АНУ, Калифорни муж, Лонг-Бич хот, 2006 оны 9-р сарын 27, (Дон Жерглер / presstelegram.com)
Хурлын илтгэгчид эмэгтэйчүүдийг эх хүн, удирдагчийнх нь хувьд сайшаан, урам зориг өгөх зөвлөгөө хүргэлээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам мягмар гарагт Калифорни мужийн Лонг-Бич хотод айлчилж, илүү сайхан дэлхийг бүтээхэд эмэгтэйчүүдийн үүрэг онцгой чухал бөгөөд нийгэм илүү олон эмэгтэй удирдагчтай болох хэрэгтэй ба боловсролын салбарт ч мөн энэрэн нигүүлсэх сэтгэлийг заах нь нэн шаардлагатай хэмээн айлдлаа.
“Эмэгтэй хүн энэрэнгүй сэтгэлийн бэлгэ тэмдэг, эх ундрага байдаг” хэмээн тэрээр Калифорни мужийн захирагч болон тэргүүн хатагтай нарын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Эмэгтэйчүүдийн бага хуралд оролцохоор Лонг-Бич аренад цугласан 13 мянга орчим хүнд хандан айлдлаа.
Лонг-Бичийн Конвеншн, Үзвэрийн төвд болсон уг хуралд нэр хүндтэй олон илтгэгч оролцожээ. Өглөө нь Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер, түүний гэргий Мария Шрайвер, бизнес эрхлэгч Марта Стюарт нар олны анхаарлыг татсан бол үдээс хойш Йоркийн гүнгийн хатагтай Сара Фергюсон, ‘Хэвлэлийнхэнтэй уулзах нь’ /Meet the Press/ нэвтрүүлгийн хөтлөгч Тим Рассерт, нийтлэлч Анна Куиндлен, ABC сувгийн ерөнхийлөгч Энн Суини нар тайзнаа гарч үг хэлэв.
Өдөр ирэх тусам Далай ламын айлдварыг сонсохоор цугларсан хүмүүсийн тоо нэмэгдэж, зохион байгуулагчдын мэдээлснээр уг хурал 20 жилийн түүхэндээ байгаагүй олон оролцогчтой болжээ.
Оройн нь Далай лам Мария Шрайверийн хамт тайзан дээр нэг цаг орчим сууж, эмэгтэйчүүдийн манлайлал, эх хүний ач холбогдол, дотоод амар амгалан, нийгмийн эв найрамдлын талаар сургаал айлдлаа.
Нийгмийн өөрчлөлт эх хүний сэтгэлээс эхэлдэг. Эх хүний энэрэл гэр бүлд, гэр бүлийн уур амьсгал нийгэмд нөлөөлдөг хэмээн тэрээр онцолсон байна.
Мөн боловсролын салбарт дотоод үнэт зүйл, энэрэн нигүүлсэх сэтгэлийг орхигдуулж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлээд “Боловсролын тогтолцоо хүний дотоод үнэ цэнийг орхигдуулсаар ирсэн” хэмээн Далай лам онцоллоо.
Тэрээр хүн бүр шашин шүтдэггүй өнөө цагт ёс суртахууны хичээлийг шашнаас ангид, “иргэний ёс зүй” хэлбэрээр заах шаардлагатайг дурдав. Үүний зэрэгцээ бүх шашин, мөн шашингүй үзэл бодлыг адилхан хүндэтгэх нь чухал гэдгийг нэмж онцоллоо.
Илтгэлийн үеэр Далай лам хурц гэрлээс хамгаалах улаан нарны хаалт өмсөхөд танхимд инээд хөөр болов. Мария Шрайвер түүнийг тайлахыг хүсэхэд Дээрхийн гэгээн дээш заан “Гэрэл их хурц байна” хэмээгээд, үзэгчдийг заан “Энэ бол та нарын сонирхол”, харин малгайгаа зааж “Энэ бол миний сонирхол” хэмээн хошигножээ.
Өдрийн эхэнд үг хэлсэн Арнольд Шварценеггер улс төрийн маргаантай сэдвээс зайлсхийж, Калифорнийн эмэгтэйчүүдийн талаар онцлон ярив.
“Би ухаалаг, хүчирхэг, бие даасан, амжилттай эмэгтэйчүүдийн дунд ажиллаж ирсэндээ өөрийгөө азтайд тооцдог” хэмээн тэр хэлэв.
Өмнөх жилүүдийн адил эсэргүүцлийн дуу хоолой танхим дотор гараагүй ч Калифорнийн Сувилагчдын холбоо гадаа жагсаал зохион байгуулжээ.
Эмэгтэйчүүдийн тухай, тэр дундаа өөрийн гэргий Мария болон түүнийг тайзан дээр танилцуулсан хоёр охиноо дурдан сайшаалын үг хэлснийхээ дараа Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер үгээ ингэж өндөрлүүлжээ.
“Амьдрал надад нэг зүйлийг сургасан. Нэг зорилгын төлөө нэгдсэн эмэгтэйчүүд хамтдаа ажиллах үед ухаалаг эрчүүд замаас нь холдож өгдөг” хэмээн тэрээр онцолсон юм.
Түүний дараа илтгэл тавьсан Марта Стюарт архитектор болох хүсэл мөрөөдлөөс эхлээд хувьцааны брокер, хоол үйлчилгээний бизнес эрхлэгч болж, улмаар олон сая ам.долларын үнэлгээтэй брэнд, нэр хүндийг бүтээсэн карьерынхаа замналыг хуваалцжээ.
“Би хэзээ ч мөнгөөр урамшиж явсан хүн биш” хэмээн тэрээр илтгэлийнхээ эхэнд онцоллоо.
Мария Шрайвер тэргүүн хатагтай байх үеийн туршлагаа хуваалцаж, уг хурлыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа ярив. Тэрбээр эхний хоёр бага хурал улс төрийн уур амьсгалд дарагдаж байсан тухай дурдаж, тухайн үед Шварценеггер төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлүүдтэй улс төрийн зөрчилдөөнд орж, амжилтгүй болсон тусгай сонгуулийн сүүдэр хурлыг дагаж байсныг сануулаад “Тэр сонгуулиар бид эелдгээр ‘сануулга’ гэж нэрлэдэг хариуг авсан” хэмээн Шрайвер хэллээ.
Тэрээр мөн өнгөрсөн жил хурлын өмнөх орой ээж Эйнис Кеннеди Шрайвер унаж, ташаагаа хугалж байсан бол энэ жил дахин осолд орж, баасан гарагт унан өвдөг болон хавиргаа хугалсныг дурдав. Камерууд тэргэнцэртэй урд эгнээнд сууж байсан Эйнис Шрайвер рүү чиглэж, том дэлгэцээр түүний дүрсийг харуулжээ. Харин тэрээр охиныхоо ярианд ичиж буй мэт “Болимоор юм, боль” хэмээн амандаа бувтнасан нь олны анхаарлыг татав.
Мария Шрайвер телевизийн хөтлөгч, зохиолчоос эх хүн, өндөр настай эцэг эхээ асран халамжлагч болсон амьдралынхаа шилжилтийн тухай өгүүлэв. Тэрбээр нөхрөө “амьдралынхаа хамгийн сайхан үеийг өнгөрүүлж буй” амбан захирагч хэмээн тодорхойлоод, “Тэр энэ үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа бөгөөд би түүгээрээ үнэхээр их бахархаж байна” хэмээлээ.
Өдрийн хоолны дараах хуралдааныг NBC-ийн ‘Хэвлэлийнхэнтэй уулзах нь’ /Meet the Press/ нэвтрүүлгийн хөтлөгч Тим Рассерт нээж, хоёр ажил зэрэг хийж амьдралаа залгуулж байсан эцэг, өнгөрсөн жил таалал төгссөн эхийнхээ тухай дурсав.
“Ээж минь хүмүүсийн анхаарлыг татахын тулд заавал чанга дуугарч, сүржигнэх шаардлагагүйг надад сургасан” хэмээн тэр хэлжээ.
Нийтлэлч Анна Куиндлен өөрийн илтгэлдээ бусдад туслахын зэрэгцээ өөртөө ч анхаарах ёстойг онцлон,
“Энэ танхимд суугаа олон эмэгтэй амжилтад хүрэхийг хүсдэг. Гэхдээ зөвхөн амжилтад хүрэх нь хангалтгүй, заавал сайн үйл хийх ёстой” хэмээн өгүүлэв.
Йоркийн гүнгийн хатагтай Сара Фергюсон тайзан дээр улаан үстэй жижигхэн даавуун хүүхэлдэй авч гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа. Тэрбээр уг хүүхэлдэй нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр Дэлхийн худалдааны төв дэх түүний ажлын өрөөнд байсан бөгөөд гал сөнөөгч нэгэн нурсан балгаснаас олж, малгайдаа хийж авч гарсан түүхтэйг ярив. Хожим ток шоуны хөтлөгч Ларри Кингийн ачаар уг хүүхэлдэй Фергюсонд хамааралтай нь тогтоогдсон бөгөөд тэр үүнийг “Бяцхан Улаан” хэмээн нэрлэдэг аж. Уг хүүхэлдэй нь түүний үүсгэн байгуулсан “Хүүхдэд боломж олгох нь” буяны сангийн бэлгэдэл болдог байна.
“Тэр бол тэмцэгч, тэсэж үлдэгч, эмэгтэй хүн, мөн өөрийн түүхийг өгүүлэхээр энд ирсэн нэгэн” хэмээн Фергюсон хүүхэлдэйгээ өргөн хэллээ.
Фергюсон 12 настай байхад ээж нь Аргентинд өөр эр хүнтэй хамт амьдрахаар түүнийг орхисон тухай дурсаж,
“Би түүнтэй дахин хэзээ ч Англид уулзаагүй” хэмээн өгүүлээд, энэ явдал түүнийг өөрийгөө хамгаалсан “хэрэм” босгоход хүргэсэн бөгөөд хүмүүс үүнийг нь “Ферги” гэж мэддэг болсон хэмээжээ. Тэрбээр мөн хэт их идэх зуршилтай болсон тухайгаа илэн далангүй ярьж,
“Миний цорын ганц найз хоол байсан” хэмээн хэлсэн байна. Өдгөө тэрээр жин хянах, эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг Weight Watchers байгууллагын элч төлөөлөгчөөр ажиллаж буй.
Ээждээ орхигдсон ч, эсвэл үүний улмаас ч, хоёр хүүхдийн эх болсон Фергюсон эх хүний үнэ цэнийг онцгойлон чухалчилдгаа илэрхийлж,
“Эх хүн гэдэг бол бүх зүйл” хэмээн онцоллоо.
Хурлын үеэр Мария Шрайвер муж улсад үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэйчүүдэд Минерва шагналыг гардуулсан бөгөөд насан туршын Минерва анхны шагналыг эмэгтэй сансрын нисэгч Салли Райд хүртжээ. Охид, залуу эмэгтэйчүүдийг шинжлэх ухаанд урамшуулахын төлөө ажиллаж ирсэн Райд
“Би багадаа сансарт нисэхийг мөрөөддөг байсан, итгэмээргүй нь тэр мөрөөдөл минь биелсэн” хэмээн урам зориг өгсөн илтгэл тавив.
Хурлыг Дээрхийн гэгээн XIV Далай лам гурван минутын бясалгалаар өндөрлүүлж, мянга мянган хүнийг гүн аниргүйд умбууллаа. Оролцогчид түүний зааврын дагуу нүдээ анин, толгойгоо гудайлган, жигд амьсгалж, өөрийн шүтлэг эсвэл эхийнхээ энэрэнгүй сэтгэлийн тухай тунгаан боджээ. Далай лам гараа хавсран, цугласан олонд талархал илэрхийлсээр тайзнаас буулаа.
Эцэст нь Мария Шрайвер хурлыг хааж “Хэрэв Арнольд сонгуульд ялбал би эргэн ирнэ. Харин ялагдвал түр баяртай” хэмээн хэллээ.










