Cиэтл хот, Вашонгтон муж, АНУ, 2008 оны 4-р сарын 13 (Стюарт Гласкокийн нийтлэл, Los Angeles Times) – Бямба гарагт хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд цугларсан олон нийтэд Далай лам даян дэлхийн цөмийн зэвсгээс ангижрах болон хувь хүний "дотоод сэтгэлийн зэвсгээс ангижрах"-ыг дэмжих талаар уриалав.
Төвдийн улс төр, оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн Quest Field цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн 65,000 орчим хүнд хандан, цөмийн зэвсэг түүхэн тодорхой цаг үед хориг арга хэмжээ болж байсан ч, цаашид хэрэг болохгүй байх гэж хэлэв. “Хэн ч цөмийн зэвсэг хэрэглэж зүрхлэхгүй. Одоо бид бүх цөмийн зэвсгийг бүрэн устгах талаар нухацтай бодох хэрэгтэй гэж бодож байна. Жинхэнэ утгаар зэвсэг хураахын тулд хүсэл зориг шаардлагатай, харин үзэн ядалт, атаа жөтөө, айдас хүйдсийг арилгах хэрэгтэй гэж” тэр хэлэв.
Эдүгээ 72 нас сүүдэр зооглож буй Дээрхийн гэгээн Төвдийн улс төрийн бослого хөдөлгөөний асуудлаас ихэвчлэн зайлсхийж, харин энэрэн нигүүлсэхүй, эрх тэгш байдал, хүнлэг чанар, аз жаргалын тухай өөдрөг айлдварыг өргөн олноо сонордуулав. Түүний энэхүү айлдвар нь Сиэтл хотод Мягмар гараг хүртэл 5 өдөр үргэлжлэх "Энэрэл нигүүлслийн үр" чуулганы нэг хэсэг юм.
Төвдийн эсрэг Хятадын түрэмгийллийн эсэргүүцэж, Олимпын бамбар буухиалж буй хэд хэдэн улс оронд бамбарыг аялуулж бйсан зам дагуу эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан цаг үетэй Далай ламын айлчлал давхцав. Сан Франциско хотод Олимпийн бамбар буухиалах үеэр Олимпийг эсэргүүцэгчид бамбарыг буухиаг тасалдуулснаас хойш нэг өдрийн дараа Дээрхийн гэгээн Сиэтл хотод хүрэлцэн ирэв. Далай ламын айлчлал эртнээс төлөвлөгдсөн байсан тул, аливаа маргаан бараг дагуулсангүй.
Сүүлийн үед Төвдөд гарсан эсэргүүцлийн бослого, хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Далай лам өнөөдөр өглөө мэдэгдэл хийхээр төлөвлөсөн ажээ. Хятадын түрэмгийллийг эсэргүүцсэн Төвдүүдийн бослого 1959 онд бүтэлгүйтсэний дараа Дээрхийн гэгээн Энэтхэг рүү дүрвэсэн билээ.
Бямба гарагт Сиэтл хотод Үндэсний хөлбөмбөгийн лигийн хамгийн чанга чимээтэй, нээлттэй цэнгэлдэх хүрээлэн гэгддэг Qwest Field энэ өдөр эргэцүүлэн тунгаах намдуу өнгө аяст шилжив. Далай лам "дайсандаа ч энэрэхүйн жинхэнэ сэтгэлээр хандах" тухай ярьж, энэрэн нигүүлсэх нь дэлхийг өөрчилж чадна гэж хэлсэн. Тэрээр дотоод хүч чадлыг төлөвшүүлэхийн ач тусыг хөгжилтэйгөөр магтан сайшаав.
Өдөрлөгийн нээлтийн дараа Вашингтон мужийн соёлыг төлөөлж буй 1000 гаруй хүмүүсийн парад цуваа цэнгэлдэх хүрээлэнд орж ирэн, гол тайзны өмнүүр жагсаж өнгөрөн тус тусын суудалд байраа эзэлсэн. Хүүхдүүд Төвд болон 10 гаруй улс орны туг далбааг барьж явсан бөгөөөд олон арван бөмбөрийн чимээ агаарт нүргэлэн хадсан юм.
Алтан шар багана эгнүүлэн, цагаан хөшгөөр бүрсэн тайзан дээрх улаан аравчтай сандалд тухалсан Далай лам олон нийтийн парад жагсаалыг үзэж сонирхов. Цэнгэлдэх хүрээлэнгийн төвд тод Энэрэл нигүүлслийн үр гэсэн бичигтэй зүрхэн хэлбэртэй тод шар өнгийн тойрогт цэцэг байрлуулан чимжээ.
Сиэтл хотын оршин суугч Этелин Абелланоса (38 настай) энд Нобелийн энх тайвны шагналт Далай ламыг харахаар ирсэн бөгөөд тэрээр "Энд ирсэн бүх хүмүүсийг хараад миний сэтгэл их хөдөлж байна. Далай лам энх тайван, энэрэл хайрын төлөө амьдралаа зориулж буй тод жишээ юм. Бүх зүйлс хүмүүн төрөлхтөнд итгэх итгэлцэл, хайрыг илэрхийлж байна" гэж хэлсэн. Нөхөрлөлийн бугуйвч солилцох ёслол болсны дараа эцэг эх, хүүхдүүдээс бүрдсэн 1800 дуучдын найрал дууны хамтлагийн тоглолтоод хөтөлбөр өндөрлөв.
Энэрэл нигүүлслийн үр арга хэмжээ Баасан гаригт эхэлсэн бөгөөд эрдэмтэд, сэтгэл зүйчид, тархи мэдрэл судлаачид болон бусад хүмүүс "Энэрэл нигүүлслийн шинжлэх ухааны үндэс: бидний одоогийн мэдлэг" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Дараа нь Дэйв Мэттьюс, Тим Рэйнолдс зэрэг дуучид, Death Cab for Cutie хамтлагийн хандивын тоглолт болсон. Хандивын концертын өмнө Мэттьюс, Далай лам, NBC телевизийн хөтлөгч Анн Карри нар тайзнаа ярилцаж дайн, энх тайван, дуу хөгжим, эхийн элбэрэл зэрэг сэдвээр санал бодлоо солилцжээ.
"Хэрэв та дайсантайгаа ярихгүй бол, түүний юу бодож байгааг та яаж мэдэх вэ?" гэж Далай ламаас асуухад Мэттьюс асуухад Дээрхийн гэгээн “хүндэтгэл болон хүндлэлтэй яриа хэлэлцээгээр дайснууд найз нөхөр болж чадна. Энэрэн нигүүлсэхүйн сэтгэлээр дайснууддаа ч хандах боломжтой” тэр хариулав. Цааш нь Дээрхийн гэгээн дадал үйлдлээрээ энэрэл нигүүлслийг төлөвшүүлж хөгжүүлэх боломжтойг дурдсан бөгөөд дотоод сэтгэлийн хүч чадал, амар амгаланг дээшлүүлж, айдас түгшүүрийг бууруулах болон эргэцүүлэн тунгаах талаар ярьсан. Тэрбээр “мэдлэг бидний асуудлыг шийдэхгүй. Мэдлэгийг халуун дулаан сэтгэлтэй холбох ёстой. Үүнд энэрэл нигүүсэл хэрэгтэй. Одоо цаг нь болсон. Бид энэрэл нигүүсэлд илүү их ач холбогдол өгөх ёстой” гэв.
Энэрэл нигүүлслийн үр арга хэмжээнд нийт 150,000 гаруй хүн оролцох төлөвтэй ажээ. Даваа гарагт болох арга хэмжээнд Вашингтон Их сургуулийн харьяа сургуулиадаас 15,000 оюутнууд оролцох хүлээлтэй байна. Сиэтл хотын захирагч Грег Никелс Далай ламд хотын түлхүүрийг гардуулна. Мягмар гарагт Десмонд Туту хамба ламтан оюун санааны буюу шашны байгууллагууд энэрэхүйн арга хэмжээг хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэгт оролцоно.
Гар утасны технологийн бизнес эрхлэгч Даниел Кранзлерийн Кирлин буяны сан (Kirlin Charitable Foundation)-гаас Энэрэл нигүүлслийн үр компанийг голчлон санхүүжүүлдэг. Тус хамт олон чуулганы материалд "хүүхдээс эхлээд бүх хүмүүст эелдэг харьцаа, энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхийн ач холбогдолд дэлхий нийтээр анхаарал хандуулахыг дэмжих" зорилготой гэж байгууллагаа тодорхойлжээ.
Далай ламын айлчлалыг эсэргүүцсэн цор ганц шинж тэмдэг нь цөөн хятад оюутнууд Далай лам их сургуулийн орчинд “улс төрийн байх суурь илэрхийлэхгүй", "Хятадын эсрэг үзэл санааг өдөөхгүй" байх нөхцлийг хангахыг Вашингтоны их сургуулиас шаардсан байна.
Далай лам Баасан гарагийн өглөө тус их сургууль дээр болсон чуулганы нээлтээр 8000 оюутанд хандан "Буруу үзэл бодол, буруу үйлдлээс үүдэн асуудал үүсдэг” гэж хэлсэн ч, тэрбээр Төвдийн улс төрийн бослога хөдөлгөөнийг шууд хөндөөгүй болно. Далай лам үг хэлэхээс өмнө түүний элч Тэнзин Донден ламтан хэлсэн үгэндээ Төвдэд тусгаар тогтнол олгохоос илүүтэйгээр өөртөө засах автономит эрхийг олгохыг уриалж, Төвдөд бодит аюул нүүрлэж байгааг дурдсан.
Тэрбээр "Автономит эрх нь Төвд, Хятадын аль алинд ашигтай. Үүнд Хятадын талаас нухацтай яриа хэлэлцээ хийх хүчин чармайлт гаргах шаардлагатай" гэв. Сүүлийн үед Төвдэд өрнөж буй бослого хөдөлгөөн нь сүүлийн 50 гаруй жилд гарч байгаагүй хамгийн ширүүн, урт үргэлжилж байгаа эсэргүүцэлд тооцогдож байна.
Далай лам Сиэтл рүү ирэх замдаа Японд түр саатахдаа Олимпийн наадмыг дэмжиж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдсэн. Тэрээр Төвдөд болж буй бослого хөдөлгөөнтэй холбогдуулан Олимпийн өмнөх бэлтгэлд саад учруулахыг оролдож буйна гэж түүнийг буруутгасныг эрс няцаав. Далай лам хамгийн сүүлд 1993 онд Сиэтлд айлчилж байжээ.
Сиэтл хотын сургуулиудын байцаагч асан, эдүгээ Seeds of Compassion (Энэрэл нигүүслийн үр) компанийн гүйцэтгэх захирал Раж Манхас "энэ бүс нутаг нь энэрэл нигүүлслийн шинжлэх ухаанд манлайлагч болохын төлөө тус арга хэмжээг хөшүүрэгдэж чадна” гэж найдаж буйгаа хэлэв.
Энэрэл нигүүслийн үр чуулганы дэмжигч Кранзлер энэхүү арга хэмжээ нь "бидний зүрх сэтгэлийг бидний тархитай дахин холбоно" гэдэгт итгэж буйгаа илэрхийлэн "Бид зүрх сэтгэлээ өгөх аваас нийгэмдээ хүчирхэг, тогтвортой өөрчлөлтийг авчирч чадна" гэсэн юм. Бусад илтгэгчдийн нэгэн адил тэрбээр энэрэл нигүүслийн тулгамдсан хэрэгцээ шаардлагыг онцлон тэмдэглэж "Бид энэ дэлхийн хаана байгаагаас хамааран, энэрэл нигүүсэл үнэхээр чухал. Бид өөрсдийн дэлхий ертөнцөд энэрэн нигүүлсэхүйн үрийг тарьснаар жинхэнэ өөрчлөлт хийж чадна” гэв.










