Энэтхэг, Химачал Прадеш, муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин хийд- Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурмуд 66 насных нь төрсөн өдрөөр баярын мэндчилгээг илгээж, энэхүү агуу, эртний улс орныг удирдан чиглүүлэх үйлсэд нь эрүүл энх, аз жаргал, амжилт хүссэн захидал бичжээ.
Тэрбээр захидалдаа,
"Энэтхэг улс нь энэрэл нигүүлсэл, хүчирхийлэл үл үйлдэх зарчмыг баримталж ирсэн эртний түүхэн уламжлалаас улбаатай баялаг соёл иргэншилтэй билээ. Мөн Энэтхэг нь дэлхийн хамгийн том ардчилсан улс. Иймд дэлхийн энх тайван, сайн сайханд хувь нэмрээ оруулах асар их боломж бий. Би Энэтхэгийн хүч чадал хийгээд дэлхий нийтийг манлайлж байгаад нь бахдан биширдэг.
Манай төвөдүүдийн хувьд Энэтхэг орон ямагт Арьяа буми буюу хутагтын орон, бидний оюун санааны соёлын эх булаг хэвээр байх болно. Иймд бид Энэтхэгийн ард түмэнд гүн хүндэтгэлтэй хандаж, ойр дотно холбоотой байдаг. Энэ үүднээс бид эртний Энэтхэгийн өв болох оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг, ойлголтыг түгээхийг эрмэлздэг билээ. Эл мэдлэг, ойлголт нь дотоод сэтгэлийн амар амгаланг олох, халуун дулаан сэтгэлийг хөгжүүлэх, уур хилэн гэх мэт хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлөөс салах үндэс суурь болдог юм" гэжээ.
Дээрхийн гэгээн Далай лам захидлаа залбирал, ерөөлөөр өндөрлөсөн байна.










