АНУ, Баффалло – 2006 оны 9 сарын 21 (Анн Уитчер-Гентске/ Баффалогийн Их сургуулын сурвалжлагч)
Мягмар гарагт Төвөдийн Бурханы шашны тэргүүн XIV Далай ламын айлдварыг сонсохоор 30 мянга гаруй хүн Баффалогийн Их сургуулын танхимд цугларч, танхим суудалгүй болтлоо дүүрсэн байлаа.
Нарны хурц туяанаас нүдээ хамгаалсан улаан малгай өмсөж, хүрэн шар орхимж нь салхинд намирсаар Дээрхийн гэгээн Баффалогийн Их сургуулын танхимд энэрэл нигүүлсэл, хувын сахилга батын тухай айлдвараа айлдахаар залрав.
“Өөрийн бодол, туршлагаа ийм олон хүний өмнө хуваалцах боломж олдож байгаад би туйлын их баяртай байна” хэмээн Далай лам уг танхимд цугласан 30,000 гаруй хүмүүсийн өмнө айлдлаа. Түүний үг хэлэхийн өмнө АНУ-ын алдарт хөгжмийн зохиолч Филип Глассийн ганцаарчилсан тоглолт болон Төвөд лимбэч Наваан Кичогтой хамтран тоглосон хөгжмийн хамтралын тоглолтууд эгшиглэж, арга хэмжээний уур амьсгалыг халуун дулаан болгож байв.
Айлдварын өмнөх богинохон ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай лам САНИ /SUNY/–ийн канцлер Жон Р. Райан болон их сургуулийн гурван итгэмжлэгчийн гардуулсан хүмүүнлэгийн шинжлэх ухааны хүндэт докторын цолыг “гүн талархлаа илэрхийлэн” хүлээн авсан ба Их сургуулийн Ерөнхийлөгч Жон Б. Симпсон түүнийг “дэлхийн хамгийн чухал хүмүүсийн нэг” хэмээн танилцуулахад, Дээрхийн гэгээн даруухнаар “Надад санал болгох зүйл байхгүй шүү дээ” хэмээн хариу айлдлаа.










