Япон, Чиба муж, Нарита хот. 2010 оны 10 дугаар сарын 13. “2010 оны Нобелийн Энх тайвны шагналыг “зөв хүнд, зөв цагт” олгожээ” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам онцлон хэлээд, “Энэхүү шийдвэр нь Хятадад өөрчлөлт авчрахад чухал хувь нэмэр болж чадна” хэмээн мэдэгдлээ.
Дээрхийн гэгээн АНУ-ыг зорих замдаа Нарита олон улсын нисэх онгоцны буудалд богино хугацаанд саатаж, энэ үеэр Хятадын Засгийн Газар Лю Шяобод Нобелийн Энх тайвны шагнал олгосныг эсэргүүцэж буйд ихэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, “Хятад улс зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай байгаад зогсохгүй зарим хатуу байр суурь, хуучинсаг сэтгэлгээнээс гарч чадахгүй хэвээр байна” хэмээн айлдав.
1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан Дээрхийн гэгээн “Хятадын Засгийн Газар өөр үзэл бодлыг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд илүү нээлттэй, ил тод нийгмийг цогцлоох нь хятадын ард түмнийг бүхэлд нь хамгаалж, аврах цорын ганц зам юм” хэмээн айлджээ.










