Хоёр удирдагч Лондонд уулзаж буй нь. |
Лондон хот, Их Британи, 2008 оны 5-р сарын 23 (BBC News) – Ерөнхий сайд Гордон Браун Төвдийн удирдагч Далай ламтай уулзсаныг Хятадын эрх баригчид буруушаан шүүмжлэв. Хоёр удирдагч Баасан гарагт Кантерберигийн хамба ламын Лондон дахь Ламбет ордонд уулзаж 30 минут ярилцжээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Цинь Ган “тус уулзалт нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг боллоо” гэв. Хоёр удирдагч хүний эрхийн асуудал болон 5-р сарын 12-ны өдөр Хятадад болсон газар хөдлөлтийн гамшигт хэрхэн туслах талаар ярилцжээ.
Ноён Брауны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, хоёр удирдагч уулзалтын үеэр "Далай ламын элч төлөөлөгчид болон Хятадын эрх баригчдын яриа хэлэлцээний ач холбогдлын талаар ярилцсан. Ерөнхий сайд эвлэрлийг дэмжихийн тулд хоёр талтай хамтран ажиллахэд бэлэн байгааг илэрхийлсэн" гэв.
Хятадын ГХЯ-ны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд ноён Чинь уг уулзалтаас гадна, Далай ламыг Хятадын хүний эрхийн асуудлаар Их Британийн парламентын сонсголд мэдүүлэг өгөхийг урьсныг бас буруушаасан байна. Тэрээр "Энэ бол Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа явдал бөгөөд Хятадын ард түмний сэтгэл санаанд хүнд цохилт болов” гэжээ.
Далай лам Пүрэв гарагт парламентын гишүүдтэй уулзах үеэрээ дээрх маргаантай байдлыг хөнгөн хүлээж авав. "Миний хувьд ямар ч ялгаагүй. Уулзаж, ярилцах тусам чухал ач холбогдолтой. Би үргэлж эгэл хүмүүний хувиар хүмүүстэй уулздаг" гэж парламентын Гадаад харилцааны хорооны гишүүдэд хэлэв. Тэрбээр Төвдийн ард түмэн Хятадын хатуу нударган дор "соёлын геноцид"-тэй тулгарч буй бөгөөд Их Британийн зүгээс Төвдийн ард түмэнд туслах талаар хангалттай ажиллахгүй байна гэжээ.
Гэвч Дээрхийн гэгээн гадаад улс орнуудын засгийн газар хийж чадах зүйлд "хязгаарлалт" байдгийг хүлээн зөвшөөрөв. Хятад, Төвд хоёр тал Төвдийн байр суурь/статусын талаар удаан хугацааны турш санал зөрөлддөг бөгөөд Хятад улс 1950 онд Төвдийн газар нутгийг хүчээр эзэлж авахаар цэргээ оруулсан юм. Үүнээс 9 жилийн дараа Далай лам болон Төвдийн засгийн газар Төвдөөс дүрвэж, Энэтхэгт суурьшсан болно. Төвд 13-р зууны дунд үеэс хойш Хятадын төрт улсын бүрэлдэхүүний нэг хэсэг байсан тул Бээжингийн захиргаанд байх ёстой гэж Хятад улс үздэг. Гэвч цаст Гималайд орших Төвд орон олон зуун жилийн турш тусгаар тогтносон хаант улс байсан бөгөөд Хятад түүхэндээ Төвдийг байнга урт хугацаанд захирч байгаагүй хэмээн дийлэнх төвд хүмүүс үздэг.










