Сиэтл, WA, АНУ, 2008 оны 4-р сарын 14 (Пол Найханы нийтлэл, Seattle Post Intelligencer) – Далай лам айлчлалынхаа дөрөв дэх өдрийн ихэнхийг хүн амын хамгийн хүчирхэг бүлэг болох эцэг эхчүүдэд энэрэн нигүүлсэхүйн захиас айлдахад зориулжээ. Төвдийн оюун санааны удирдагч эцэг эхчүүдэд эрүүл саруул хүүхэд өсгөн хүмүүжүүлэх олон санаа, арга техникийг санал болгов.
Вашингтоны их сургуулийн судлаачид эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцахдаа харц тулж харьцахаас эхлээд хүүхдүүдээ үнэнчээр сайн сонсох хүртэл бүх зүйлсийг хэрхэн хийх талаар маш тодорхой зөвлөсөн. Вашингтоны Их Сургуулийн Нийгмийн хөгжлийн судалгааны багийн үүсгэн байгуулагч Дэвид Хокинс "Хүүхдийнхээ болон гэр бүлийнхээ амьдралд идэвхтэй оролцоорой" гэж хэлэв.
Идэвхтэй байна гэдэг нь балчир хүүхэддээ ном уншихаас эхлээд өсвөр насны хүүхэддээ гэртээ wi-fi тавихад туслахыг зөвшөөрөх хүртэл бүх зүйлсийг илэрхийлэхийг судалгааны багийнхан онцолжээ. Тус бүлгээс эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжүүд нь Сиэтл хотын төрийн өмчит сургуулийн 800 гаруй хүүхдийг дунд сургуулиас нь эхлэн 30 нас хүртэл нь дагаж судалсан 17 жилийн судалгааны төслийн үр дүнд үндэслэсэн байна. Судалгаа нь урам зориг төрүүлэхүйц эерэг үр дүн санал болгож байна. Тухайлбал, “Эрүүл хүүхэд өсгөн хүмүүжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр ангиас нь дагаж судалсан сурагчид коллежид суралцах магадлал хоёр дахин их, мөн 21 нас хүртлээ жирэмслэх магадлал маш бага байжээ.
Эрүүл хүүхэд өсгөх хөтөлбөр нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхдүүдэд зориулсан цогц стратеги юм. Тухайлбал эцэг эхчүүдийн хувьд энэ нь тодорхой тогтоосон хязгаарлалт, эерэг сайжруулалт, хамгийн чухал нь эцэг эх, хүүхдийн хооронд идэвхтэй ярилцах хэв маяг юм. Энэхүү харилцан яриа нь эцэг эхийн хайхардаггүй нэг хандлагыг шаарддаг нь хүүхдээ сонсох явдал юм. Хүүхдүүдийг сонсох хэрэгтэй, гэр бүлээ өсгөх ажилд идэвхтэй оролцохын тулд хүүхдийг сонсох хэрэгтэй гэж Хокинс үзэж байна.
Даваа гарагт "Эрүүл хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь: хүүхэд, гэр бүл, сургуулийн хооронд бат бөх холбоо тогтоох" сэдэвт энэрэл нигүүлслийн үрийн хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулахад тусалсан Хокинс захирал "Хүүхэд өөрийн хийх ёстой зүйлийг хийж байхад нь түүнийг үнэлж сайшаахаа мартахгүй санаж байх нь аав нарт маш чухал” гэж зөвлөсөн. Тухайлбал, гэр бүлүүд хамтдаа суугаад хөгжилтэй арга хэмжээ төлөвлөх, хүн бүрт саналаа хэлэх боломж олгох, аливаа санааг гутаан доромжлохгүй байх зэрэг тодорхой үндсэн дүрэм тогтоохыг Хокинс санал болгов.
Хүүхдийг хүмүүжүүлэх стратеги нь хүүхдийг хэт эрхлүүлэх биш, харин "тохиромжтой" гэхээсээ илүүтэйгээр "зорилготой" хүмүүжүүлэхэд чиглэх ёстой. Эцэг эхчүүд нь тууштай дадал ба үр дагаврыг тодорхойлох, хүүхэд биеэ хэрхэн авч явах хүлээлтийг тодорхойлох, тэдгээрийг дэмжин урамшуулахад анхаарах хэрэгтэй. Хэлэлцүүлэгт оролцогчид эцэг эхийн боловсролд тулгарч буй нэг сорилт бол эцэг эхчүүд сонсох чадварыг онцлон дурдсан. Сүүлийн жилүүдэд хүүхэд хүмүүжүүлэх ном, сургалт, семинарын тэсрэлт болж байгаа ч, эцэг эхчүүдийг сургалтад хамруулах нь маш түвэгтэйг Хокинс тэмдэглэв.
Тэрбээр "Бид эцэг эхчүүдэд маш олон санаа өглөө. Бид тэдгээр санааг хэрхэн хийх арга замыг хэлээгүй байж магадгүй". Ерөнхийдөө Вашингтоны Их сургуулийн тус хөтөлбөрийн зорилго нь эцэг эх болон хүүхдүүдийн хооронд эрүүл, эерэг харилцааг бий болгох явдал бөгөөд хөтөлбөрийн үүсгэн байгуулагчид нь үүнийг бат бөх гэр бүлийн үндэс суурь гэж итгэж байна.
Далай ламын хэлсэнчлэн энэ нь мөн энэрэнгүй сэтгэлийн гол үндсэн үр юм.










