Дарамсала, HP, Энэтхэг, 2008 оны 6-р сарын 4 ( Phurbu Тинли , Файул ) – Төвдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам өнгөрсөн 5-р сард Хятадын баруун өмнөд бүсийн Сычуань мужид болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн хохирогчдод зориулж өнөө өглөө тусгай залбирлын хурал зохион байгуулав. Төвдийн Бурханы шашны лам хувраг, гэлэнмаа, гадаадын сүсэгтнүүд зэрэг 2000 гаруй хүн залбирлын цуглаанд оролцжээ. Жил бүр Бурхан багшийн амьдралын хамгийн чухал гурван үйл явдал болох түүний мэндэлсэн, гэгээрэлл хүрсэн, нирваан дүр үзүүлсэн үйл явдлыг тэмдэглэдэг Бурханы шашны ариун Сака Дава сар өнөөдөр эхэлж байгаа билэгт өдөр юм. Төвдийн билгийн тооллын дөрөвдүгээр Сака Дава сард үйлдсэн сайн болон муу үйлийн үр үлэмж нэмэгддэг гэж төвд сүсэгтнүүд итгэдэг. Энэ сард, ялангуяа бүтэн сартай өдрөөс хойшх шашин мөргөлийн үйл нь хүн өөрийн амьдралд хамгийн их буяныг хуримтлуулах боломж олгодог гэж үздэг тул буянтай үйлс хийхэд хамгийн тохиромжтой цаг үе юм.
Өнөө өглөө нэг цаг гаруй үргэлжилсэн залбирлыг Төвдийн Төв Захиргаа (TGIE)-наас Шашин, соёлын яамаар дамжуулан Төвдийн гол сүм Зүглагханд зохион байгуулав. Төвдийн засгийн газрын Ерөнхий сайд Профессор Самдонг Ринбүүче болон бусад өндөр албан тушаалтан, ажилтнууд залбирлын хуралд оролцов. Шашин, соёлын сайд Цэрин Пунцок гуай мэдэгдэхдээ Далай ламын удирдсан их залбирлын цуглаан нь "хамаг амтьны сайн сайхны төлөө, ялангуяа газар хөдлөлтөд нэрвэгдсэн 15 сая гаруй хүнд учирсан асар их зовлон зүдгүүрийг нимгэлэхийн төлөө" хуралдсан гэв.
Өнгөрсөн 5-р сарын 12-нд Сычуань мужийн Вэньчуань тойрогт Рихтерийн шаталбараар 7.8-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, одоогоор 69,107 хүн амь үрэгдэж, 18,230 хүн сураггүй алга болсон гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Тус газар хөдлөлтийн улмаас 373,577 хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлснээс үзвэл, энэ нь сүүлийн олон арван жилд тохиолдоогүй хамгийн том байгалийн гамшиг ажээ. Сычуань мужийн нийслэл Чэнду хотоос баруун хойш 146 км-ийн зайд орших Вэньчуань тойрог нь Төвдийн Аба (Төвд нэрээр Нгава) нутаг, Цянь автономит мужийн зүүн өмнөд хэсэгт оршдог ба төвд иргэд олноор суурьшсан бүс юм.
"Энэхүү томоохон залбирлын ёслолоор Төвдийн төв захиргаа (Кашаг) нь саяхан болсон газар хөдлөлтөд амиа алдсан хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн, мөн гамшгийн үеэр гэмтэж бэртсэн бүх хүмүүсийн төлөө залбирч байна. Түүнчлэн дэлхийн даяар ийм байгалийн гамшиг дахин тохиолдохгүй байхын төлөө залбирч байна" гэж Төвдийн Төв Захиргааны хэвлэлийн мэдээнд дурджээ. Үүнтэй төстэй залбирлын хурлыг төвдүүд суурьшсан газруудад зохион байгуулж байна. |