|
Энэтхэг улс, Гандинагар, Гужарат (Тhe Statesman) – "Энэтхэг, Хятадын харилцаа сайжирвал Төвөдийн асуудалд сайнаар нөлөөлнө" хэмээн Төвөдийн цагаачлалын Засгийн Газрын тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Энэтхэгийн Ахмедабад хотын Менежментийн хүрээлэнд цугласан олонд хандан өгүүлэв. Доктор Манмохан Сингх саяхан Хятадад хийсэн айлчлалынх нь талаар Дээрхийн гэгээнээс асуухад тэрбээр "Ази тивд энх тайвныг цогцлооход Энэтхэг, Хятадын сайн харилцаа зайлшгүй шаардлагатай" хэмээгээд, тус хоёр улс нь цөмийн зэвсэгтэйг сануулан, "Итгэлцэлд суурилсан нөхөрлөл нэн чухал" хэмээн айлдав. Хятад улс 1,2 тэрбум, Энэтхэг улс нэг тэрбум хүн амтай. Дээрхийн гэгээн Төвөдийн асуудлаар "Бид Төвөдөд амьдардаггүй ч Төвөдийг орчин үед хөл нийлүүлж хөгжүүлэх нь бидний нэн тэргүүн зорилго билээ. Материаллаг өгөөжийг Хятадаас авах боломжтой ч бид жинхэнэ утгаараа автономит эрхтэй байх ёстой” хэмээв. Тэрээр Энэтхэг улсыг “номын багш”, Төвөдийг “шавь”-тай зүйрлэн, сүүлийн 49 жилд үзүүлсэн Энэтхэгийн тусламжид ихэд талархаж явдгаа илэрхийлэв. Дээрхийн гэгээн “Энэтхэгийн Засгийн Газар биднийг орогнуулах урт хугацааны тусламж үзүүлсэн. Энэтхэг улс төвөдүүдэд хамгийн ихээр тусламж үзүүлдэг ч заримдаа зөрчилдөх тохиолдол бий. Тухайлбал, бид Энэтхэг улсаас Төвөдийн асуудлыг НҮБ-д тавихыг хүсэхэд нааштай хүлээж аваагүй билээ. Төвөдүүдийн үзэл санааг мөнхөд хадгалахын тулд Энэтхэг улс төвөд дүрвэгсдэд зориулсан бие даасан сургууль байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд энэ үйл нь төвөдийн уламжлалт өв соёлыг хадгалахад тустай” хэмээн айлдлаа. Түүнчлэн Далай лам ёс зүй, бизнесийн сэдвээр илтгэхдээ бусадтай харьцахдаа энэрэн нигүүлсэхүйг эрхэмлэж байхыг сануулаад, “Мөнгө чухал ч мөнгөтэй хүмүүс аз жаргалтай гэсэн үг биш юм. Хэрэв зөвхөн ашиг орлогод хэт төвлөрвөл хэтдээ мөлжлөгт хүргэнэ. Би бээр буддист марксист үзэлтэй агаад капиталистууд зөвхөн хамгийн их ашгийн төлөө анхаардаг бол марксистууд ашгийг тэгш хуваарилахыг хүсдэг билээ. Марксист эдийн засаг илүү ёс зүйтэй хэмээн боддог" гэсэн билээ. |










