Италийн Ром хот, 2014 оны 12 дугаар сарын 14 – Өнөөдөр Нобелийн энх тайвны шагналтнууд Ромын Капитол толгод дээрх Жулио Сезарын танхимд цуглан, дэлхийн дээд хэмжээний 14 дэх уулзалтын хаалтын хуралдааныг зохион байгуулав. Уг үйл ажиллагааг Нобелийн энх тайвны шагналтнуудын дэлхийн дээд хэмжээний уулзалтын байнгын хорооны нарийн бичгийн дарга Екатерина Загладина нээж, энэхүү уулзалтын санаачлагчдын нэг Ерөнхийлөгч Михаил Горбачёвын илгээлтийг уншлаа. Дэлхий дахинд өрнөж буй зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлтийг үл хайхарч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлэхийн сацуу Украины хямралыг шийдвэрлэж, зогсоох уриалга гаргасан байна. Тэрээр: "Нобелийн шагналтан бүр биднийг энх тайвны жимд залан хөтлөхөд хувь нэмрээ оруулах боломжтой." гэжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагыг төлөөлж Майкл Моллер Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний илгээлтийг уншиж танилцууллаа. Тэрээр цугласан энх тайвны шагналтнуудад мэндчилгээ дэвшүүлж, тэдний шинэхэн төлөөлөл болох Малала Юсуфзай, Кайлаш Сатярти нарт баяр хүргээд, дэлхийн энх тайвны төлөөх тэдний уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. 2015 оны босгон дээр анхны мянганы зорилтуудаа биелүүлж, шинэ зорилтууд тавих ёстойг санууллаа. Мөн 2015 онд НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиох бөгөөд энэ үйл явдлаар дамжуулан өнгөрсөнийг эргэцүүлэн дүгнэх завшаан тохиож байгааг дурдаад, "Та бүхэн мэдлэг чадвараараа хүн төрөлхтний нийтлэг зорилгыг дэмжихийг уриалж байна." хэмээн үгээ төгсгөжээ.
|
| Зураг. Нобелийн энх тайвны шагналтнуудын Дэлхийн дээд хэмжээний XIV дэх уулзалтын сүүлийн хуралдааны эхэнд Либери, Сьерра-Леонд эбола өвчнөөр нас нөгчсөн бурхан болоочдын дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсов. .., Итали, Ром , 2014 оны 12 сарын 14 Зургийг: Оливер Адам |
Либери, Сьерра-Леонд эбола өвчнөөр нас нөгчсөн хүмүүсийг дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсов. Дараа нь хөтлөгч Дээрхийн гэгээн Далай лам, Ширин Эбади, Лейма Гбови, Бетти Уильямс, Майрид Магуайр, Ражендра Пачаури нарыг Африкийн дайн, мөн дэлхий даяар үргэлжилж буй бусад хямралын талаар ярилцахыг хүсэн тайзнаа урив. Дээрхийн гэгээн:
"Африкийн тухайд бол хатагтай Гбови та надаас хавьгүй илүүг мэдэх байх. Би Өмнөд Африк, Нигер, Габонд очиж байсан бөгөөд энэ үед баян, ядуугийн ялгаа хамгийн түрүүн ажиглагдаж байсан. Би дөнгөж агнасан шувуугаа хоол хүнсэндээ авч яваа нүцгэн шахуу хүмүүсийг харж байлаа. Тэр хүмүүс, хоттой ойр уулзсан хүмүүсийн хоорондох ялгаа нь намайг үнэхээр гайхшруулсан. Энэ баян, ядуугийн ялгаа зөвхөн ёс зүйн хувьд асуудалтай төдийгүй, практик талаасаа ч элдэв асуудлын эх үүсвэр болдог. Бид үүнийг Энэтхэгт, мөн дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орон болох АНУ-д ч харж болно. Ядуу хүмүүс өөрсдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулахын тулд өөртөө итгэлтэйгээр шаргуу хөдөлмөрлөх, зүтгэх хэрэгтэй бол харин чинээлэг хүмүүс тэдэнд дэмжлэг үзүүлж, нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгдөг байх ёстой.
"Дэлхий дээрх асуудлуудыг цөөн хэдэн хүн, тэр байтугай Нобелийн энх тайвны шагналтнууд ч өөрсдийн үйлдлээр шийдэх боломжгүй. Дэлхийн 7 тэрбум хүн бүр бүгдээрээ илүү аз жаргалтай, илүү тэгш эрхтэй амьдарч болох ертөнцийг бий болгохын төлөө бид бүгдээрээ хичээх ёстой. Ертөнцийн хаана ч бай хүн нэг бүр илүү сайхан ирээдүйн төлөө хөдөлмөрлөх, хичээх үүрэгтэй."
9-р сарын 11-нд хоёр ихэр цамхаг нурж, 3000 хүн нас барахад бид гашуудаж, дурсаж байсан ч, тэр үед дэлхий даяар 36,000 гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдлаас болж нас барахад энэ талаар хэн ч юу ч хэлж байгаагүйг Бетти Уильямс хэлэв. Лейма Гбови, Африк бол зөвхөн нэг улс биш, харин 54 үндэстнээс бүрдсэн тив гэдгийг санууллаа. Африкийг өвчин мэт үздэг хандлага түүнд таагүй мэдрэмж төрүүлдэг гэв. Тэрээр ядуурал, мунхаглал, үл тоомсорлолын асуудлыг шийдвэрлэхийн тулд Африкийн боловсролын тогтолцоог бүрэн шинэчлэхийг уриалав. Африкийнхан өөрсдийнхөө түүхийг судлахгүй байж, яагаад Итали, АНУ-ын түүхийг судлах ёстой гэж. Тэрээр мөн эрүүл мэндийн дэд бүтцэд илүү их хөрөнгө оруулалт хийсэн бол өдгөө дэлхий эболагийн хямралтай тулгарахгүй байсныг ч хэлэв.
|
| Зураг. Нобелийн энх тайвны шагналтнуудын Дэлхийн дээд хэмжээний XIV дэх уулзалтын сүүлийн хуралдааны үеэр Ширин Эбади үг хэлж буй нь … Итали, Ром , 2014 оны 12 сарын 14 Зургийг: Оливер Адам |
Төрөлх фарси хэлээрээ үг хэлсэн Ширин Эбади өнөөдөр Исламын ертөнцөд тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулахыг уриаллаа. Сирийг хэт даврагчид эзэлж, гэмгүй хүмүүсийг олноор хөнөөж байна. ISIS бол зүгээр нэг террорист бүлэглэл биш, харин буруу үзэл суртал бөгөөд бид фундаментализмын үндэс болох мунхаг байдалтай тэмцэх хэрэгтэй. ISIS-ийн үзэл баримтлалыг Исламын шашин огт хүлээн зөвшөөрдөггүй. Ойрхи дорнодын засгийн газруудын аль нь ч ардчилсан биш байгаад гол асуудал байна. Хүмүүс олон жилийн турш ийм нөхцөлд амьдарснаар дарангуйллаас залхаж эхлэн, тэмцдэг хэдий ч удалгүй эргээд дарагддаг. Европын орнууд дарангуйлагчдад туслахаа зогсооно уу. Тэд хууль бусаар олсон эд хөрөнгөө Европын банкуудад байршуулдаг бөгөөд алба тушаалаасаа буусан ч тэр мөнгө хэзээ ч эх оронд нь эргэж ирдэггүй гэлээ. Тэрээр өмнөх уриалгаа давтан илтгэлээ өндөрлүүлсэн ба энэ нь "Дарангуйллыг дэмжихээ зогсооно уу." гэсэн үг байлаа.
Африк тивд бид хэрхэн тусалж чадах вэ? хэмээн Майрид Магуайр асуухад тэр: "Бид бие биедээ хүн ёсоор хандах ёстой. Бид нэгнээ хайрладаг ч заримдаа алдаа гаргадаг шүү дээ. Тэдгээр алдаагаа хянах, бие биетэйгээ харилцах шинэ арга замуудыг олох хэрэгтэй. Африкийн ард түмэнд өгөх миний зөвлөгөө гэвэл асуудлаа өөр өөрсдийнхөө аргаар шийдвэрлэх явдал юм." гэнэ.
Өчигдөр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюулыг нүдэнд харагдтал тайлбарласан Ражендра Пачаури сэргээгдэх эрчим хүчний нөөцийн талаар үг хэллээ. Тэрээр гэрийн нөхцөлд эмэгтэйчүүдийн ажиллуулах нарны зай хураагуураар сая сая хүний амьдралыг гэрэлтүүлэх төсөлт ажлын талаар ярьсан юм. Түүний үгэнд : "Одоо бид өөрт тулгарч байгаа аюул заналын талаар мэддэг болсон учраас уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй олон талт сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе." гэв.
Хэлэлцүүлэг өндөрлөсний дараа Таваккол Карман 2014 оны энх тайвны дээд хэмжээний уулзалтын шагналыг гардуулахаар индэрт гарч ирэв. Тэрээр энэ жил уг шагналыг Италийн нэрт кино найруулагч Бернардо Бертолуччи хүртсэнийг зарлаад, түүний кино урлаг дахь урт удаан карьерын оргил болсон "Сүүлчийн эзэн хаан" кино нь нэр дэвшсэн 9 төрөлдөө Оскарын шагнал хүртэж байсныг дурсав. Бертолуччи танхимд тэргэнцэртэй орж ирэхэд, Дээрхийн гэгээн Далай лам түүнийг угтахаар доош бууж, түүнд цагаан өнгийн хадаг өргөн барив. Бертолуччи шагналыг хүлээн авч, сэтгэгдлээ илэрхийлэх үед Дээрхийн гэгээн түүний микрофоныг барьж туслаж байлаа. Бертолуччи үг хэлэхдээ өөр шигээ тэргэнцэртэй хүмүүст туслах хэрэгцээний талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн төлөө хичээж байгаагаа хэлэв.
|
Зураг. Нобелийн энх тайвны шагналтнуудын Дэлхийн дээд хэмжээний XIV дэх уулзалтын үеэр Энэ уулзалтын дээд шагналыг хүртсэн Италийн нэрт кино найруулагч Бернардо Бертолуччиг үг хэлэхэд Дээрхийн гэгээн түүнд микрофон барьж өгч буй нь … Итали, Ром , 2014 оны 12 сарын 14 Зургийг: Оливер Адам |
Хаалтын ёслолын үеэр уулзалтыг зохион байгуулагч, Ром хотын дарга Игнасио Марино дэлхий даяар дайн дажинтай байгаа газруудад итгэл найдвар төрүүлсэн энэхүү хурлыг зохион байгуулж байгаа нь Ром хотынхны хувьд нэр төрийн хэрэг боллоо хэмээгээд энх тайвны шагналтнуудыг хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж, дэлхийг өөрчлөх хамгийн хүчтэй хэрэгсэл байсаар ирсэн, уулзалтын уриалга болох боловсролын төлөөх уриалгыг давтав. Үүний илэрхийлэл болгон хурлын үйл ажиллагаанд залуусыг тусгайлан урьж оролцуулсан байна.
Байнгын хорооны нарийн бичгийн дарга Екатерина Загладина уулзалтыг амжилттай зохион байгуулсан бүх хүнд онцгойлон талархал илэрхийллээ. Үндсэн ивээн тэтгэгчдийн нэг болох Mazda компанийн гүйцэтгэх захирал мөн бүх хүнд талархалаа илэрхийлээд, бидний зорилго бол илүү сайхан дэлхий ертөнцийг цогцлоох явдал юм гэдгийг давтан хэлэв.
Үүний дараа Лейма Гбови дээд хэмжээний уулзалтын тунхаглалыг уншиж сонордууллаа. Тэрээр энэ уулзалт Нельсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх зорилготой байсныг дурдаад, Өмнөд Африкийн засгийн газар Дээрхийн гэгээн Далай ламд виз олгохоос татгалзсаны улмаас түүний төрөлх эх оронд энэхүү уулзалтыг зохион байгуулж чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тунхаг бичигт Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй аюул эрсдэл үргэлжилсээр байгааг ч мөн анхааруулав. Хүний эрх, эмэгтэйчүүд, хүүхдийн сайн сайхны төлөө энэ мэтийн бүх зөрчлийг таслан зогсоохоор ажиллахаа амлахыг мөн энд уриаллаа. Мөн хорлон сүйтгэгч робот болон бусад ялгаварлан гадуурхах зорилготой дайны зэвсгийн хэрэглээ нэмэгдэхийн эсрэг байр сууриа илэрхийлэв.
|
Зураг. Нобелийн энх тайвны шагналтнуудын Дэлхийн дээд хэмжээний XIV дэх уулзалтын үеэр Лейма Гбови уулзалтын тунхаглалыг танилцуулж буй нь …. Итали, Ром , 2014 оны 12 сарын 14 Зургийг: Оливер Адам |
Уулзалтын зочин, Атланта хотын дарга хуран цугласан зочид төлөөлөгчдийг ирэх жил өөрийн хотдоо зохион байгуулагдах хуралд урилаа. Тэрээр Атланта хот орших Жиоржиа мужаас Мартин Лютер Кинг, Жимми Картер гэсэн хоёр Нобелийн энх тайвны шагналтан төрөн гарсныг дурдаад,: "2015 онд илүү олон үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Би Ромд өнгөрүүлсэн энэ өдрүүдийг хэзээ ч мартахгүй. Та бүхэнд маш их талархлаа" гэлээ.
Уулзалтын төгсгөлийн үйл ажиллагаа болох хэвлэлийн бага хурлыг Ром хотын дарга нээж үг хэлэхдээ: Ром хот болон өөрөө тус уулзалтыг зохион байгуулснаараа ихэд бахархаж байгаагаа давтав. Дээрхийн гэгээний Өмнөд Африкийн визний асуудлыг сонсоод Ромыг санал болгосон тухайгаа мөн хэллээ. Уулзалт өндөрлөж байгаа тул ирсэн зочид, төлөөлөгчдийг аян замдаа сайн явахыг ерөөжээ.
“Өмнөд Африкийн мэдээ” -ний багаас эхний асуултыг суулаа. Кейптаун хотын дарга Дээрхийн гэгээн танд дахин урилга өгсөн. "Та ирэх үү?" гэхэд тэрээр: "Миний зүгээс асуудалгүй ээ, харин танай засгийн газрын зүгээс хэрхэхийг мэдэхгүй тул би яг хэлж чадахгүй нь." гэлээ .
Хоёр дахь асуулт мөн л Дээрхийн гэгээнд хандсан асуулт байсан бөгөөд Хонг Конг дахь ардчиллыг дэмжигч оюутнууд, эсэргүүцэгчдийг дэмжиж буй эсэхийг асуухад :
"Үндсэндээ эдгээр залуус бүрэн ардчилсан тогтолцоог хүсэж байна. Хүн бүр, хятадын эх газрын сэхээтнүүд хүртэл үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ тэд хэдий сайн сэдэл тэмүүлэлтэй, хэчнээн их найдаж байсан ч амжилтад хүрэхийн тулд бодит байдалд суурилсан хандлагыг баримтлах ёстой. БНХАУ-ын засгийн газар хүчирхэг бөгөөд тийм өөрчлөлт амархан ирэхгүй л болов уу."
|
| Зураг. Нобелийн Энх тайвны шагналтнуудын Дэлхийн дээд хэмжээний XIV дэх уулзалтын төгсгөлд Дээрхийн гэгээн Далай лам болон Нобелийн энх тайвны шагналтнууд хэвлийн бага хуралд сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь …. Итали, Ром , 2014 оны 12 сарын 14 Зургийг: Оливер Адам |
Уулзалтад оролцсон эмэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн манлайлалд гүйцэтгэх үүргийн талаар гурав дахь асуултыг тавихад, Дээрхийн гэгээн эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, тэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэж тэр даруй хариулав. Жоди Уильямс энд санал нэгдэж, эрчүүд хэтэрхий урт хугацаанд заавал байх ёсгүй давуу эрхийг эдэлж ирсэн гээд, эмэгтэйчүүдэд үг хэлэх, хууль хэрэгжүүлэх боломжийг олгохыг уриаллаа. Энэ нь гэхдээ тэдний хувьд хэцүү тэмцэл болохыг Бан Ги Мүүн эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихээ олон нийтэд зарлаад, долоо хоногийн дараа энхийг сахиулах баг бүрдүүлэхдээ 15 эрэгтэй, 3 эмэгтэйг томилсон сүүлийн тохиолдлоор жишээлэн дурдав. Тэрээр бид хэргэжүүлэхийг хүссэн бүхнээ хэрэгжүүлэхийн тулд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хоёул хэрэгтэй гэв. Бетти Уильямс эх хүний хувьд дайны талаар үг хэлж: "Та нар миний хэвлийгээс ургаж гарсан үр жимсийг устгаж болохгүй." хэмээн хатуу хэлэв.
Ширин Эбади бидний хэлэлцэж байгаа энэ асуудал бол эмэгтэйчүүдийн эсрэг гүн гүнзгий тогтсон ялгаварлан гадуурхалт юм гэдгийг тодорхой хэлээд, эцгийн эрхт ёс нь эмэгтэйчүүдийг тусгаарлаж, гадуурхах нэгэн хүчин зүйл болж байна гэв. Эмэгтэйчүүд энэ бүхний хохирогч ч болдог, бас заримдаа оролцогч болдог гээд эцгийн эрхт ёсыг цус бүлэгнэхгүй өвчин буюу гемофилитэй зүйрлэсэн бөгөөд энэ өвчин нь бага зэргийн шарх их хэмжээний цус алдахад хүргэдэг. Мөн энэ нь зөвхөн эрэгтэй хүүхдэд дамждаг гентэй холбоотой, эцгийн эрхт ёс ч мөн үүнтэй адил юм.
Энэ бэрхшээлийг даван туулахын тулд эмэгтэйчүүдэд боловсрол, сургалт олгох хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр мөн эмэгтэйчүүд шашин дахь өөрсдийн үүргийг дахин харах цаг болсоныг ч дурдлаа.
Таваккол Карман цааш нь дэлхий даяарх эмэгтэй хүн бүр өөрчлөлтийг манлайлах ёстойг нэмж хэлээд, бидэнд АНУ, Орос, Иран, Хятад, Саудын Араб, НҮБ-д эмэгтэй Ерөнхийлөгч хэрэгтэй гэв. "Хэрэв эмэгтэйчүүд засгийн эрхэнд байсан бол дайн гарахгүй байсан." гэлээ. Түүний энэ саналыг Лейма Гбови дэмжиж, бид юмсыг бүрэн харахын тулд хоёр нүд хэрэгтэй. Хэрэв нэг нүдээ таглавал тод харж чадахгүй. Эмэгтэйчүүдийг ингэж гадуурхсанаас болж дэлхий ертөнц хөл толгой нь мэдэгдэхгүй, орвонгоороо эргэж байна шүү дээ хэмээн дүгнэв.
|
| Зураг. Нобелийн Энх тайвны шагналтнуудын Дэлхийн дээд хэмжээний XIV дэх уулзалтын төгсгөлд болсон хэвлэлийн бага хуралд Таваколл Карман үг хэлж байгаа нь …. Итали, Ром , 2014 оны 12 сарын 14 Зургийг: Жереми Русселл |
Афганистаны тухай асуултад Ширин Эбади 38 жилийн өмнө ЗХУ тус улсад довтолж, тэдний эсрэг тэмцэхэд туслах зорилгоор АНУ Талибаныг бэхжүүлж, зэвсэглэж эхэлсэнийг сануулав. Харин бирдийг шидэт дэнлүүнээс гаргасныхаа дараа Талибан одоо АНУ-ын эсрэг байлдаж байна гэжээ.
Дээрхийн гэгээн Далай ламаас “Ромын Пап ламтай уулзахаар төлөвлөж байсан ч уулзаж чадаагүй, хэрэв уулзсан бол Пап ламд юу хэлэх байсан бэ” гэхэд Дээрхийн гэгээн "Би иймэрхүү зүйлстэй олон удаа тулгарч байсан. Энэ бол байдаг л зүйл. Асуудал биш. Зарим хүмүүст би асуудал гаргаад байгаа юм шиг харагддаг тул тэд намайг хааж хориглохыг оролдох нь ойлгомжтой. Асуудалгүй." гэв
Жоди Уильямс үг хэлж, Лю Сяобогийн тухай өөр нэг тунхаглал гаргахыг санал болгов. Тэрээр: "Энх тайвны төлөө хамтран тэмцэгч, бидний нөхөр Лю Сяобо энд бидэнтэй нэгдэж чадахгүй байгаад харамсалтай байна. Хятадын эрх баригчид түүнийг шоронд хорихоос гадна өөр нэгэн шагналтанд хүндрэл бэрхшээл учруулсаар байна. Үүгээр ч зогсохгүй тэд шашны удирдагчдын уулзах уулзалтад ч хөндлөнгөөс оролцож, хориглолоо. Лю Сяобо бидэнтэй хамт байх өдөр ирнэ. Яг үүний адилаар дэлхий цөмийн зэвсгээс ангид байх өдөр бас ирнэ." хэмээжээ.
|
| Зураг. Нобелийн Энх тайвны шагналтнуудын Дэлхийн дээд хэмжээний XIV дэх уулзалтын хэвлэлийн бага хурлын үеэр Далай лам үйл хөдлөлөөрөө өөрийгөө илэрхийлж байгаа нь …. Итали, Ром , 2014 оны 12 сарын 14 Зургийг: Оливер Адам |
Лейма Гбови Африкийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн туслах тухай ярихдаа "тэдэнд ингэ тэг гэж хэлэхээс илүүтэй хамтдаа ярилцах" хэрэгтэйг онцлон тэмдэглэв.
Нобелийн энх тайвны шагналтнуудын 14 дэх дэлхийн дээд хэмжээний уулзалт ийнхүү өндөрлөлөө. Дээрхийн гэгээн Далай лам маргааш Энэтхэг рүү буцна.










