Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин - Дээрхийн гэгээн Далай лам Эрхэмсэг ноён Шри Нарендра Модид өөрийнх нь удирдсан Үндэсний Ардчилсан Эвсэл сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэн захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа, “Энэтхэг улс дэлхийн хамгийн том ардчилсан орон гэдгээ харуулж буйд би бахархаж байна. Энэ сонгууль Энэтхэгийн ард түмэн ардчиллаа хэрхэн эрхэмлэдгийг илтгэн харууллаа. Эртний соёл иргэншлийн өлгий Энэтхэг орон хүч үл хэрэглэх зарчим, энэрэл нигүүлслийг дээдэлдэг, энэ үзлээрээ олон улсын хамтын нийгэмлэгт манлайлж, үүгээрээ улам бүр хүлээн зөвшөөрөгдөж байна.
Энэ завшаанд төвөдүүд биднийг халуун дулаан сэтгэлээр хүлээн авч, тусалж дэмжсээр ирсэн Энэтхэгийн Засгийн газар, ард түмэнд нийт үндэс угсаа нэгтнийхээ өмнөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эх орноосоо дүрвэн амьдарч буй ч бид энэтхэгчүүдийн өгөөмөр, нинжин сэтгэлийн ачаар эртнээс дамжиж ирсэн өв соёлоо айх аюулгүй, эрх чөлөөтэй хадгалан хамгаалж чадсан билээ. Мөн бид орчин цагийн энэтхэг залуусын дунд эртний Энэтхэгийн мэргэн ухааныг судлах сонирхлыг нэмэгдүүлж чадлаа.
Таныг шинэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд, агуу үндэстнийхээ итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхэд тулгарах аливаа сорилтыг даван туулахад тань амжилт хүсье"
Дээрхийн гэгээн захидлынхаа төгсгөлд залбирал, сайн сайхныг ерөөсөн байна.










