Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин хийд – Наран хурц ээсэн өвлийн энэ өдөр Дээрхийн гэгээн Далай лам өргөөнөөсөө Намжал дацангийн Зүглэгхан дуганд мориллоо. Богд Зонховын дүйчэн өдрийг тэмдэглэхээр 3500 хүн цугласан байв. Тэрбээр сүмийн хашаанд цугласан хүмүүстэй инээмсэглэн, гар даллан мэндчилж байв.

Дээрхийн гэгээн Бурхан багшийн сэрэг дүр, ламын чодовын буяны чуулганы орныг дүрсэлсэн том танка зургийн урдаас харсан сэнтийдээ залрав. Түүний баруун талд Линг ринбүүчи, Намжал хийдийн ловон, зүүн талд нь Намжал хийдийн хамба лам, Сэра-мэ хийдийн өмнөх хамба лам нар суудлаа эзэлсэн байв.
Өнөөдрийн ёслол Гурван үест залбирлаар эхэлж, ламын чодов, мандал өргөх залбирал, бодьсадвын болон тарнийн санваар сэргээх, унал наманчлах залбирал, Зонхов багшийн магтаал мэгзимээр үргэлжлэв.
Дараа нь Жамьяан Чойжэгийн зохиосон “Богд Зонховын нууц намтар”, “Дорнод уулын оргилоос” хэмээх магтаал, VII Далай ламын зохиосон Богд Зонховыг өөрийн багштай ялгалгүй нэгэн мөн чанартай хэмээн бясалгах багшийг тахихуйн залбирлыг уншлаа.

Цог өргөх зан үйл үйлдсэний дараа "Хаврын хатан" дууг дуулав. Үүний дараа ламын чодов хурал үргэлжилж, ламримаас уншлаа.
Санлуй, Хэрүга, Ямандаг, Дүйнхор бурхдын магтаал, Манзушир бурхны алдрыг дуудах залбирлыг түргэн уншлаа. Тэдгээрийн араас Санлуй, Хэрүга, Ямандаг, Дүйнхор бурхдын ерөөл уншив.
Ламын чодов уншсаны дараа Ямандаг бурхны залбирал, Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон өлмий бататгах залбирал, "Үнэний үгс" болон Ерөөлийн хаан залбирал зэргийг уншлаа.

Төгсгөлд нь "Богд Зонховын шашин дэлгэрэхийн ерөөл", Дилго Хиенцэг ринбүүчийн хүсэлтээр Дээрхийн гэгээний зохиосон "Хоосон чанар, бодь сэтгэлийг хослуулсан мөрийг тодруулагч" хэмээх залбирал, V Далай ламын зохиосон залбирал уншив.
Дээрхийн гэгээн сэнтийгээсээ босож, дуган доторх лам хуврагуудыг хэсэг зуур баяртай харцаар тойруулан харснаа, гар даллав. Хурлын унзад лам цугласан олныг удирдан Зонхов багшийн магтаал болох мэгзэм уншиж байх зуур Дээрхийн гэгээн сүмээс гарч, инээмсэглэн, гараа далласаар цахилгаан шат руу алхлаа. Сүмийн хашааны захад тэрээр гольфын тэргэнд өргөө рүүгээ буцан мориллоо.
Орчуулсан Б.Ганчимэг










