Энэтхэг улс, Пудучерри муж, Ауровиль хот, 2009 оны 1 дүгээр сарын 20 (Phayul.com) - Төрсөн нутгаасаа хол суугаа Төвөдийн удирдагч Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөөдөр Пондичерри холбооны нутагт орших Ауровиль хотод айлчиллаа. Тэрбээр Ауровиль хотод шинээр баригдсан олон үндэстний нийгэмлэг болох Төвөдийн олон улсын соёлын өргөөг нээж, адислан болгоожээ. Ауровиль хотод дэлхийн олон орны соёлыг илтгэх ижил төрлийн соёлын өргөөнүүд сүндэрлэдэг. Ауровилийн 250 орчим оршин суугч, төвөд иргэд болон бусад зочид Төвөдийн соёлын өргөөнд цуглаж, 1989 оны Нобелийн энх тайвны шагналт Дээрхийн гэгээн XIV Далай ламыг угтан, хүндэтгэл үзүүлэв. Дээрхийн гэгээн сүсэгтэн олны эгнээгээр алхан өнгөрөхөд Төвөдийн соёлын өргөөний төлөөлөгч Клод Арпи Далай ламыг хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Даруухан болсон ёслолын үеэр хэлсэн богинохон үгэндээ Дээрхийн гэгээн Төвөдийн соёлын өргөө болоод Ауровильд олон жилийн турш гарсан хөгжил дэвшилд сэтгэл ихэд хангалуун байдгаа илэрхийлэв. Тэрбээр “Би энд ирэх бүрдээ илүү их хөгжил цэцэглэлт, илүү ахиц дэвшлийг хардаг. Хамгийн чухал нь энд ирэх бүрийдээ олон үндэстний хүмүүсийг харахад жинхэнэ хүнлэг сэтгэл, ахан дүүсийн амьд уур амьсгал сэргэн оршиж буйг мэдэрдэг нь үнэхээрийн таатай байдаг билээ” хэмээн айлдлаа.
Тэрбээр цааш нь “Одоо бид хүнлэг сэтгэлийг төлөвшүүлэх, хүн бүрийг үндэстэн, соёл, гарал угсаа, шашнаас үл хамааран хүндэтгэн харилцахыг сурталчлахад хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Энэ бол хамгийн чухал зүйл” хэмээн айлдлаа. Дээрхийн гэгээн энэ өдөр Төвөдийн соёлын өргөөнд Матримандирийг үзсэнийхээ дараа “Дэлхий дахины хариуцлага хийгээд хүн төрөлхтний эв нэгдэл” сэдэвт лекц уншив. Түүний лекцийг сонсохоор 2000 орчим хүн цуглажээ. Энэ бол Төвөдийн удирдагчийн Ауровильд хийсэн гурав дахь айлчлал бөгөөд хамгийн сүүлд 1993 онд айлчилж байсан билээ. Дээрхийн гэгээн маргааш Мадрасын Их Сургуулийн оюутан, багш нарт илтгэл тавих болно.
|










