 | | Зураг. Далай лам Сиэтл хотын зочид буудалд сэтгүүлчийн асуултад хариулж буй нь. 2008 оны 4-р сарын 10, Пүрэв гараг (AP, зургийг Стефен Брашиер) |
Сиэтл хот, АНУ, 2008 оны 4-р сарын 11 (AP) – Далай лам Төвдэд саяхан болсон бослого хөдөлгөөнөөс хойш анх удаа энэ Пүрэв гарагт АНУ-д хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр энэрэл нигүүлсэхүйн томоохон хурал уулзалтад оролцох бөгөөд үүнд элэг нэгт төвдчүүд гар бие оролцон дэмжлэг үзүүлж байна. Төвдийн ард түмний эсэргүүцлийг нугачин дарж буй Хятадын эрх баригчдыг эсэргүүцэж Сан Франциско хотод цуглаан зохион байгуулсан жагсагчид Олимпийн бамбарыг аялуулах буухиаг тасалдуулсны удаах өдөр Дээрхийн гэгээн АНУ-д хүрэлцэн ирлээ. Далай лам Баасан гарагт эхлэх таван өдрийн бага хуралд оролцоно. иргэний нийгмийн манлайлагчдын хэлснээр Далай ламыг Сиэтл хотод байх үеэр Хятадыг дэмжигч бүлгүүд хариу эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж магадгүй гэв. Гэвч тэрээр Пүрэв гарагт Сиэтл хотын төв дэх зочид буудалд морилон ирэхэд бүх зүйл тайван байсан бөгөөд элэг нэгт төвд хүмүүстэй уулзах үеэрээ “хүчирхийлэлгүй тайван жагсаал цуглааныг дэмждэг ч, Сан Франциско дахь эсэргүүцлийн цуглааны үеэр болсон явдалд харамсаж буй”-гаа илэрхийлэв.
Төвдөд сүүлийн 50 жилд тогтсон Хятадын засаглалыг эсэргүүцсэн одоогийн жагсаал цуглаан нь сүүлийн 20 жилийн хугацаанд гарч байгаагүй, мөн хамгийн удаан үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалд тооцогдож байна. Хятадын эрх баригчид Далай ламыг бослого хөдөлгөөнд оролцож нөлөөлсөн хэмээн буруутгасан ч, Дээрхийн гэгээн үүнийг үгүйсгэж “Төвдөд өөртөө засах эрхийг бодитой олгохыг миний зүгээс хүсч байгаа ч, Хятадаас салж тусгаар тогтнохыг би эрэлхийлээгүй” гэж мэдэгдсэн. Пүрэв гарагт Японд түр саатах үеэрээ Далай лам “Хятад улсад энэ зун болох гэж буй Олимпийн наадмыг үргэлж дэмжсээр ирсэн ч, Бээжингийн эрх баригчид Төвдөд болж буй эсэргүүцлийн бослого хөдөлгөөнийг хүчирхийллээр дарж чадахгүй, эх нутагтаа илүү их эрх чөлөөг хүсч уриалж буй уугуул төвдчүүдэд "амаа хамхи" гэж хэлж чадахгүй” гэж мэдэгдсэн. Төвдөд болж буй бослогыг өдөөж дэвэргэх зорилгоор Дээрхийн гэгээн болон түүний албаны хүмүүс нь Бээжингийн Олимпийн өмнөх бамбарын буухиаг улс төрийн зорилгоор ашигласан гэх Хятадын эрх баригчдын худал таамгийг Далай лам эрс няцаав. Тэрбээр “Бид анхнаасаа Олимпийн наадмыг дэмжиж байсан. Би эгэл хүмүүн болохоос чөтгөр биш” гэж Токиогийн нисэх онгоцны буудлын ойролцоо сэтгүүлчдэд хэлсэн. Сиэтл хотноо тав хоног үргэлжлэх “Энэрэл нигүүлслийн үр” бага хурлын зохион байгуулагчдын хэлснээр Далай ламын айлчлалын үеэр 150 мянга гаруй хүн цуглах төлөвтэй гэв. Сиэтл дэх хятад хүмүүс Төвдийн нөхцөл байдлын талаар хуваагдмал байр суурьтай байгаа талаар орон нутгийн Ази гаралтай америк иргэдийн нийгэмлэгийн “Northwest Asian Weekly”сонины эрхлэгч Ассунта Нг мэдэгдсэн. Тэрбээр “Зарим арга хэмжээнд Хятадыг дэмжигчид ирвэл гайхах зүйлгүй. Зарим хятад оюутнууд Олимпийг улстөржүүлж байгааг эсэргүүцэх бодолтой байгаа” гэж хэлэв. Тус бага хурлаар 10 гаруй сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд Далай лам Баасан гарагт болох эхний “Энэрэн нигүүлсэхүйн шинжлэх ухааны үндэс: бидний одоогийн мэдлэг” хэлэлцүүлэгт оролцоно. Далай ламын оролцох арга хэмжээний тасалбар хэдийнэ зарагдаж дууссан гэж хурлын цахим хуудсанд мэдээлжээ. Сиэтл хотын захирагч Грег Никелс хотын түлхүүрийг Дээрхийн гэгээнд гардуулж, Вашингтоны их сургууль түүнд хүндэт докторын цол гардуулна. Далай лам 1959 онд Төвдэд гарсан бослого хөдөлгөөн бүтэлгүйтсэний дараа Энэтхэг рүү дүрвэсэн ч, олон сая төвд хүмүүсийн шашин шүтлэг, соёлын удирдагч хэвээр билээ. Тэрээр 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Дээрхийн гэгээн дэлхийн энх тайвны төлөө тууштай цуцалтгүй ажиллаж байгаа учраас Сиэтлийн бага хуралд оролцохыг урьсан гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Чуулганы зохион байгуулагчдын нэг болох төвд лам Тэнзин Донден гуай "Далай лам төвд, хятад ахан дүүсийн аль алинд энэрэл нигүүлслийг хүсдэг" гэж хэлэв.
Далай лам Сиэтл хотод айлчилсныхаа дараа 4-р сарын 19, 20-ний өдрүүдэд Анн Арбор дахь Мичиганы Их сургуульд, дараа нь 4-р сарын 22-нд Нью-Йорк хотын Хамилтон дахь Колгейт Их сургуульд үг хэлэхээр төлөвлөжээ.
|