнд сургамжтай байх болно."

"Хятад улс эртнээс Буддын шашинтай орон байсан боловч Төвөдийн нэгэн адил тэнд Буддизмыг устгасан. Гэвч хүмүүсийн оюун санаанд хадгалагдсаар ирсэн. Өнөөдөр Хятадад Бурханы шашнаас гадна христийн болон лалын шашныг сонирхох сонирхол сэргэж байна. Дэлхийн 200 орчим улс орноос Хятад улс 400 сая гаруй Буддисттай гэдгээрээ дэлхийн хамгийн олон Буддын шашинтай хүн амтай улс болжээ. Энэхүү ном хэвлэгдсэн нь Хятадын ард түмэнд ач тусаа өгөх нь дамжиггүй. Миний багаасаа таньдаг байсан орчуулагч Жамъян Ринчинд хичээл зүтгэл гаргасанд талархал илэрхийлье."
"Та бүхэн өнөөдөр надад чин сүсэг бишрэл, хүндэтгэл үзүүлж байгаад би талархаж байна. Төвөдөд байгаа олон хүн та бүхний адил итгэл сүсэгтэй ч энэ сэтгэлээ дотроо хадгалахаас өөр аргагүй байдаг. Та бүхэн хэрвээ намайг мэддэг бол миний юу бодож, юунд хүрэхийг зорьж байгааг мэдэх байх. Миний зорьж буй энэ үйл хэрэг танд зөв зүйтэй санагдвал боломжтой газраа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Би өөрийгөө өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний л нэг гэж үздэг. Тэдний нэгэн адил би ч бас аз жаргалыг хүсдэг. Орчин үеийн эрдэмтэд хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй сэтгэл байдаг гэж үздэг тул бид сөрөг сэтгэл хөдлөлдөө автахын муу үр дагаврыг ухамсарлаж, гэр бүл, нийгэм, дэлхий ертөнцөө илүү аз жаргалтай, амар амгалан болгохын тулд илүү энэрэнгүй байхыг хичээх хэрэгтэй. Миний эхний үүрэг амлалт бол илүү энэрэнгүй дэлхий ертөнцийг бий болгох явдал юм."
"Бурханы шашинтан хүний хувьд бидэнд олон шашны уламжлал байгааг харж байна. Зарим нь бүтээгч эзэн байгаа гэж үзэж байхад зарим нь байхгүй гэж үзэх жишээний. Бүтээгч эзэн тэнгэрт итгэдэггүй уламжлалуудын дунд бие даасан "би"-г хүлээн зөвшөөрдөг болон үгүйсгэдэг урсгалууд бий. Гэсэн хэдий ч эдгээр бүх уламжлал нь хайр, энэрэл, хүлээцтэй байдал, сэтгэл хангалуун байх, хувийн сахилга батын тухай нийтлэг мэдлэгийг түгээдэг. Гүн ухааны ойлголтын хувьд эдгээр уламжлал зөрүүтэй ч бүгдээрээ хайр, энэрлийг түгээн дэлгэрүүлэх нийтлэг зорилготой байдаг."

"Төвөдөд бид бүгдээрээ Бурхан багшийн сургаалийг дагадаг ч манай урсгалуудын хооронд санал зөрөлдөөн байсан. Гэхдээ тэд бүгд Наландрын уламжлалыг дагадаг. Энэ эсвэл тэр уламжлалыг ялгаварлан гадуурхах нь мунхагийн шинж юм. Бага хөлгөн (Хинаяна) байхгүй бол Их хөлгөн (Махаяна) оршин тогтнохгүй. Би бээр үүнийг Пали уламжлал болон Санскрит уламжлал хэмээн нэрлэхийг илүүд үздэг. Тиймээс миний хоёр дахь үүрэг амлалт бол шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө ажиллах явдал юм."
Дээрхийн гэгээн цааш үргэлжлүүлэн, цөллөгт байгаа 150,000 төвөд хүн цөөхүүлээ, харин зургаан сая төвөдүүдийн дийлэнх нь Төвөдөд байгаа ч Наландрын уламжлалыг амьд байлгах үүрэг хариуцлага цөллөгт байгаа бидэнд ногдож байна гэв. Энэ уламжлал нь зөвхөн ном сударт ингэж бичсэн хэмээн найдахаас илүүтэй учир шалтгааны ухаан, билиг билгүүнийг чухалчилдгийг тэрээр онцлов. Наландрын уламжлал нь шинжлэх ухааны адил туршилт, нотолгоонд суурилдаг. Наландрын их сургууль устгагдсанаар Энэтхэгт энэ уламжлал тасарч, Төвөдөд хадгалагдан үлдсэнийг тэрээр тэмдэглэв. Үүний үр дүнд өнөөдөр энэхүү баялаг гүн ухааны уламжлалыг хамгийн оновчтой тайлбарлахад тохирох хэл нь төвөд хэл болжээ. Дээрхийн гэгээн энэхүү өв уламжлал нь Төвөдүүдийн бахархах зүйл мөн гэдгийг дурдаад, өнөөдөр Хятадад Төвөдийн Буддизмын сургаалыг хүндэтгэх хандлага өсөж байгааг нэмж хэлэв.
"Гэсэн хэдий ч Ладакын ахан дүүс болоод эрх чөлөөтэй амьдарч буй бид бүгд нарийн судалгаа шинжилгээ хийх замаар өөрсдийн уламжлал, шинжлэх ухаан, гүн ухааны ойлголт, учир шалтгааны болон шинжлэх оюунаа амьд байлгахын төлөө хүчин чармайлт гаргах үүрэгтэй. Баярлалаа."
Ладакын Буддистүүдийн холбооны нэрийн өмнөөс Ерөнхий төлөөлөгч талархлын үг хэлэв. Тэрээр Дээрхийн гэгээн 82 нас сүүдэр зооглосны баярын мэнд дахин хүргээд, Ладакын ард түмэнтэй хамт баяраа тэмдэглэхээр ирсэнд, мөн өргөсөн Бат оршилыг хүлээн авсанд дахин талархал илэрхийлэв. Энэ өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлээд, Дээрхийн гэгээний эрхэм зорилго аяндаа бүтэх болтугай хэмээн ерөөснөөр өндөрлөв.
Дээрхийн гэгээн Шивацел ордон руугаа буцаж, уригдсан зочдын хамт зоог барив.










