Сиэтл хот, Вашингтон муж, АНУ, 2008 оны 4-р сарын 14 (Брэд Вонгийн нийтлэл, Seattle Post Intelligencer) – Төвдэд хурцадмал байдал үргэлжилж, Бээжингийн олимпийг бойкотлох тухай яриа өрнөж буй энэ цаг үед Далай лам Ням гарагт Сиэтл хотноо хэвлэлийн бага хурал дээр Хятадын Коммунист Нам өөрчлөгдөх чадвартай, Хятад улс дэлхийн хүчирхэг улс болох эрхтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Төвдийн улс төр, оюун санааны удирдагч сэтгүүлчидтэй нэг цаг үргэлжилсэн нухацтай ярилцлагын үеэр супер хүчирхэг улс гэж тооцогдохын тулд эрх баригчид нь хэлсэн зүйлээ хэрэгжүүлэх ёстой гэж харилцан итгэлцлийг онцлон тэмдэглэв. Өдгөө 72 нас сүүдэр зооглож буй Дээрхийн гэгээн энэрэн нигүүлсэхүй, боловсролын талаар таван өдөр үргэлжлэх "Энэрэл нигүүлслийн үр" чуулга уулзалтын хэлэлцүүлэгт оролцохоос өмнө үг хэлэв.
Улаан хүрэн өнгийн дээл өмсөж, цүнх үүрсэн тэрбээр хэвлэлийн бага хурлаар ярих зүйл байхгүй хэмээн хошигнон яриагаа эхлэв. Гэхдээ Дээрхийн гэгээн өнгөрсөн сар Төвдөд гарсан эсэргүүцлийн бослого хөдөлгөөний үеэр амиа алдсан төвд, хятад хүмүүсийн залбирч байгаа тухай болон Мао Зэдун төр засгийн эрхэнд гарсан 1949 оноос хойшх Хятад улсын талаар ярьсан.Коммунистууд засгийн эрхийг авснаас хойш Хятад улс тухайн үеийн удирдагчдаас хамааран хэд хэдэн үе шаттай өөрчлөлтийг туулсан ажээ. Тэр өөрчлөлтөд үзэл суртлын хатуу чиг шугам, прагматизм, мөнгө орлого олох хандлагад шилжих, улмаар "эв нэгдэлтэй нийгэм"-ийг дэмжих бодлого багтсан. Дээрхийн гэгээн түүхийг тоймлон дүгнэж Хятадын Коммунист нам "бодит байдлыг харгалзан" өөрчлөгдөх чадвартай гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр 21-р зуун ил тод байдлын эрин байх ёстой. Хоёр нүүр гаргах, үнэнг гуйвуулах нь цаашид үр дүнд хүрэхгүй гэж нэмж хэлсэн.
Гэвч дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс нь олон улсын хамтын нийгэмлэг дотор илүү өндөр түвшинд хүрэхүйц ард түмэн, цэргийн хүч, эдийн засагтай гэж хэлэв. Дээрхийн гэгээн англи хэлээр "Хятад улс их гүрэн байх эрхтэй. Гэвч ёс суртахуунтай эрх мэдэл зайлшгүй шаардлагатай" гэв. Бээжингийн олимп болон Хятадын хүний эрхийн маргаантай асуудалд дэлхий нийт анхаарал хандуулж байгаа энэ үед Далай лам өөрийн байрь сууриа ийнхүү илэрхийллээ.
Өнгөрсөн сард Хятадын захиргаанд багтдаг Төвдөд эсэргүүцлийн жагсаал, бослого хөдөлгөөн дэгдсэн. Түүнчлэн Лондон, Парис, Сан Франциско зэрэг хотод Олимпийн бамбар буухиалах үеэр Төвдийг дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж жагсчээ. Ням гарагт Далай лам хүчирхийллээс ангид байхыг мөн шашин шүтлэг, эдийн засаг, байгаль орчны чиглэлээр их нөлөө бүхий өөртөө засах автономит эрх Төвдөд олгохыг дахин уриалав.
Далай ламын хэлсэн үгээс товчлон дурдвал:
Төвдөд эсэргүүцлийн жагсаал цуглаан 3-р сард эхэлснээс хойшх амьдралынхаа талаар:
"Би энэрэл нигүүслийн “авах ба өгөх” гэдэг нэг аргыг хэрэгжүүлдэг. Гай таригчаас ав. ... Эдгээр хүмүүсийг сэтгэлдээ төсөөлж, тэднээс айдас, эргэлзээ, уур хилэн, үзэн ядалтыг нь ав ... Харин тэдэнд өөрийн энэрэхүйн сэтгэл, уучлал зэрэг эерэг зүйлс өгөхийг хичээ".
Бээжингийн Олимпийн тухай болон түүнийг урих эсэх талаар:
"Би Олимпийг бүрэн дэмждэг. ... Гэхдээ надад урилга ирэхгүй байх гэж бодож байна (инээв). Хамгийн чухал асуулт бол урилга биш, харин Төвдийн дотоод нөхцөл байдал юм”.
Хятадын засгийн газар Төвдийн талаар авч болох нэн тэргүүний арга хэмжээ болон түүнийг бослого хөдөлгөөнийг өдөөсөн гэх мэдэгдлийн талаар:
"Дэлхий дахинд нээлттэй болго. Төвдөд гадаадын хүмүүс, ялангуяа хэвлэл мэдээллийн сурвалжлагчдыг очихыг зөвшөөр. Тэд Төвдөд очиж, бодит байдлыг харцгааг. ... Хэрэв би энэ бүх зовлон бэрхшээлийг харь холоос өдөөсөн эсэхийг эдгээр хүмүүс тогтоож чадвал, би шийтгэл хүлээхэд бэлэн байна".
Төвд, хятад хүмүүсийн тухай:
"Төвд хүн БНХАУ-ын иргэн байх нь зохистой. Гэхдээ тэд БНХАУ-ын аз жаргалтай иргэн байх ёстой гэж би боддог. Харин надад одоо тэд тусгаарлагдсан, сул дорой, ядуу мэт санагддаг. Үүний оронд төвдүүд бусад олон сая сая хүнтэй нэгдэх хэрэгтэй. Хөгжил дэвшил, нэр төртэй байх нь илүү дээр" гэв.
Төвд хүмүүс болон үг хэлэх эрх чөлөөний талаар:
"Жагсаал цуглаан бол үзэл бодлоо илэрхийлэх нэг хэлбэр. ... Зарим төвд хүмүүс намайг үнэндээ шүүмжилдэг, бусад зарим төвдүүд Бурханы шашныг ч шүүмжилдэг. Би тэдэнд "амаа хамхи" гэж хэлэх эрхгүй. Энэ бол тэдний эрх". Түүний хэлснээр Хятадын үндсэн хууль нь үндэстний цөөнх бүлгүүд, үүнд хэл, соёлыг нь хамгаалдаг талаар:
"Харамсалтай нь, зарим зүйлс цаасан дээр дурдсан байдаг ч бодит байдал нь цааснаас зөрүү ялгаатай байдаг".
Хятадын засгийн газар яагаад түүнд дургүй талаар:
"Магадгүй, би "дуулгавартай" сайд шиг авирладаггүй байх л даа”.
Төвд дийлэнх иргэд хүч хэрэглэсэн жагсаал цуглааныг дэмжвэл Дээрхийн гэгээн юу хийх талаар:
"Хэрэв хүчирхийлэл хяналтаас гарвал миний цорын ганц сонголт бол огцрох явдал юм".
Түүний залгамжлагчийг тодруулах тухайд:
"Яарах хэрэггүй гэж би боддог. Миний бие махбодын эрүүл мэнд сайн байгаа. Дахиад 10, 15 жилийн дараа энэ талаар асуугаарай"
Төвдүүд дэлхий дахинд өөрсдийн үйл хэргийг хэрхэн хүргэх талаар:
"Биднийг битгий мартаарай. Ямар ч аргаар болов бидэнд туслаарай" гэв.










