Япон улс, Хирошима хот, 2006 оны 10-р сарын 31, (Цэринг Цомо)
Дээрхийн гэгээн XIV Далай лам мягмар гарагийн орой Хирошима хотын нисэх онгоцны буудалд морилон лхагва гарагт эхлэх 2006 оны Хирошимагийн Олон улсын Энх тайвны дээд хэмжээний уулзалт-д илтгэл тавихын зэрэгцээ шашны айлдвар айлдах айлчлалаа эхлүүллээ.
Нисэх буудлаас гарч явах үед Төвөдийн уламжлалт хувцас өмссөн нэгэн япон хос Төвөдийн далбаа барин угтсан бөгөөд Японы үндэсний томоохон телевиз, радиогийн байгууллага болох Ниппон Хосо Кёкай (NHK)-ийн сурвалжлагчид түүний Хирошимад морилж буйг газар дээрээс нь сурвалжилж байв. NHK нь Япон даяар телевиз, радиогийн олон төрлийн хөтөлбөр цацдаг үндэсний хэмжээний томоохон хэвлэл мэдээллийн байгууллага юм.
Дээрхийн гэгээнийг Япон дахь өөрийн төлөөлөгч Чопэл Палжор Цэринг болон Токиод байрлах Далай ламын Харилцаа холбооны албаны ажилтан хүмүүс дагалдан явжээ. Тэрбээр Хирошима хотод нийт найман хоног залрах юм.
Хоёр өдрийн турш үргэлжлэх энх тайвны дээд хэмжээний уулзалтын дараа Далай лам Хирошима мужийн үзэсгэлэнт Мияжима арал дээр орших Дайсүоин хийдэд дээдийн номын айлдвар айлдана. Мөн баасан гарагаас эхлэн Мияжимад Майтрейя (Ирээдүйн) Бурханы хөшөөг аравнайлах ёслолыг удирдан явуулж, номын айлдвар айлдах юм.
Мягмар гарагт Дайсүоин хийдэд бэлтгэл ажил ид өрнөж, Энэтхэг улсаас ирсэн Дэпүнг Гоман хийдийн арваад лам зургаан өдрийн турш үргэлжлэх номын айлдварын бэлтгэл зан үйлийг үйлдэж эхэлсэн бөгөөд уг ёслолд ойролцоогоор 2000 гаруй сүсэгтэн оролцох төлөвтэй байгааг Энэтхэгээс ирсэн Төвөд лам Дадакд мэдээлжээ.
Мөн Рюзүоин Дрэпүнг Гоман хийд болон Манжушри Махаяна Бурханы шашны Холбоо-ны лам хуврагууд, сүсэгтэн олон Дээрхийн гэгээнийг нисэх буудалд ёслол төгөлдөр угтан авлаа. Рюзүоин хийд нь Өмнөд Энэтхэгт орших Дэпүнг Гоман хийдийн Япон дахь салбар юм.
Зураг. Хирошима хотын нисэх онгоцны буудалд морилсоны дараа Дээрхийн гэгээн Далай лам тэнд цугласан Төвөдүүд болон тэднийг дэмжигчдэд адис хүртээж буй агшин. Тэрбээр арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Өмнөд Африкийн Нобелийн энх тайвны шагналт, хамба лам Дэсмонд Туту, Умард Ирландын энх тайвны зүтгэлтэн Бетти Уильямс нарын хамтаар Хирошима хотод зохион байгуулагдах хоёр өдрийн Энх тайвны дээд хэмжээний уулзалт-д оролцохоор төлөвлөсөн байна. Зурагт мөн Далай ламын Зүүн Азийг хариуцсан харилцааны төлөөлөгч Чопэл Палжор Цэринг харагдаж буй нь.
Япон улс, Хирошима хот, 2006 оны 11 сарын 01-ны өдөр. Зургийг: Лобсанг Вангья










