|
Япон улс, Хирошима хот, 2006 оны 11-р сарын 1, (Цэринг Цомо) Дээрхийн гэгээн XIV Далай лам лхагва гарагийн өглөө Хирошима хотод айлчилж, Төвөдийн Бурханы шашны хийдэд адис хүртээн, аравнайлах ёслол үйлдлээ. Далай ламын аравнайлсан Рюзойн Дрэпүн Гоман хийд нь Япон улсад байгуулагдсан анхны Төвөдийн Бурханы шашны хийд хэмээн албан ёсоор тооцогддог юм. Тус хийд 2004 оны долоодугаар сард байгуулагдсан бөгөөд Японы сүсэгтнүүд Төвөдийн Бурханы шашны уламжлалын дагуу эргэл мөргөл үйлдэх, залбирах, сургаал номлолыг судлан танин мэдэх төв болон үйл ажиллагаа явуулж иржээ. Аравнайлах ёслолын дараа Дээрхийн гэгээн хийдийн ивээн тэтгэгчид болон сүсэгтнүүдээс бүрдсэн ойролцоогоор 80 гаруй хүмүүсийн өмнө товч айлдвар айлдсан ба Бурханы шашны сургаалд ухаалгаар хандаж, учир утгыг нь ойлголгүйгээр сүсэг, бишрэлд дан ганц автах нь утгагүй болохыг онцлон айлдав. Мөн Бурханы шашны судар номыг тууштай судлахын ач холбогдлыг онцлоод, өөрийгөө жишээ татан “71 настай лам хүн ч гэсэн өнөөдрийг хүртэл судар номоос сурч, суралцсаар л байна” хэмээн айлдлаа. Энэ үеэр тэрээр Рюзойн хийдийн тэргүүн лам, өмнө нь Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Дэпүн Гоман хийдийн хамба лам байсан Хэнсүр Тэнпа Гялцэн-ийг олонд танилцуулж, түүний оюун санааны удирдлагын дор тус хийд улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Одоогоор Рюзойн хийдэд тэргүүн ламын хамтаар дөрвөн Төвөд лам суурин буй бөгөөд ойрын жилүүдэд лам хуврагийн тоо нэмэгдэнэ хэмээн найдаж байгааг тэд дурдлаа. Тус хийд нь Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Дэпүн Гоман хийдийн салбар бөгөөд Япон улсад Төвөдийн Бурханы шашныг таниулах, мөн Төвөд ба Японы Их хөлгөний Бурханы шашны хоорондын харилцан ойлголцол, үзэл санааны солилцоог дэмжих зорилготой Манжушри Махаяна Бурханы шашны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. |










