Герман улс, Пассау хот. 2010 оны 9 дүгээр сарын 21. Пассау хотноо зохион байгуулагдсан “Европ дахь хүн төрөлхтөн” (Menschen in Europa) хүндэт шагналыг Дээрхийн гэгээн Далай ламд өргөн барих ёслолын үеэр “Төвөдийн асуудлыг энхийн замаар, яриа хэлэлцээрээр шийдвэрлэхийн тулд Хятад улс Дээрхийн гэгээн XIV Далай ламтай хэлэлцээр хийх өнөөгийн боломжийг алдах ёсгүй” хэмээн Германы Хессен мужийн ерөнхий сайд асан Роланд Кох онцоллоо.
|
Хатагтай Анжелика Дикманн “Европ дахь хүн төрөлхтөн” хүндэт шагналыг Дээрхийн гэгээн Далай ламд өргөн барьж буй нь... Герман улс, Пассау хот. 2010 оны 9 дүгээр сарын 21. Зургийг dalailama.com. |
Шагналыг Пассаугийн хэвлэлийн группээс гардуулдаг бөгөөд арга хэмжээнд олон улсын зочид, төлөөлөгчид оролцсон байна. Ноён Кох Дээрхийн гэгээн Далай ламыг “Хүчирхийллийг үл хэрэгсэх зарчмыг тууштай баримтлагч, энх тайван, хүний эрх, хүнлэг ёсны үнэт зүйлсийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд бүх амьдралаа зориулсан удирдагч” хэмээн тодорхойлов. Тэрээр Дээрхийн гэгээнийг дэмжихгүй байх нь хүчирхийллийг зөвтгөхтэй адил болохыг хэлж, эрх чөлөөт дэлхийн иргэдийг төвөдийн ард түмний эрх ашиг, шударга ёсны төлөө бодитой байр суурь илэрхийлэхийг уриалав.
Дээрхийн гэгээн Далай лам уг хүндэт шагналыг хүртсэндээ талархал илэрхийлж, германы ард түмэн асар их сүйрлийн дараа улс орноо дахин босгож, хүчирхэг эдийн засаг, ардчилсан тогтолцоог бүрдүүлсэн түүхэн туршлагыг гүн хүндэтгэлтэйгээр дурдсан юм.
Тэрбээр “Боловсролын тогтолцоо нь зөвхөн мэдлэг олгохоос гадна хүний дотоод үнэт зүйл, ёс суртахууны чанарыг төлөвшүүлэхэд чиглэх ёстой. Ёс зүйн суурь нь заавал шашинд тулгуурлах албагүй бөгөөд шашнаас ангид байж болно. Гэхдээ энэ нь шашныг үгүйсгэх утга агуулаагүй билээ” хэмээн айлджээ.
|
“Европ дахь хүн төрөлхтөн” хүндэт шагнал гардуулах ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай лам айлдвар айлдаж буй нь... Герман улс, Пассау хот. 2010 оны 9 дүгээр сарын 21. Зургийг dalailama.com |
Ёслолын үйл ажиллагаанд 3500 гаруй хүн оролцож, Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг анхааралтай сонссон аж.
Дээрхийн гэгээн асуултад хариулах үеэр Төвөдийн асуудал нь Далай ламын институцийн асуудал бус, харин 6 сая төвөд хүний эрх, эрх чөлөө, соёл, ирээдүйтэй шууд холбоотой асуудал болохыг тайлбарлав. Тэрбээр “Төвөдийн ард түмэн өөрт нь итгэл хүлээлгэдэг ч хятадын талаас уг асуудлыг хувь хүний хүрээнд хязгаарлах оролдлогыг удаа дараа хийж ирсэн” хэмээв.
Дээрхийн гэгээн айлдварынхаа төгсгөлд, “ХХ зуун дайн мөргөлдөөний зуун байсан бол харин ХХI зуун яриа хэлэлцээр, ойлголцол хийгээд энхийн зуун байх ёстой. Энх тайван гэдэг нь зөрчил үгүй байхыг бус, харин тал бүрд хүлээн зөвшөөрөгдөх шийдлийг хамтаар эрэлхийлэх үйл явцыг илэрхийлэх билээ” хэмээжээ.
Дашрамд дурдахад, “Европ дахь хүн төрөлхтөн” хүндэт шагналыг өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Израилийн ерөнхийлөгч асан Шимон Перес нар хүртэж байжээ.










