Австрали, Күйнслэнд– Дээрхийн гэгээн Далай лам Күйнслэндийн амьтны хүрээлэнд зочлох үеэрээ хүмүүст амьтныг хайрлан хамгаалахыг уриаллаа. Энэ үед түүний Австралийн удирдагчидтай хийх уулзалтаас болж Хятадын тал нэлээдгүй бухимдаж байв.
Дээрхийн гэгээн Брисбен хотын ойролцоох Стив Ирвин агсны нэрэмжит Австралийн амьтны хүрээлэнгийн "Крокосеум" задгай театрт цугларсан 5,000 гаруй хүнд хандан үг хэлсэн юм. Түүний айлдварын үеэр Терри Ирвин, Бинди Ирвин нар байлцлаа.
Энэтхэгт дүрвэн амьдарч буй Төвөдийн оюун санааны удирдагчийн 50 минутын турш үргэлжилсэн айлдварт байгаль орчин, ан амьтанд энэрэнгүй хандах сэдэв голлож байв.
Ардчиллыг хүндэтгэ
Үүнээс өмнө Австралийн Гадаад хэргийн сайд Александр Даунер Хятадын талд хандан Австралийн ардчилсан тогтолцоог хүндэтгэж, Далай ламыг тус улсад хүлээн авах шийдвэрийг хүлээн зөвшөөрөхийг уриалсан юм.
Төвөдийн оюун санааны удирдагч бээр Австралийн хотуудаар 11 өдөр айлчилж буй бөгөөд энэ хүрээнд Ерөнхий сайд Жон Ховардтай уулзахаар төлөвлөжээ. Гэвч үүнээс болж Ховардын засгийн газар болон Хятадын талын хооронд дипломат маргаан үүсгээд байна. Бээжингийн эрх баригчид Австрали улс насан өндөр Далай ламыг хүлээн авч байгаад "ихээхэн сэтгэл дундуур" байгаагаа илэрхийлжээ.
Ноён Даунер Хятадын мэдэгдлийг анхааралдаа авсан ч дипломатчид болон улс төрчдөөс хоёр улсын тогтолцооны ялгааг хүлээн зөвшөөрөхийг хүссэн байна. Тэрээр "Sky News" сувагт өгсөн ярилцлагадаа:
"Би Хятадын талд хэд хэдэн удаа тайлбарласан. Манай улсад Дээрхийн гэгээн Далай ламыг шашны нэр хүндтэй зүтгэлтэн гэж үздэг. Түүн шиг хүнд Австралид айлчлах виз олгохоос татгалзах нь манай орны хувьд байж боломгүй асуудал юм.
Хятад улс Австралиас тэс өөр улс төрийн тогтолцоотой. Иймд би Хятадын талаас манай соёл, улс төрийн тогтолцооны зарчмыг хүндэтгэхийг хүссэн. Либерал намын бусад улс төрчид ч засгийн газрын байр суурийг дэмжиж, гаднын улсаас "тушаал" авах нь зохисгүй гэж үзэж байна” хэмээлээ.
Хятадын шахалт
Баруун Австралийн парламентын гишүүн Дон Рандалл: "Бид Хятадад дарамтлуулахгүй. Гаднын ямар ч гүрний, ялангуяа Хятадын шахаж дарамталж буй энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдэв.
Күйнслэндийн парламентын гишүүн Камерон Томпсон мөн "Энэ хүн бол Далай лам шүү дээ. Нэг улс нөгөө улсдаа зочин 'хүлээж авч болохгүй' гэж зааварлах нь зарчмын хувьд буруу юм" гэж хэлсэн байна.










