Бодгаяа, Бихар муж, Энэтхэг
(Phayul.com-ийн сурвалжлагч Тэндар Цэрэнгийн мэдээ)
Төвөд болон Хятад, Хималайн бүс нутгийн сүсэгтнүүдэд тусгайлан хандаж хэлсэн үгэндээ Төвөдийн шашны тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам Хятадад амьдарч буй иргэдийн дунд Төвөдөд тулгарч байгаа асуудлыг илүү бодитоор харж, Төвөдийн иргэдэд чиглэсэн сэтгэлийн дэмжлэг ихээхэн ирж буйг дурджээ.
“Сүүлийн үед би олон хятад эрдэмтэд, оюутнууд болон бусад байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан. Тэдний дунд Төвөдийн асуудлыг ойлгох ойлголт, Төвөдийн буддизмыг сонирхох соёл улам бүр нэмэгдэж байгаа нь анзаарагдсан. Хятадад ойролцоогоор гурван сая буддист байгаа гэдэг ч, энэ тоо жилээс жилд өсөж байна. Буддын сургаалын мөн чанарыг сайтар ойлгоогүй, Төвөдийн түүхийн талаар хангалттай мэдлэггүй Хятадын зарим удирдагчид Төвөдөд тулгарч буй асуудлыг үл тоомсорлодог” гэж шүүмжлэв.
Ташрамд дурдахад Далай лам өнгөрсөн онд улс төрийн бүрэн эрхээ ард түмний сонголтоор тодорсон Төвөдийн шинэ удирдагчид шилжүүлсэн билээ.
Үүний дараа Далай лам Хятад сүсэгтнүүдэд хандан “Дэлхий гарагийн хамгийн олон хүн амтай Хятад улс хэрэв Бурхан багшийн сургаалыг хэрэгжүүлж, хайр энэрэл, нинжин сэтгэлийг төлөвшүүлж эхэлбэл хүн төрөлхтөнд асар их буян үйлдэх болно. Хятадын 1.3 тэрбум иргэн бодит үнэнийг мэдэх бүрэн эрхтэй билээ. Мэргэн ухаан, эртний уламжлалаар амьдарч ирсэн ард түмэн юуг зөв, юуг буруу болохыг тунгаах чадвартай” гэж онцгойлон захив.
Үүний дараа төвөд сүсэгтнүүдэд хандаж, “Энэ мэдээж амархан шийдэгдэх хөнгөхөн асуудал биш. Тэглээ гээд та бүхэн сэтгэлээр унах бус, харин улс орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, Төвөдийн сэтгэл санааны хүчийг хадгалж амьдрах хэрэгтэй” хэмээн урам хайрлалаа.
“Агуу зорилгод цаг их ордог. Хүрэхийн тулд тэвчээр хэрэгтэй” хэмээн тэр нэмж хэлэв.
Ёслолын дараа Хятадаас ирсэн гэх сүсэгтэн Шань Ши Чү сэтгүүлчдэд хандан “Би улс төрийн талаар төдийлөн сайн мэдэхгүй. Гэхдээ Далай ламыг өөрийн нүдээр харж чадсандаа үнэхээр баяртай байна. Би энэ мөчийг маш, маш удаан хүлээсэн” хэмээн хэлснээр Хятадын мянга мянган мөргөлчин Далай ламтай уулзахыг хүсэж байгааг илтгэв.










