РОЧЕСТЕР хот, Миннесота, АНУ (Грегг Аамот, Ассошиэйтед Пресс агентлаг) - Судип Кунду хэмээх нэгэн эр амьдралын эмх замбараагүй хэмнэл, бухимдлаасаа болж ихээхэн дарамтад оржээ. Тэр үед Далай ламын “Аз жаргалын урлаг” хэмээх номыг уншсанаар шинэ ойлголт, өөр үзэл бодолтой болжээ.
Тиймээс төвөдийн буддистуудын оюун санааны удирдагчийг Миннесотад айлчлах ховорхон үеэр үг хэлэх мөчийг алдахыг тэр хүссэнгүй.
“Энэ мөч надад маш сэтгэл хөдлөм санагдаж байна. Би Дээрхийн гэгээнийг үнэхээр их биширдэг” хэмээн “Мэйо” эмнэлгийн программ хангамжийн мэргэжилтэн Кунду ярив. “Тэрбээр бидний дунд тун ховор хүн, гэгээрсэн нэгэн. Энэ түвшинд хүрэх үнэхээрийн хэцүү”.
Далай лам Миннесота мужид суурьшсан төвөд дүрвэгсэдтэй уулзах айлчлалынхаа үеэр Даваа гарагт эмнэлгийн тогтмол үзлэгт хамрагдсаны дараа “Мэйо” эмнэлгийн 300 орчим ажилтанд хандан үг хэлжээ.
Эмч, сувилагчдын халамж, зүтгэлийг сайшаасны дараа тэрбээр гол сэдэв болох эрүүл амьдрахад оюун хийгээд сэтгэл санааны сайн сайхан байдлын ач холбогдлыг дурдав.
Тэрбээр “Үзэн ядалт, уур хилэн, атаархал зэрэг сөрөг сэтгэл хөдлөл биеийг өвчлөлд хүргэж болзошгүй. Харин хайр, уучлал, энэрэл нигүүлсэл тэргүүт нь бие эдгэрч, эрүүл байхад тусалдаг юм. Хэрвээ хүний оюун санаанд сөрөг сэтгэл хөдлөл давамгайлах юм бол энэрэнгүй, нинжин сэтгэл, уучлал, тэвчээр тэргүүтнийг хөгжүүлэх боломжгүй. Ингэснээр эдгээр сайн чанараас үүдэх сэтгэлийн амар амгалан ч бий болохгүй” хэмээлээ.
Уг илтгэл "Зовлонтой тулгарах үеийн өрөвч сэтгэл" сэдэвтэй байв. Гүн улаан орхимжтой Далай лам “Мэйо” эмнэлгийн хурлын танхимд орж ирэхэд нам гүм ноёлж, урд эгнээнд суусан хүмүүс рүү гараа хавсран мэхийн мэндчилжээ.
1989 оны Нобелийн Энх тайвны шагналын эзэн Далай лам өмнөх өдөр нь Миннеаполис хотод Миннесотад оршин суугаа 1500 орчим төвөд дүрвэгчид зориулж үг хэлжээ. Миннесота нь Нью-Йорк хотын дараа орох хамгийн олон төвөд дүрвэгчтэй муж билээ.
Далай лам Хятадын коммунист нам Төвөдийг эзэлсний дараагаас буюу 1959 оноос хойш цөллөгт амьдарч байгаа юм. Тэрбээр саяхан Төвөдийн тусгаар тогтнолын шаардлагыг удаан хугацаанд үгүйсгэж ирсэн Хятад улсад мөргөл үйлдэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.
Даваа гарагт улс төрийн сэдвээс бага зэрэг зайлсхийж, илтгэлийнхээ дараа хурлын удирдагчдын цөөн асуултад хариулсан бөгөөд сэтгүүлч, үзэгчдээс асуулт хүлээн аваагүй ажээ.
Тэрбээр Төвөдийн асуудалд анхаарал хандуулахаас гадна өөрийн гол хоёр зарчим болох бүх шашныг хүндэтгэх шашингүй ёс суртахуун, шашны эв нэгдэл, зохицлыг баримталдгаа дурдсан юм.
Миннесотад айлчлахаасаа өмнө Калифорни мужийн мусульман шашны удирдагчидтай уулзсанаа дурдан, “ХХ зуун дайнаар тодорхойлогдож байсан бол XXI зуун янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүсийн хоорондын яриа хэлэлцээрээр тодорхойлогдож магадгүй юм” хэмээн зөгнөн хэлжээ.
5 жилийн өмнө буюу 70 настайдаа Миннесотад айлчлах үеэр ардчилал, шашны олон ургалч үзэл, шинжлэх ухааны дэвшил зэрэг үнэт зүйлийг сурталчилж байв. Мөн Хятадын Төвөдийг эзэлсэн бодлогын эсрэг хүчирхийлэлгүй тэмцлийг тууштай дэмждэг нэгэн билээ.
“Мэйо” эмнэлгийн туслах Дебра Хаугстад, “Далай лам бүх шашны хүмүүст адилхан үнэ цэнтэй зүйлсийг санал болгодог хэмээн боддог юм. Би Лютеран шашинтан ч зовлонг давах нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Тэр өдөр бүрийг зүгээр л энгийн нэгэн өдөр мэт хүлээн авч, аливаад санаа зовохгүй байх шиг санагддаг” гэжээ.
Далай лам Тэнзин Гяцо асуултад хариулахын өмнө доош харж, толгойгоо маажин, өөрийгөө элэглэн сууж байв. “Надад мэдэхгүй англи үг гарч ирвэл толь эргүүлж үзэхээс нэн залхуурдаг” хэмээн хошигножээ.
Мөн анагаах ухааны судалгааны талаарх өөрийн үзэл бодлоо уртаар илэрхийлснийхээ дараа “Үүнээс өөрийг би сайн мэдэхгүй дээ” хэмээн хошигноход танхим инээдээр бялхав.
Сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай нэгтгэн дүгнэхдээ тэрбээр нэгэн эртний буддын шашны сургаалыг эш татан, "Та өөрөө өөрийнхөө эзэн юм” хэмээжээ.
Орчуулсан: Н.Долгар