Шимла, 2006 оны 10-р сарын 28 (PTI) – Төвөдийн оюун санааны тэргүүн Дээрхийн гэгээн XIV Далай лам Рампур хотод орших эртний Түнгюр Лхакан Бурханы шашны хийдийг өнөөдөр аравнайлан нээж, Бурхан багш Махапаринирван-д (нирваан дүрийг үзүүлсний) хүрсний 2550 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Уг ёслолд мужийн Ерөнхий сайд В.Б. Сингх, түүний гэргий Пратибха Сингх нарын хамт олон тооны лам хуврагууд оролцов. Далай лам мужийн өнцөг булан бүрээс ирсэн сүсэгтэн олонд ном айлдахдаа Бурханы шашны сургаал нь дөрвөн үнэн-д тулгуурладгийг онцлон айлдав. Үүнд зовлонгийн учир шалтгааныг танин мэдэх, түүнийг арилгах арга замыг ойлгох, хэрэгжүүлэх ёстой дадал замналыг дагах, улмаар гэгээрэлд хүрэх зам багтана хэмээн тайлбарлалаа. Тэрээр сүсэгтнүүдэд Бурхан багшийн заасан энэхүү зам мөрийг тууштай дагахыг уриалсан юм. Мөн Далай лам Бурхан багш энх тайвнаар хамтран оршихуй, шашин хоорондын эв нэгдлийг номлосон бөгөөд эдгээр нь өнөө цагт нэн чухал, үнэт зүйлс хэмээн онцлон айлдлаа. |










