Хийлийн чанад дахь Төвөдийн оюун санааны удирдагч тэрээр сүүлийн жилүүдэд цөмийн зэвсэгтэй улсууд олширсон ч найдвараа алдаагүй хэвээр байгаа ба Хирошимагийн үлдээсэн түүхэн сургамж нь цөмийн зэвсгийн аймшигт хор хөнөөлийг өнөөдөр ч дэлхий дахинд хүчтэй сануулсаар байгааг онцлон тэмдэглэв.
“Эндээс дэлхий дахинд хүргэх уриалга минь цөмийн зэвсэг бол аймшигтай зүйл” хэмээн тэрээр Японы баруун хэсэгт болсон Нобелийн энх тайвны шагналтнуудын зөвөлгөөн дээр айлдлаа.
“Эхлээд Хирошимад, дараа нь Нагасакид хоёр удаа атомын бөмбөг хаясан. Тэр цагаас хойш хэн ч ийм аймшигт зэвсгийг дахин ашиглахаас зүрхшээдэг болсон гэж би бодож байна. Эдгээр хоёр хот дэлхий дахинд нэгэн хүчтэй сануулга илгээх ёстой. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн зэвсгийг эрт орой хэзээ нэгэн цагт бүрэн устгах шаардлагатай гэдгийг сануулах ёстой” хэмээн тэрээр онцлон айлдав.
Дэлхийн II дайны төгсгөлд АНУ-ын атомын бөмбөг Хирошима болон Нагасаки хотуудыг сүйрүүлж, 210 мянга гаруй хүний амийг шууд болон аймшигт түлэгдэл, цацрагийн нөлөөгөөр хөнөөсөн билээ.
Сүүлийн жилүүдэд олон улс цөмийн зэвсэгтэй болсон ба Коммунист Хойд Солонгос өнгөрсөн сард анхны атомын туршилтаа хийсэн тухай мэдэгдэж, Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг эрэлхийлж байгаа хэмээн таамаглаж байна. Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгт бараг 50 гаруй жил цагаачилсан бөгөөд Энэтхэг, Пакистан 1998 онд албан ёсоор цөмийн зэвсэгтэй улс орнуудын тоонд орох болжээ.
71 настай Далай лам даяаршлын үйл явц нь хүн төрөлхтөн өөрсдийн ирээдүйн талаар гүнзгий бодох дохио, сэрэмж байх ёстой ба “Одоо үндэсний хил хязгаар тийм ч чухал биш. Дэлхий нийт нэгэн байгууллага, нэг бие юм. Энэ бол шинэ бодит байдал,” хэмээн тэрээр мөн онцоллоо.
“Би үргэлж хүмүүст хэлдэг. Хүн төрөлхтөн ухаантай учраас хамгийн их бэрхшээлийг бий болгодог. Гэвч яг энэ ухаан бидэнд зөвхөн өөрсдийгөө төдийгүй бүх дэлхийг асран хамгаалах чадварыг ч мөн олгож байдаг. Хэрэв бид энэ боломжийг үл тоомсорловол хүн амын өсөлт, баян ядуугийн ялгаа тэлж, цөхрөл нэмэгдсэнээр хүчирхийлэл улам даамжрах аюултай. Харин зөв алсын хараатай байж чадвал эерэг үр дүн зайлшгүй гарна” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
Дээрхийн гэгээн Далай лам Япон улсад 12 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд Төвөдийг 1950 онд цэрэглэн эзэлсэн БНХАУ түүнийг гадаад орнуудад хүлээн авч уулзах явдлыг тогтмол эсэргүүцсээр ирсэн юм.










