 | | Далай лам (зүүн талд), Герман улсын парламентын доод танхимын Ерөнхийлөгч Норберт Ламмерт нар Бохум хотын зочид буудалд хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулж буй нь. 2008 оны 5-р сарын 15. (REUTERS/Volker Hartmann/Pool) |
Франкфурт хот, Герман, 2008 оны 5-р сарын 15 (Маделин Чемберс, Reuters) – Хятадад саяхан болсон газар хөдлөлтийн улмаас 20,000 гаруй хятад иргэд амиа алдсанд Төвдийн шашны тэргүүн Далай лам харамсаж буйгаа Пүрэв гарагт илэрхийлж, хохирогчдын төлөө залбирах хурал зарлав. Тэрээр Герман улсад хийх тав хоногийн айлчлалаа эхлүүлэхээр Франкфурт хотод хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн 3 дугаар сард Төвдийн нутагт гарсан бослого хөдөлгөөн, олноор хоморголсон баривчилгаа, хилс гүтгэлэг зэрэгт Далай лам буруутай хэмээн Бээжингийн эрх баригчид түүнийг буруутгаснаас хойш Европт хийж буй түүний анхны айлчлал юм. "Хятадад болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүс бол бидэнтэй адил энгийн иргэд бөгөөд бидэн лугаа зовж шаналж байгаа. Газар хөдлөлтийн талаар бид сонсож, зурагнаас хараад сэтгэл эмтэрсэн. ... Дарамсала дахь төвдүүд бид ихэд харамсаж байна. Бид өнөөдөр эсвэл маргааш Дарамсала хотод залбирлын хурал зохион байгуулна" хэмээн Дээрхийн гэгээн Франкфурт хотод газардсаны дараа хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Хятадын цэргүүд 1950 онд Төвд рүү нэвтэрч орсон бөгөөд 1959 онд коммунист дэглэмийн эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Далай лам Төвдөөс дүрвэж, одоо Энэтхэгийн Дарамсала хотод амьдардаг билээ. Тэрээр Төвдөд бүрэн тусгаар тогтнол гэхээс илүүтэйгээр өөртөө засах автономит эрх олгохыг уриалдаг. Далай ламын төлөөлөгчид энэ сард Хятадын албаны хүмүүстэй яриа хэлэлцээ хийж байна. Хятад улсын ерөнхийлөгч Ху Жинтао энэхүү хоёр талын яриа хэлэлцээнд илүү нухацтай хандана гэдэгт Дээрхийн гэгээн найдаж буйг Пүрэв гарагт мэдэгдсэн. Тэрбээр "Эцэст нь хэлэлцүүлгийн үеэр бодит үр дүнтэй ойлголцолд хүрнэ гэж найдаж байна" гэв. Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер, Ерөнхийлөгч Хорст Кёлер тэргүүтэй өндөр албаны хүмүүс Далай ламтай уулзахаас татгалзсанаас үүдэн, Германд улс төрийн маргаан дэгдсэн.
Өнгөрсөн жил Германы канцлер Ангела Меркель түүнийг Берлинд хүлээн авч уулзсаны дараа Хятадтай хэдэн сарын турш харилцаа муудсан тул, дээрх албаны хүмүүс уг улс төрийн шуургыг намдаахын тулд Далай ламтай уулзахаас түдгэлзсэн байж магадгүй. Хатагтай Меркель Латин Америкт айлялал хийж байгаа тул, Далай ламтай энэ удаад уулзахгүй. Гэвч Хөгжлийн асуудлыг хариуцсан сайд Хайдемари Виецзорек-Зел Даваа гарагт Дээрхийн гэгээнтэй уулзана гэж Засгийн газраас мэдээлэв. Энэ мэдээ нь Берлин дэх Хятадын элчин сайдын яамнаас шүүмжлэл дагуулж, "Далай лам олон жилийн турш салан тусгаарлах ажиллагаанд оролцож ирсэн улс төрийн өдөөн хатгагч бөгөөд Германы засгийн газрын сайдтай уулзах нь "буруу дохио" болно гэж Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. |