Дээрхийн гэгээнтэн Далай ламтай Японы сөрөг хүчний нэгэн парламентын гишүүн уулзаж ярилцахдаа Хятад улс зайлшгүй ардчилсан улс болох ёстой гэсэн нэг санаа бодолтой байсан тухайгаа мэдээлэв.
Хилийн чанад дахь Төвөдийн засгийн газар болон оюун санааны удирдагч Далай лам Японы Ардчилсан намын төлөөлөгчдийн танхимын гишүүн, нам харьяалал үл харгалзсан парламентын гишүүдийн бүлгийн ахлагч Юкио Эданотой уулзав. Эдано нь Төвөдийн асуудалд анхаарал хандуулдаг юм.
Уулзалтын үеэр Далай лам Гималайн бүсийн бурхны шашин зонхилдог Төвөдийг автономит улс болохыг эрмэлзэж буйгаа дахин илэрхийлээд, Хятад улс ардчилсан орон биш учраас хөрш орнуудад “Их луу” ямар бодлого явуулахыг таамаглах боломжгүй байгааг онцолжээ.
Хэрэв Хятад улс ардчилсан тогтолцоотой байсан бол хөрш орнуудын аюулгүй байдал илүү тогтвортой гэж мэдрэх байсан” хэмээн Дээрхийн гэгээн айлдахад Эдано санал нэгдэж, Хятад улсад ардчилал тогтоох шаардлагатайг тэмдэглээд, “Далай лам Төвөд нутагтаа эргэн заларч, ард түмний итгэл үнэмшилд тулгуурласан автономит тогтолцоо бүрэлдэн тогтож, үүний зэрэгцээ Хятад улс ардчилсан улс болох учиртай” хэмээн мэдэгджээ.
Далай лам 10 дугаар сарын 30-нд Хирошима муж дахь шашны байгууллагын урилгаар Япон улсад хоёр долоо хоногийн айлчлал хийхээр ирсэн бөгөөд Ням гарагт айлчлалаа өндөрлүүлэх юм. Тэрээр энэ хугацаанд Хирошима хотод болсон энх тайвны бага хуралд оролцлоо.
Хятад улс Төвөдөд засаг захиргаагаа тогтоосон бөгөөд Далай ламыг салан тусгаарлах хөдөлгөөнийг удирдаж байна хэмээн буруутган, түүний Япон улсад хийх айлчлалуудыг эсэргүүцсээр ирсэн билээ. Иймд, Японы засгийн газар түүнийг улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байх нөхцөлтэйгөөр хил нэвтрэхийг зөвшөөрчээ.
Хятад улс Төвөдөд 1951 онд цэрэг оруулан хяналтаа тогтоосон бөгөөд 1959 онд Хятадын засаглалын эсрэг гарсан Төвөдийн бослого талаар өнгөрсөний дараа Дээрхийн гэгээн Энэтхэгийн Дарамсала хотод суурьшин амьдарч байна.










