Энэтхэг, Дарамсала, (Phayul) - Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэг улсаар аялсан 23 хоногийн айлчлалаа амжилттай дүүргээд, өчигдөр төвөд иргэдийн суурьшлын төв Дарамсала хотноо хүрэлцэн ирлээ.
Дээрхийн гэгээн, Энэтхэгийн ерөнхийлөгч асан доктор Абдул Кала нар өчигдөр Дели хотноо Дэлхийн иргэншлийн эв найрамдлын сангийн нээлтийн ёслолд хүндэт зочдоор уригдан оролцсон билээ.
 | | Зураг. Дээрхийн гэгээн, Энэтхэгийн ерөнхийлөгч асан доктор Абдул Калам болон бусад зочид Соёл иргэншлийн эв найрамдлын дэлхийн сангийн албан ёсны нээлтэд оролцож буй нь... Даян дэлхийн зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх шинэ санаачилгыг хэрэгжүүлэх Энэтхэг, дорнын соёлт тус сангийн нээлт “Chinmaya Mission Hall” өргөөнд болов. Зургийг. Тэнзин Дасэл (Phayul.com) |
Дээрхийн гэгээн монголын бурхны шашны сүсэгтнүүдийн хүсэлтийн дагуух номын 5 хоногийн айлдвараа өндөрлөөд, тус аяллаа 12 дугаар сарын 31-ний өдөр Дарамсала хотоос эхэлсэн билээ. Дээрхийн гэгээн энэхүү 23 хоногийн айлчлалын хүрээнд Мунгод, Бангалор, Ахмедабад, Дели хотд айлчлах үеэрээ олон арга хэмжээнд оролцон, сүсэгтэн олонд ном айлдаж, цуврал лекцийг сонордуулав.
Далай лам аяллаа Өмнөд Энэтхэгийн Төвөдийн суурин Мунгод хотоос эхлэн, 2008 оны 1 дүгээр сарын 3-13-ны өдөр сүсэгтэн олонд ном айлджээ. Айлдварын үеэр төвөдийн ард түмэн болоод дэлхий дахинд үзүүлсэн Дээрхийн гэгээний агуу үйл хэргийг Төвөдийн Төв Захиргаанаас сайшаан, талархал илэрхийлэн, бэлгэт өргөл өргөв. 1 дүгээр сарын 14-ний өдөр Дээрхийн гэгээн сүсэгтэн олонд насны авшиг хүртээсний дараа Дээрхийн гэгээнд зориулсан бат оршил өргөх ёслол болжээ.
Дээрхийн гэгээн 1 дүгээр сарын 16-нд Мунгод хотоос Бангалор хотод морилон ирсний дараа Сэра Жэ хийдийн сүмд заларч, Энэтхэгийн удирдагч асан Жорж Фернандесийн 77 насны төрсөн өдрийн ёслолд оролцсон юм. Дээрхийн гэгээн 1 дүгээр сарын 18-нд Ахмедабад хотноо морилон ирсний дараа Төвөдийн Төв Захиргааны Мэдээлэл, Олон улсын харилцааны хэлтэс, Канориа урлагийн төв, Дарпана академи, Ахмедабадын Францын нийгэмлэг хамтран зохион байгуулсан Төвөдийн их наадмын нээлтэд оролцжээ. Мөн энэ өдөр Ахмедабад дахь нэр хүндтэй Энэтхэгийн Менежментийн хүрээлэнд морилон саатаж, оюутан, багш нарт бизнес хийгээд ёс зүйн лекц уншив. 1 дүгээр сарын 19-ний өдөр Гужурат Видяпит Их Сургуульд "Даяаршил хийгээд дэлхийн энх тайван" сэдвээр үг хэлэв. Тэрбээр тус өдөр Гужурат, Ражастан мужид амьдарч буй төвөд иргэдтэй уулзжээ. Дээрхийн гэгээн 1 дүгээр сарын 20-нд Ахмедабадаас Дели хотыг зорив. Тэрбээр 1 дүгээр сарын 21-ний өдөр Дели хотын Их Сургуулийн танхимд хуран цугласан олонд "Ёс зүй хийгээд хүмүүнлэгийн үнэт зүйлс" сэдвээр лекц уншлаа. Дээрхийн гэгээн удаах өдрийн өглөө Энэтхэгийн ерөнхийлөгч асан доктор Абдул Калагийн хамт Иргэншлийн эв найрамдлын дэлхийн сангийн нээлтийн ёслолд хүндэт зочноор уригдан оролцож, үдээс хойш Дарамсала хотод морилон ирсэн билээ.
|