Токио, Япон — 2006 оны 10-р сарын 30 (Цэринг Цомо) — Дээрхийн гэгээн XIV Далай лам өнөө өглөө Токио хотын Нарита олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар Япон улсад хийх хоёр долоо хоногийн айлчлалаа эхлүүллээ. Мягмар гарагаас эхлэх түүний айлчлалын хөтөлбөрт цуврал лекц, номын айлдварууд багтахаас гадна Өмнөд Африкийн Нобелийн энх тайвны шагналт хамба лам Дезмонд Туту, Умард Ирландын энх тайвны зүтгэлтэн Бетти Уильямс нарын хамт оролцох энх тайвны дээд хэмжээний уулзалт Хирошима хотод зохион байгуулагдах юм. Атомын бөмбөгийн аймшигт хор уршгийг туулсан түүхэн Хирошима хотод болох энэхүү уулзалт нь энх тайван, энэрэн нигүүлслийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Мөн мягмар гарагт Далай лам Токио хотын Шинагава Принс зочид буудалд Японы Бурханы шашны төрөл бүрийн байгууллагыг төлөөлсөн 50 орчим хамба лам нарт хандан айлдвар айлдах хуваарьтай байна. Дээрхийн гэгээнийг нисэх буудалд Далай ламын Төлөөлөгчийн газрын албаны хүмүүс, уг айлчлалын ерөнхий зохион байгуулагч, Дайсё-ин хийдийн хамба Ёшида Шою, мөн Хирошима хотод төвтэй Манжушри Махаяна Бурханы шашны холбоо (MMBA)-ны захирал Номура Шожиро, түүнчлэн 2006 оны 1-р сард зохион байгуулагдсан Амравати Калачакра номын айлдварыг ивээн тэтгэсэн Бусшокай Бурханы төвийн төлөөлөгчид угтан авлаа. Энэхүү айлчлал нь Дээрхийн гэгээн Далай ламын Япон улсад заларч буй 10 дахь удаагийн айлчлал юм. |










