АНУ, Калифорни, Ирвайн. 2015 оны 7 дугаар сарын 6. Дээрхийн гэгээн Далай ламын 80 насны ойг тэмдэглэх 3 өдрийн арга хэмжээний 2 дахь өдрийн эхэнд Дээрхийн гэгээн “Time” сэтгүүлийн сэтгүүлч Элизабет Диастай ярилцлаа. Сэтгүүлч түүнээс олон ертөнц (multiverse) буюу боломжит ертөнцийн олонлогийн таамаглалын талаар юу гэж явдгийг нь асуухад тэрбээр “Буддын зохиол бүтээлүүдэд өөр өөр ертөнц болоод амьтдын үйлийн үр нь тэдгээртэй хэрхэн холбогддог тухай өгүүлдэг. Эдгээр ертөнц задарч, хатуу чанар нь шингэн, илч, хий (энерги) болон орон зайд уусан, алга болдог ч дахин шинээр үүсдэг аж. Энэ үйл явц нь хэдэн арван жил эсвэл зууны дотор бус, харин галав юүлэх цаг хугацаанд явагддаг бөгөөд үүнтэй харьцуулахад хүний амьдрал машид богинохон юм”.
![]() |
| Time сэтгүүлийн Элизабет Диас 2015 оны 7-р сарын 6-нд Калифорнийн Анахайм хотод Дээрхийн гэгээн Далай ламтай ярилцаж буй. Зургийг: Жереми Расселл / ДГДЛ-ын ажлын алба |
“Global Compassion” дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр Калифорнийн Их Сургуулийн Ирвайн кампусын (UCI) Брен арга хэмжээний төвд эхэлж, канцлер Ховард Гиллман нээлтийн үг хэлэв. Дараа нь UCI-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Дээрхийн гэгээний эртний анд Ричард Блум үг хэллээ. Хурлын чиглүүлэгч Энн Карри хэлэлцүүлэгт оролцогчдыг танилцуулсны дараагаар 97 настай далай судлаач Уолтер Мункийн насыг хүндэтгэн Дээрхийн гэгээн дэргэдээ суулгахыг хүсэв. Мунк өмнөх өдрийн хэлэлцүүлгээс "Уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар нэгэн зүйлийг хийж чадах эсэхэд энэрэн нигүүлсэхүй нь хариулт болох билээ" гэсэн санааг сонсоод, сэтгэл ихэд хөдөлснөө хэлснээр чуулганы уур амьсгалыг эерэг болгов.
![]() |
| 2015 оны 7-р сарын 6. Калифорни мужийн Ирвайн хот, Калифорнийн Их сургууль. Global Compassion дээд хэмжээний уулзалтын үеэр Дээрхийн гэгээн Далай лам далай судлаач Вальтер Мункийн хамт үг хэлж буй нь. Зургийг: Тэнзин Чойжор / Дээрхийн гэгээний Далай ламын ажлын алба |
Дээрхийн гэгээн энэхүү сэдвийг үргэлжлүүлэн, "Бид хичээл зүтгэл гаргах ёстой. Ингэснээр бид бүтэлгүйтсэн ч харамсах зүйлгүй болох билээ. Эцсийн эцэст энэ бол бидний оршин тогтнох тухай асуудал юм. Стокхолм хотын дундуур урсдаг голд нэгэн цагт огт загас байхгүй болсон тухай найзууд минь ярьж байсныг санаж байна. Голын бохирдлыг бууруулах арга хэмжээ авсны дараа загас дахин гарч иржээ. Дэлхийг халамжлах нь гэр орноо халамжилж буйн хэрэг. Үүний зэрэгцээ баян ядуугийн асар их ялгааны тухайд үүнийг багасгах зөв арга бол ядуу хүмүүсийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх явдал билээ" хэмээн айлджээ.
Доктор Веерахадран Раманатан 5500 гаруй сонсогчийн өмнө үг хэлэхдээ ирэх 30 жилийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө машид өргөн хүрээтэй байх тул хүн бүр үүнийг мэдрэх болно гэв. Тэрээр одоогоор нэг тэрбум хүн дэлхийн эрчим хүчний 50%-ийг хэрэглэж байгааг онцолжээ. “Бидэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх технологи байгаа боловч үүнийг хэрэгжүүлэхийн тулд байгаль орчин болоод бие биедээ хандах хандлагаа өөрчлөх шаардлагатай. Шаардлагатай өөрчлөлтийг хийхэд нэг тэрбум хүн тус бүрд 450 доллар зарцуулахаас гадна хүн бүрийг эрчим хүчээр хангах шаардлагатай бөгөөд үүний өртөг нь хүн бүрт нэмэлт 250 доллар болно. Асуудал нь дэлхийн буурай хэсэгт амьдарч буй хүмүүст зарцуулах 250 доллар байхгүйд оршино байгаа юм” гэжээ.
Мөсөн голууд хайлж буй талаар ярихдаа профессор Изабелла Великона биднийг хүлээж буй цаг уурын асар их өөрчлөлтөд анхаарал хандуулах ёстойг хэлж, үзэгч оюутнуудад хандан шийдэл олоход хүн бүр бодитоор туслах боломжтой хэмээн уриалав. Уур амьсгалын төлөө тэмцэгч, нийгэмлэгийн зохион байгуулагч Мия Ёшитани “Нигүүлсэнгүй байна гэдэг нэр төрийн төлөө тэмцэх явдал юм. Хүмүүс нэр төртэй амьдрах нь чухал гэдгийг санаж, өөрсдийн амьдралаа урьтал болголгүйгээр эрчим хүчтэй харилцах шинэ харилцааг олох хэрэгтэй” гэсэн юм.
![]() |
| 2015 оны 7-р сарын 6. Калифорни мужийн Ирвайн хот, Калифорнийн Их сургуулийн Брен төв. Дээрхийн гэгээн Далай лам оролцож буй уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг сонсож буй үзэгчид. Зургийг: Тэнзин Чойжор / Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба |
Доктор Раманатан 30 жилийн дараа гарах уур амьсгалын өөрчлөлт нь яг одоогийн бохирдлын үр дүн бөгөөд хүн бүр хийж чадах олон зүйл байгааг сануулав. Бохирдлын эх үүсвэр нь тээвэр тул орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах нь өөрчлөлтийг авчирна. Нарны зай хураагуур нь харьцангуй богино хугацаанд зардлаа нөхдөг. Шийдлүүд боломжтой гэдгийг тэрээр давтан хэлэв.
Конгрессын гишүүн Лоретта Санчес санаа зовниж буй эрдэмтдийн 97% нь уур амьсгалын өөрчлөлтийн дүгнэлтэд тодорхой байр суурьтай байхад Конгрессын гишүүдийн олонх нь шинжлэх ухаанд итгэдэггүйг ажигласан болохоо хэлэв. “Одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх үргэлж хэцүү байдаг ч аливаа гэр бүлд ээжийг нь боловсролтой болгох тусам үр дүнтэй болдог аж” хэмээн хариулав. Дээрхийн гэгээний цөмийн зэвсгийн тоог бууруулах уриалгыг ихэд дэмжиж буйгаа илэрхийлэв. Тэрээр залуучуудад хандан тэрээр, "Хэрэв та бүхэн санал өгөх боломжтой бол бүртгүүлээд, саналаа өгөөрэй. Үгүй бол та бүхэн эрх мэдлээ бусдад өгч байна гэсэн үг" гэж тодорхой хэлжээ.
Энн Карри Дээрхийн гэгээнээс энэ тал дээр улс төрийн удирдагчдад нөлөөлөхийн тулд юу хийх хэрэгтэйг асуухад тэрбээр "Бодит байдал өөрчлөгдсөөр байхад бид хуучин сэтгэлгээтэйгээ зууралдсаар байна. Копенхагены дээд хэмжээний уулзалтад юу болсныг харах хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтөд оруулах үүрэг, хувь нэмэр өндөр улс орнууд үндэсний ашиг сонирхлоо дэлхийн ашиг сонирхлоос дээгүүр тавьжээ. Энэ тал дээр бид дэлхий нийтийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих ёстой. Үүний зарим нь бидний материаллаг амьдралын хэв маягийн үр дүн бөгөөд үүнийг өөрчлөхийн тулд бидэнд илүү цогц боловсрол, бусдын сайн сайхны төлөөх энэрэнгүй сэтгэл тэргүүт дотоод үнэт зүйлсийг агуулсан боловсрол хэрэгтэй байна" хэмээн хариулсан юм.
Ричард Блум өглөөний хуралдаан өндөрлөхийн үед АНУ-д уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 100 алхам хийж болох ч Хятад улс оролцохгүй бол энэ алхмууд тун бага нөлөөтэй гэдгийг дурдаагүй орхисныг сануулав.
Төгсгөлд нь доктор Раманатан, доктор Мунк нар Дээрхийн гэгээнд 80 насны ой тохиож буйд баяр хүргэн, хүндэтгэл үзүүлж, далайн гүнээс шинээр нээсэн "Sirsoe Dalailamai" хэмээн нэрлэсэн амьтны зургийг бэлэглэв. Энэхүү амьтан авснаасаа ч илүүг байгальдаа буцаан гайхалтай шинжтэй, ихэд утга учиртай, ер бусын төрөл зүйлүүдийн нэг аж.
|
| 2015 оны 7-р сарын 6. Калифорни мужийн Ирвайн хот, Калифорнийн Их сургууль. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийн төгсгөлд доктор Раманатан болон доктор Мунк нар шинээр нээн илрүүлж, 'Sirsoe dalailamai' хэмээн нэрлэгдсэн далайн төрөл зүйлийн гэрэл зургийг Дээрхийн гэгээн Далай ламд гардуулж байна. Зургийг: Сонам Зоксанг |
Дээрхийн гэгээн өдрийн зоогийн дараа нэвтрүүлэгч Ларри Кингтэй ярилцав. Тэд өмнө нь хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд Кинг Дээрхийн гэгээнээс нэг насаар ах юм. Кинг Дээрхийн гэгээнээс хооллолтынх нь талаар сонирхон асуухад тэрбээр “Би буддын шашны хувраг тул орой хоол иддэггүй” хэмээв. Бясалгалын үед юу болдог талаар асуухад тэрбээр өдөр бүр 5 цаг орчим бясалгал хийдэг болон түүний хувьд хамгийн үр дүнтэй арга нь аналитик бясалгал болохыг өгүүлэв. Тэрбээр бодит байдлын талаар эргэцүүлэн боддог зүйлс нь квант физикийн онолтой дүйцэхүйц байдгийг тайлбарлажээ.
Дээрхийн гэгээн 1959 оноос хойш цагаачлан амьдарч буйгаа дурдахад нэвтрүүлэгч анхны асуудал юу байсныг сонирхон асуув. “Төвөдөд хятадын цэргүүд бэхэжсэний дараа Төвөдийн бүхий л талыг хяналтдаа авахыг оролдож эхэлсэн юм” хэмээн хариулжээ. Хятад эсвэл ISIS-ийн алинд нь илүү санаа зовж буйг нь асуухад Дээрхийн гэгээн “Исламын бүлэглэлийн үйлдэл нь шашнаа хамгаалж байна гэж мэдэгдэж байгаа хэдий ч тэд исламын шашиндаа хэчнээн их хор хөнөөл учруулж буйгаа төдийлөн сайн ойлгохгүй байна” хэмээн хариулав. Мөн дараагийн Далай ламын талаар тэрбээр "Энэ бол миний асуудал биш. Энэ бол төвөдийн ард түмний шийдэх хэрэг" хэмээсэн хариултыг өгсөн юм.
|
| Ларри Кинг 2015 оны 7-р сарын 6-нд Калифорнийн Ирвин хотод Дээрхийн гэгээн Далай ламтай ярилцаж буй. Зургийг: Тэнзин Чойжор/Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба |
Хэзээ нэгэн цагт дурлаж байсан эсэх талаар асуухад Дээрхийн гэгээн хувраг хүн тул зүүдэндээ ч өөрийгөө сахил санваартай гэдгээ үргэлжид санадаг гэж хэлэв.
Төгсгөлд нь түүний хамгийн том ололт амжилт юу гэж болохыг асуухад Дээрхийн гэгээн “30 гаруй жилийн турш эрдэмтэн судлаачидтай хийсэн яриа хэлэлцээр бол нэгэн зүйл ололт гэж боддогоо хэлэв. Өөр нэг нь гэвэл Төвөдөд өмнө нь гэлэнмаа нарын хийдэд нухацтай судалгаа хийгддэггүй байсан бол цагаачлалын энэ үед гэлэнмаа нар ч мөн нарийн судалгаа хийх боломжтой байх ёстой. Үүний үр дүнд шилдэг эрдэмтэн болсон хэд хэдэн гэлэнмаа байгаа нь бас нэгэн ололт билээ” хэмээжээ.
Үдээс хойш дахин UCI Брен арга хэмжээний төвд цугласны дараа Дээрхийн гэгээнд хэд хэдэн удаа хүндэтгэл үзүүлэв. Кэрол Наппи Дээрхийн гэгээнд талархал илэрхийлэв. Ражив Мехротра Дээрхийн гэгээнд нэг тэрбум энэтхэг хүний өмнөөс төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, урт наслахыг ерөөв. Латин Америкаас ирсэн Хуан Руиз Наупари мөн хүндэтгэл үзүүллээ. Энн Карри хурлын чиглүүлэгчийн үүргээ үргэлжлүүлэн 3 өдрийн арга хэмжээнээс хамгийн олон хүн оролцохыг хүссэн нь энэ өдрийн хөтөлбөр байсныг дурдав.
Мэргэн ухаан, туршлагын талаар бодол эргэцүүллээ хуваалцахыг хүсэхэд Дээрхийн гэгээн "7 тэрбум хүн нэг гэр бүл гэдгийг бид ойлгож, бие биетэйгээ зүгээр л хүн гэдэг утгаар ярилцах хэрэгтэй. Бид бүгд жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд энэ бол бидний эрх юм. Заримдаа хүнд хэцүү нөхцөл байдал нь энэ зорилгодоо хүрэхэд шаардлагатай туршлагыг хуримтлуулахад тусалдаг билээ" хэмээн хариулжээ.
Пол Экман Дээрхийн гэгээний бидэнд амьдралдаа хэвшил болгохыг санал болгосон ёс зүйн тогтолцооны талаар талархан ярилаа. Дээрхийн гэгээний урилгаар хажууд нь суусан хэлэлцүүлгийн хамгийн ахмад гишүүн 85 настай Долорес Хуэрта хангалттай цалин авдаггүй тариаланчдыг харж байсан бөгөөд тэдэнд "Бид өөрсдийнхөө төлөө ажиллах ёстой" гэж хэлж байснаа дурсан ярив. Тэрээр үзэгчдэд хандан, "Бидэнд хүч байна. Харин ямар хүч вэ? Ард түмний хүч. Тийм ээ. Бид чадна" гэж чангаар хэлэхийг уриалав.
|
| 2015 оны 7-р сарын 6. Калифорни мужийн Ирвайн хот, Калифорнийн Их сургууль. Global Compassion дээд хэмжээний уулзалтын үдээс хойших хуралдааны үеэр Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч Ширин Эбади үг хэлж буй нь. Зургийг: Тэнзин Чойжор / Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба |
Иран улсын хүний эрхийн төлөө тэмцэгч Ширин Эбади саад бэрхшээлийг давахын тулд ухарч байгаад харайдаг шиг алдах нь ялалтын нэг хэсэг ч байж болох юм гэв. Тэрээр зөвхөн эмэгтэй хүн гэдгээрээ шүүгчийн ажлаа алдсандаа харамсаж явдаг байснаа ч ярьж, хэрэв ажлаасаа тэгж халагдаагүй байсан бол одоогийн энэ амжилтдаа хүрч чадахгүй байснаа тайлбарлалаа. Осолд орж, нуруундаа хүнд гэмтэл авч байсан дуучин Глория Эстефан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн асар их дэмжлэг, эерэг энерги эдгэрэхэд нь ихээхэн нөлөөлсөн тухай ярьжээ.
Бага залуугаасаа дайныг эсэргүүцэн тэмцэгч Жоди Уильямс чимээгүй байх нь буруу зүйлд хамсаатан болохтой агаар нэгэн гэдгийг эргэцүүлэн бодохыг хүн бүрд уриалав. Тэрээр цэргийн дэглэмийн эсрэг тэмцэж, ямар нэгэн зүйл хийх хүсэлтэйг байдгаа мэдэгдлээ. Жүжигчин Жулиа Ормонд хүмүүсийг боолчлолоос чөлөөлөх ажлынхаа талаар сэтгэл хөдөлгөм яриа өрнүүлж, оёдлын үйлдвэрлэлийн талаар "Энэ хэзээ дуусах вэ? Бид үүнийг дуусгахаар сонгосон цагт л дуусна. Тэгш эрхтэй байна гэдэг бол хүсэл тэмүүлэл биш. Энэ бол бидний заяагдал мөн чанар" гэж яриагаа дуусгажээ.
Энтони Мелихов Беларусь улсаас явсны дараа амьдралаа дахин хэрхэн босгосон тухайгаа болон бусдын төлөө ямар нэгэн зүйл хийх нь ихэд чухлыг ухаарсан нь түүний амьдралын эргэлтийн цэг байсан тухай ярив.
|
| 2015 оны 7-р сарын 6. Калифорни мужийн Ирвайн хот, Калифорнийн Их сургууль. Global Compassion дээд хэмжээний уулзалтын үдээс хойших хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч бүрт Дээрхийн гэгээн Далай лам цагаан хадаг гардуулж байна. Зургийг: Сонам Зоксанг |
Энн Карри Дээрхийн гэгээнийг үг хэлэхийг хүсэхэд "Надад хэлэх зүйл алга. Миний сэтгэл машид хөдөллөө. Хэрэв бид энэ уулзалтыг 20 эсвэл 30 жилийн өмнө хийсэн сэн бол цөөхөн хүн ирэх байсан болов уу. Та бүхэн энд байгаа нь бидний хөгжил дэвшил, ахиж өсөж буйн шинж тэмдэг билээ. Хэдийгээр надад буддын шашныг сурталчлах бодол үгүй ч Бурхан багш өөрийн дагагчдадаа хэлсэн үгийг нь сохроор итгэх бус, харин алтны дархан алтыг шалгадгийн адилаар судалж, шинжлэх ёстой хэмээсэн хосгүй зөвлөгөө нь өнөөгийн нөхцөл байдалд үнэхээрийн хамаатай гэж бодож байна. Энэ хандлага нь шинжлэх ухаанд байдаг эргэлзэх үзэл хийгээд нээлттэй сэтгэлгээтэй нийцдэг билээ" хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн босож, хэлэлцүүлэгт оролцогчдод цагаан торгон хадаг гардуулахын өмнө Боб Турман хүрэлцэн ирсэн хүмүүст хандан, Дээрхийн гэгээн мэндэлсний 80 насны ойн бэлэг болгон түүний ард түмэн төвөдүүдэд туслахын тулд ямар нэгэн зүйл хийх, хэдий энгийн ч илүү их ойлголт мэдээлэл түгээхийг уриалахад үзэгчид халуун алга ташилтаар хариу барив.










