Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин хийд – Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай ламыг хүрэлцэн ирэхэд, өнөөдрийн ёслолыг зохион байгуулагч төлөөлөгчид хүндэтгэн угтлаа. Тэд Төвөд эмэгтэйчүүдийн холбоо, Далхаузи хотын төвөд сургуулийн төгсөгчид, Лхас болон түүний ойр орчмын бүс нутгаас ирсэн иргэдийг төлөөлж буй юм. Төлөөлөгчид Дээрхийн гэгээнтнийг дуган руу залахад бүрээ бишгүүр үлээх лам нар замчлан явлаа.

Дуганы багана, дам нурууг өнгө өнгийн даавуугаар ороож, зуун наст цэцгийн хэлхээгээр чимэглэсэн байв. Хаалганаас дуганы үүд хүртэл Дээрхийн гэгээнд зориулж улаан хивс дэвсэж, зуун настын дэлбээ цацсан байв.
Дээрхийн гэгээнийг машинд суун өнгөрөхөд замын хоёр талаар гоёмсог хувцастай эмэгтэйчүүд эгнэн зогсож, дуу дуулж байв. Дуганы өмнө бүжигчид түүнийг угтан аз жаргал, баяр баясгаланг бэлгэдсэн цоглог бүжиг бүжиглэж байлаа. Дээрхийн гэгээнд уламжлалт чамар хэмээх (чема-чангпү) хүндэтгэлийн идээ барихад тэрбээр хэдэн ширхэг үр тариаг агаарт цацаж, арвай гурилаас атган авч, нэрмэл дарс, сүүтэй аяганд хуруугаа дүрэн ёслов.
Дээрхийн гэгээн дуганыг тойрон алхаж, ойр ойрхон зогсосхийн цугласан олны заримтай нь ярилцан, тэдний өргөсөн эрихийг адисалж байв. Заншсан ёсоороо тэрбээр цугласан олон сүсэгтэн рүү инээмсэглэн, гар даллав.

Дээрхийн гэгээн нь дуганы хойморт малгарын цэцгийн хэлхээгээр гоёмсгоор чимэглэсэн сэнтийдээ заларлаа. Тэрбээр шар бандида малгайгаа асааж, өнөөдрийн ёслолын тэргүүлэн хөтлөгч лам хүндэт Самдонг ринбүүчийн мэндчилгээг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Намжал дацангийн ловон Лувсан Даржай, Бари ринбүүчи нар уг ёслолд оролцохоор суудлаа эзэлжээ.
Хуралд хүрэлцэн ирсэн зочдод цай, талх, амтат будаа түгээлээ.
Өнөөдрийн ёслолыг V Далай ламын туурвисан "Үхэлгүй мөнхийн увдисыг хайрлагч" хэмээх хөтөлбөрийн дагуу үйлдэх юм. V Далай лам бээр өөрийн багш Бадамжунайг Аюуш бурхны дүрээр үзээд үүнийг зохиосон гэдэг. Эл ёсоор багшийн найман дүр, Ишэ Чойжол Хандамааг дуудан залбирах үйл хийв. Ёслолын үйл ажиллагааны гол хэсгүүдэд Дээрхийн гэгээн толгойдоо улаан бандида малгайг асаав.

Ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай ламын 1970-аад онд зохиосон, арван хоёр Тэнма (Төвдийн 12 нутгийн сахиус)-г багтаасан номын сахиусуудыг дуудсан залбирлыг уншлаа. Самдон ринбүүчи, Төвөд эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нар Дээрхийн гэгээнд мөргөл үйлдэн урт наслахыг хүсэн мандал өргөв. Үүний дараа Дээрхийн гэгээнд урт насны рашаан, урт насны эм, торгон далбаагаар гоёсон урт насны сум, мөн амарлиулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйлийг бэлгэдсэн тахилын идээ (бал бурам) зэргийг өргөв. Мөн түүнчлэн найман өлзийт тахил, долоон эрдэнэ, найман өлзийт зай зэргийг өрсөн царыг өргөн барив.
Дээрхийн гэгээнд өргөх зүйлсийг барьсан хүмүүс дуганы голоор нэг эгнээ болон жагсжээ.

Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон Далай ламын өлмий бататгах ерөөлийг уншив.
Завсарлагаагаар төвөд сүсэгтэн олон өвөг дээдсийнхээ үр удам болохоо илэрхийлсэн утгатай дуу дууллаа. Энэ дуу сайны хувь ерөөл, урьдын тавьсан ерөөлийн хүчээр Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай байж, түүний ивээлээр Цастын орны ард иргэд болон төрсөн хэмээх утгатай ажээ. Мөн цааш нь Цастын оронд мэндэлж, дэлхийн энх тайвны түүчээ болсон Дээрхийн гэгээнийг магтсан дуулсан дуу ажээ.

Тэд "Дээрхийн гэгээн Далай лам Гялва Данзанжамц танаа бид талархал өргөж байна. Та бат номын ёсоор энх тунх оршиж, урт насалж хайрла. Та бол төвөд ард түмнийг ивээгч мандал билээ" хэмээн дууллаа.
Дээрхийн гэгээн сүсэгтэн олонд хандан айлдсан нь: “Өнөөдөр та бүхэн энэ сайхан ерөөл, залбирлаар надад урт наслахыг хүслээ. Та нар намайг Төвөдийн гурван аймгийн ард иргэдийн тусыг бүтээнэ хэмээн дурдан айлтгаж байна. Бид өмнө хуримтлуулсан буян, мөргөлийн хүчээр өнөөдөр энд хамтдаа хуран цугласан боловч, хүнд хэцүү цаг үед мэндэлжээ.
Би Амдо нутагт Лхамо Дондуб хэмээх нэрээр мэндэлсэн хэдий ч өдгөө номын айлдварыг тайлбарлаж, шинжлэх ухааны эрдэмтэдтэй үр ашигтай хэлэлцүүлэг өрнүүлэх чадалтай нэгэн болжээ. Би Төвөдийн ариун үйл хэрэг, буддын шашныг хадгалан үргэлжлүүлэхэд чамгүй хувь нэмэр оруулсан болов уу хэмээн найдаж байна. Түүнчлэн, буддын сургаалыг сонирхох нь нэмэгдэж буй Хятад улсын ард түмний төлөө ч залбирсаар ирсэн".

“Би буддын шашны номыг хадгалан хамгаалах үйл хэрэгтээ хичээн зүтгэх болно. Төвөдийн ард түмний итгэл зориг шантраагүй хэвээр байна. Та бүхнийг урам зоригоо бүү алдаарай гэж уриалж байна. Бид Төвөдийн гурван аймгийн ард түмэн, Наландагийн их сургуулиас эхтэй энэхүү бишрэм өв уламжлалыг хадгалсаар ирсэн. Та бүхэн үүнд олон талаар их хувь нэмэр оруулсан билээ. Үүнд талархаж байна”.
Үүний дараа ловон Бадамжунай бурханд залбирал өргөв. Өнөөдрийн ёслолыг зохион байгуулсан төлөөлөгчид сэнтийд ойртон ирж, Дээрхийн гэгээнд хүндэтгэлтэйгээр мөргөв. Тэрбээр хүн нэг бүрд цагаан торгон хадаг болон адис жанлавтай улаан зангиаг гардуулан өгөв.
Ловон Бадамжунайд залбирал өргөв. Дээрхийн гэгээн урт наслах хүсэлтийг хүлээн авсанд талархлын мандал өргөлөө.
Эл бат оршил өргөх ёслолын төгсгөлд “Дээрхийн гэгээнд бат оршил өргөх нэг бадагт залбирал”, “Аюуш бурхны магтаал”, “Шашин дэлгэрэхийн ерөөл”, “Өлзий хутаг оршоох ерөөл”, “Үнэн үгийн залбирал” уншлаа. Ийнхүү өнөөдрийн ёслол өндөрлөв. Дээрхийн гэгээн сүмээс гадагш морилж, замын хажуугаар эгнэн зогсох сүсэгтэн олон руу инээмсэглэн цахилгаан шат руу алхлаа. Машинд суун, сүсэгтнүүд рүү гараа далласаар өргөө рүүгээ буцан мориллоо.
Орчуулсан Б.Ганчимэг










