Токио, Япон, 2008 оны 4-р сарын 10 (AFP) – Төвөдөд нэг сарын өмнө эсэргүүцлийн жагсаал цуглаан гаарч олон улсын түвшинд дуулиан шуугиан болсноос хойш Далай лам гадаад айлчлалынхаа хүрээнд пүрэв гарагт Японы өмнөх тэргүүн хатагтайтай уулзав. Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам Энэтхэг улсад улс төрийн орогнолоор 50 орчим жил амьдарч байгаа бөгөөд тэрбээр АНУ-д цуврал лекц унших айлчлалаа эхлэхээр Сиэтль хот руу явах замдаа Япон улсад түр саатав. Токиогийн ойролцоох Нарита нисэх онгоцны буудал дээр Дээрхийн гэгээнтэнг олон арван дэмжигчид угтан авахад Далай лам инээмсэглэн алгаа хавсарч, Бурханы шашны уламжлалт мэндчилгээг цугларсан олноо хүргэв. Тэрээр дараа нь хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байв. Дээрхийн гэгээнтэн Японы консерватив үзэл баримтлагч (өнгөрсөн жил огцорсон) Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэтэй зочид буудалд уулзжээ. Гэвч Дээрхийн гэгээн энэ удаа албаны хүмүүстэй уулзахгүй гэж Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Нобутака Мачимура сэтгүүлчдэд хэлэхдээ " Засгийн газрын төлөөлөгчид Далай ламтай уулзахаар төлөвлөөгүй. Мөн Далай лам албаны уулзалт хийх хүсэл сонирхол илэрхийлсэн гэж би бас сонсоогүй" гэжээ.
Далай лам Япон улсад байнга айлчилж, шашны сэдвээр лекц уншдаг бөгөөд Хойд Америк руу явах замдаа ихэвчлэн Наритагаар дамжин саатдаг. Гэвч Япон улсын эрх баригчид Барууны улс орнуудын удирдагчдаас ялгаатай нь Далай ламтай уулзахаас байнга цааргалж татгалзсаар ирсэн бөгөөд энэ удаа ч албаны хүмүүстэй уулзалт хийх төлөвлөгөө байхгүй ажээ.
Япон улс 1930-аад онд Ас Дорнодод явуулсан эзлэн түрэмгийлэх бодлогын улмаас Япон улс, Хятадын харилцаа тааламжгүй байсан ч, Япон улсын Ерөнхий сайд Абегийн 2006 онд хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогын хүрээнд худалдааны хамгийн том түнш болох Хятад улстай харилцаагаа сайжруулахын төлөө хүчин чармайлт гаргасаар иржээ. Төвөдийг засаглаж буй Хятадын түрэмгий бодлогыг эсрэг сүүлийн 20 жилд гарч байгаагүй томоохон жагсаал цуглаан Төвөдөд гарсан ээдрээтэй цаг үетэй Хойд Америкт хийхээр хэдийнээ төлөвлөсөн Далай ламын энэхүү айлчлал нь давхцаж байна. Лхагва гарагт Сан Франциско хотод Бээжингийн Олимпийн наадмын бамбарыг аялуулах олон улсын буухиа болох үеэр Төвөдийг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал хийснээр уг буухиа аяллыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгахад хүргэжээ.
Төвөдийг дэмжигч Охара нь Далай ламтай уулзаж мэндчлэх үеэрээ "Бид Төвөдөд өөртөө засах эрхийг хүсч байна. Хятад улс Дээрхийн гэгээнтэнтэй нэн даруй хэлэлцэж ярилцаасай, эс бөгөөс аливаа шийдэлд хүрэхгүй" гэж Японы хэвлэлд ярьсан. Далай ламыг өөрийн улсад айлчлахыг зөвшөөрсөн улс орнуудыг Хятад улс байнга эсэргүүцдэг. Бурханы шашны сүсэнтнүүд зонхилсон Гималайн уулс дахь Төвөдийн нутаг дэвсгэрийг 1951 онд Хятадын засаг захиргаа эзэлж авсныг эсэргүүцэж, Далай лам Төвөдийг Хятадаас салан тусгаарлахыг эрэлхийлж оролддог хэмээн Бээжингийн эрх баригчид түүнийг буруутгаж буй. Дээрхийн гэгээн нь “Төвөдийн автономит эрх тогтоохыг л эрмэлзэж байгаа бөгөөд төвөд ард түмний эсрэг хүчирхийлэл үйлдэхийг эсэргүүцэж байна” гэж хэлэв.










