АНУ, Нью-Йорк - Дээрхийн гэгээн Далай лам саяхан болсон сонгуульд нам нь ялалт байгуулж, Их Британийн Ерөнхий сайдаар томилогдсон ноён Кейр Стармерт баяр хүргэсэн захидал илгээжээ.
Тэрбээр захидалдаа “Өнөөдөр дэлхий нийт маш хүнд сорилтуудтай нүүр тулж байна. Харилцан шүтэлцээтэй өнөөгийн дэлхий ертөнцөд Их Британи улс энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна.
Их Британид хэд хэдэн удаа айлчлахдаа танай ард түмний халуун дулаан сэтгэлийн илчийг мэдэрсэн билээ. Мөн шашин хоорондын эв нэгдэл зэрэг хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээх үйл хэргийг минь британичууд чин сэтгэлээсээ сонирхон дэмжиж байдагт сэтгэл дүүрэн байлаа. Танай улсын нийгмийн бүхий л хүрээний хүмүүс надад халуун дотно, нөхөрсөг хандаж байсанд талархаж явдаг билээ.
Түүхэндээ Төвөд улс Их Британитай удаан хугацааны, өвөрмөц харилцаатай байсаар ирсэн. Төвөдийн зүй ёсны эрх, эрх чөлөөний төлөөх хүсэл эрмэлзлийг олон жилийн турш тууштай дэмжиж ирсэн британи хүн олон байдагт би үргэлж талархдаг.
Их Британийн ард түмний хүсэл тэмүүллийг биелүүлэх их үйлсэд тань амжилт хүсье” хэмээн дурджээ.
Орчуулсан Б.Ганчимэг










