 | Төвдийн шашны тэргүүн Далай ламын айлдварыг сонсохоор Берлин хотын Бранденбургийн хаалганы өмнө дэмжигчид цугларсан нь. (AFP/DDP/Michael Gottschalk) |
Берлин хот, Герман - 2008 оны 5-р сарын 20 (AFP) – Даваа гарагт Герман дахь айлчлалаа өндөрлөх үеэрээ Далай лам “яриа хэлэлцээ нь хүчирхийлийг зогсоох арга хэрэгсэл” болохыг уриалсан бөгөөд түүний айлчлал нь Хятадын эрх баригчдын дургүйцлийг төрүүлж байна. Далай лам "20-р зуун бол цус урсгасан зуун байсан. Харин 21-р зуун бол яриа хэлэлцээний зуун байх ёстой гэж би хэлдэг" гэж Берлиний Бранденбургийн хаалганы өмнө цугласан 25,000 гаруй дэмжигчдэд айлдсан бөгөөд олон хүн Төвдийн далбааг намируулсан харагдав. Тэрбээр "Бидний оюун санааны гүнд бусдын эрх ашиг ч байх ёстой. Энэ бол маш чухал бөгөөд ингэснээр бид амар амгалан дэлхийг жинхэнэ ёсоор цогцлоож чадна" гэж Герман дахь айлчлалынхаа төгсгөлд хэлсэн юм. Хятад улс Олимпийн наадам зохион байгуулах бэлтгэлээ хангахтай зэрэгцэн, Төвдөд гуравдугаар сард болсон эсэргүүцлийн жагсаалыг цэргийн хүчээр дарж зогсоосныг олон улсын түвшинд буруушааж Хятадад үзүүлэх дарамт шахалт нь Далай ламын 5 улсад хийх айлчлалын явцад үргэлжлэх бололтой.
Гэвч Нобелийн энх тайвны шагналтан Дээрхийн гэгээн Бээжингийн эрх баригчидтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэн, Төвдийн (1951 онд Хятадад нэгтгэсэн) тусгаар тогтнолыг бус, харин соёлын бие даасан автономит эрхийг хүсч буйгаа илэрхийлэв. "Би энд Төвдийн олон далбаа намирч байгааг харж байна. Үүнийг Хятадын эсрэг зүйл гэж үзэх ёсгүйг би ил тод хэлэхийг хүсч байна. Энэ бол салан тусгаарлах хөдөлгөөн биш. Бид [Хятадын] таван одтой улаан далбааг хүндэтгэж, дэмждэг" гэж Дээрхийн гэгээн дурдсан.  | | Далай лам 2008 оны 5-р сарын 19-ний өдөр Берлин хотын Бранденбургийн хаалганы өмнө болсон жагсаалын үеэр Төвдийг дэмжсэн 40,000 гаруй хүний гарын үсэгтэй өргөдлийг хүлээн авч буй нь. Төвдийн шашны тэргүүн Германд тав хоногийн айлчлал хийж байна. (REUTERS/Johannes Eisele) |
Өнгөрсөн долоо хоногт Хятадын баруун өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хохирогчдод эмгэнэл илэрхийлж Дээрхийн гэгээн "Хятадын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, залбирлын ерөөл өргөе. Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн олон мянган, олон мянган хятад хүний энэхүү уй гашууг хуваалцъя" гэжээ. Сүүлийн үеийн мэдээгээр амь үрэгдсэн, сураггүй болсон, нурангид дарагдсан хүмүүийн тоо 71,000 гаруйд хүрчээ.
Өнөөдөр Далай лам Германы хөгжлийн сайд Хайдемари Виецзорек-Зелтэй болон парламентын гадаад харилцааны хорооны гишүүдтэй уулзалт хийв. Одоогоос 8 сарын өмнө Далай лам болон Германы канцлер Ангела Меркель нар уулзсанаас хойш хоёр орны дипломат харилцаанд гарсан гүнзгий хагарал намжиж байтал, дээрх хоёр уулзалт дахин Бээжингийн эсэргүүцэлтэй тулгарав. Төвдийн төлөөлөгчид болон Хятадын эрх баригчид шууд яриа хэлэлцээ хийхийг Германы Засгийн газар шаардсаар байгааг Хөгжлийн сайд Виецзорек-Зел дахин дурдсан талаар "Хятад улстай энхийн яриа хэлэлцээ хийх нь ямар чухал болохыг би онцлон тэмдэглэсэн. Энэ асуудалд холбооны засгийн газрын байр суурь маш тодорхой, би үүнийг дахин илэрхийлсэн” гэж мэдэгдэв.
Төвдийн удирдагчдын хэлж буйгаар Лхас хотод гарсан бослого хөдөлгөөнийг Бээжин цэргийн хүчээр дарж, үүний улмаас 200 гаруй хүн амь үрэгдсэн явдлыг дэлхий нийтээр буруушаасны эцэст энэ сард Хятадын эрх баригчид Төвдийн элч төлөөлөгчидтэй яриа хэлэлцээгээ сэргээсэн билээ. Бээжингийн мэдэгдсэнээр Төвдийн "босогчид", "өдөөн хатгагчид" 21 хүний амь хөнөөсөн хийгээд тус хүчирхийлэлд Далай ламыг буруушаасан. Тэрбээр энэ хилс гүтгэлгийг няцаасны зэрэгцээ, Төвдийн бослого хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарж байгаа Хятадын бодлогыг буруушааж, олон улсын түвшинд түүний эсрэг гүтгэлэг тарааж байгааг эсэргүүцэв.
Даваа гарагт Меркель Бээжин-Төвдийн яриа хэлэлцээг сайшаан хүлээн авч, Далай ламын Герман дахь айлчлалд Бээжин таагүй хандаж байгаа нь яриа хэлэлцээний үйл явцад сөргөөр нөлөөлөх ёсгүй гэжээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Томас Стег "Канцлер Меркель яриа хэлэлцээг сэргээснийг сайшааж буй"-г мэдэгдсэн. Өнөөдрийн уулзалт Хятад улс болон Далай ламын төлөөлөгчдийн хооронд Төвдөд болоод магадгүй хөрш бүс нутагт өрнөж буй үйл явдлын талаар яриа хэлэлцээ хийхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэхгүй байна.
Далай лам Олимпийн өмнө "улс төр хийж байна" гэж Хятадын элчин сайдын яамнаас өнгөрсөн долоо хоногт түүнийг буруушааж, Герман улс түүний айлчлалыг зогсоох хэрэгтэй гэж хэлсэн. “Германы Засгийн газрын гишүүн Далай ламд бараалхсаныг болон Германд энэ айлчлалыг хийх боломж түүнд олгосныг бид эсэргүүцэж байна" гэж Элчин сайдын яамны ажилтан Жан Жунхуй хэлэв. Далай лам дараагийн Баасан гарагт Их Британид айлчлах бөгөөд тэрбээр Австрали, АНУ, Франц зэрэг Барууны 5 оронд хийх гурван сарын айлчлал нь Бээжингийн олимп дуусахын өмнөхөн буюу наймдугаар сарын дундуур өндөрлөх ажээ. Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун дараагийн Баасан гаригт Дээрхийн гэгээнтэй уулзах боловч, өмнөх Ерөнхий сайдуудаас ялгаатай нь Даунинг Стрийт дэх албан өрөөнд уулзалт болохгүй. Гэвч түүний энэ шийдвэрийг Бээжинд тал засч байна гэх шүүмжлэлд өртөв. |