Энэтхэг, Мундгод, Карнатака, 2008 оны 1 дүгээр сарын 4 (tibet.net) - Дээрхийн гэгээн Өмнөд Энэтхэгийн Хойд Каннара мужийн төвөд иргэдийн суурьшлын бүс Догулинг хотод морилон ирэх үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянга мянган төвөд иргэн, сүсэгтэн олон хадаг, хүж өргөн, ёслол төгөлдөр угтан авлаа. Төвөдийн Төв Захиргааны дээд албаны хүмүүс, үүнд шүүхийн бүрэн эрхт чөлөөлөгч, Төвөдийн цагаачлалын парламентын дарга Трипа Самдон ринбүүчи сайд, сүм хийдийн тэргүүд, Өмнөд Энэтхэгийн ерөнхий төлөөлөгч, Гандан, Сэра, Бэрээвэн хийдийн хамба лам нар, Догулин хотын дүрвэгчдийн суурьшлын ажилтан, Энэтхэг, Төвөдийн найрамдлын нийгэмлэгийн гишүүд Хубли нисэх онгоцны буудалд Дээрхийн гэгээнийг угтан авахаар ирсэн байв.
Хойд Каннара мужийн дэд дарга Муниш Мудгил, цагдаагийн дарга Н.Шивапрасад нар тус мужийн захиргааг төлөөлөн Дээрхийн гэгээнийг угтан авлаа. Дээрхийн гэгээн нисэх онгоцны буудалд хуран цугласан хэвлэл мэдээллийнхэнд хандан, төвөдүүд 1960-аад онд тус бүс нутагт суурьшсанаас хойш тус мужийн засаг захиргаа болоод ард иргэд төвөд иргэдэд туслалцаа дэмжлэг үзүүлж буйд талархлаа илэрхийллээ. Дээрхийн гэгээн цааш "Сүүлийн 45 жилд Энэтхэгийн Засгийн Газраас үзүүлсэн дэмжлэгээр бид төвөдийн бурхны шашин, соёл уламжлалыг хадгалахын тулд хөдөө аж ахуйд тулгуурласан суурин болоод сургалт судалгааны төвүүдийг байгуулж чадсан билээ" хэмээв.
Удаах өглөөний 800 цагт кабинетийн гишүүд Дээрхийн гэгээнтэй хамт сүсэгтэн олонтой уулзав. Төвөдийн Төв Захиргааны хүсэлтээр Дээрхийн гэгээн Бэрээвэн хийдэд Жамбал Цанжид судрыг тайлбарлан айлджээ. Айлдварын өмнө төвөд зон олонд болон даян дэлхийд хувь нэмэр оруулсан Дээрхийн гэгээний агуу үйлсийг талархан сайшааж буйгаа илэрхийлж, Төвөдийн Төв Захиргааны албаныхан, түүн дундаа Хууль зүйн комиссар, Хилийн чанад дахь төвөд иргэдийн парламентын дарга Калон Трипа, кабинетын сайд, парламентын гишүүд, сайдын албыг хашиж байсан төрийн зүтгэлтнүүд сайн сайхныг бэлгэдэн, өргөл өргөв. Өчигдөр Дарамсала хотноо 300 гаруй төвөд иргэн Зүглагхан дуганд цугларч, Дээрхийн гэгээнд бат оршил өргөх ёслолын зохион байгуулжээ. Төвөдийн Төв Захиргааны албаныхан ёслолд оролцсон билээ.
Үдээс хойш Мэдээлэл, Олон улсын харилцааны хэлтсийн дарга Кесанг И Такла сайд Австралид төвтэй Төвөдийн захиргааны салбарын албан ёсны вэбсайтыг нээлээ. Дээрхийн гэгээн 1 дүгээр сарын 7-ны өдөр Бэрээвэн Лосэлинг хийдийн хурлын танхимыг нээх ёслолд оролцож үг хэлнэ. Дараагийн өдрүүдэд буюу 1 дүгээр сарын 8-наас 13-ны хооронд тус хийдэд ном айлдана. Мөн 1 дүгээр сарын 14-ний өглөө Дээрхийн гэгээн насны авшиг хайрлах бөгөөд дараа нь Дээрхийн гэгээнд бат оршил өргөнө.
|










