Япон, Мияжима, 2006 оны 11-р сарын 5 (Цэрэнцомо) – Дээрхийн гэгээн XIV Далай лам Ням гарагт Японы Мияжима арал дахь Дайшойн хийдэд бэлтгэл номын айлдвараа эхлүүллээ.
 | | Зураг. Дайшойн хийдэд айлдаж буй дээдийн номын айлдварын хоёр дахь өдрийн дараа нэгэн залуу япон бүсгүй Дээрхийн гэгээн Далай ламд асуулт тавьж буй агшин. Дээрхийн гэгээн энэ үеэр Богд Зонховын “Бодь мөрийн гурван эрхэм” зохиолд тулгуурлан ном айлдаж, өнөөгийн дэлхий дээрх бүхий л асуудал, зөрчил мөргөлдөөнүүд мунхаг харанхуйгаас үүдэлтэй болохыг онцлон айлдав. Тэрээр хүн бүрийг бодь сэтгэлийн зам мөрийг төлөвшүүлж, хоосон чанарын тухай бясалгалыг гүнзгий дадуулахыг уриалж буй нь…….Япон, Мияжима, 2006 оны 11-р сарын 05. Зургийг: Лобсанг Вангьял |
Богд Зонхов Лувсандагвагийн зохиосон “Бодь мөрийн гурван эрхэм” хэмээх сударт тулгуурлан айлдвар айлдахдаа Дээрхийн гэгээн Бурханы шашны үндэс болсон магад гарахуйн сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанарын үзэл хэмээх гурван гол ойлголтыг зөв танин мэдэж, гүнзгий ойлгох нь нэн чухал болохыг онцоллоо.
Тэрээр мөн сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны судлаачид Бурханы шашны сургаалд ихээхэн анхаарал хандуулж, ялангуяа сэтгэцийн эмгэг, өвчнийг цогцоор нь ойлгон эмчлэх боломжит гарц шийдлийг эрэлхийлж буй талаар товч дурдав.
“Эдгээр судалгаа нь үхлийн дараах амьдрал, гэгээрлийн тухай шашны ойлголттой огт холбоогүй. Харин энэ амьдралдаа аз жаргалтай, амар амгалан байх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт чиглэж байна” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
Сонсогчдын асуултад хариулах үеэрээ Дээрхийн гэгээн Бурханы шашны “би үгүй” (өөрийн мөн чанаргүй байх) хэмээх үзлийг дэлгэрэнгүй тайлбарлав. Шанхай хотоос ирсэн хятад сүсэгтэн Бурханы шашны сургаалыг сэтгэлдээ дадуулах нь бизнес, арилжааны салбарт ажилладаг хүмүүст хэр үр өгөөжтэй вэ хэмээн асуухад Далай лам:
“Бизнесийн үйл ажиллагаанд аль болох шударга, үнэнч байх дадлыг хэвшүүлэх нь хамгийн чухал” хэмээн хариуллаа.
Мөн Дээрхийн гэгээн Далай лам Даваа гарагаас эхлэн гурван өдрийн турш Мияжима арал дахь Дайшойн хийдэд сүсэгтэн олонд нууцын авшиг хайрлана. |