Япон, Токио хот – Ёкохама дүүрэг, 2010 оны 6-р сарын 24, Зохиогч: Цэринг Цомо
Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Японы Токио хотын Ёкохама хотын Интерконтинентал Гранд зочид буудалд 20 гаруй их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, боловсролын салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ жижиг үндэстнүүдийн зөрчил, хүчирхийлэлд тулгуурласан бодлого асуудлыг шийдэх бус, харин ирээдүйн мөргөлдөөний үндэс, суурь болж ирсэн талаар онцоллоо. Тэрээр өнгөрсөн зууны турш олон жижиг үндэстэн тусгаар тогтнол, үндэсний эрх ашгаа хамгаална гэсэн нэрийн дор хүчирхийлэл, цус асгаруулсан мөргөлдөөн хийж, энэ зам нь бодит шийдэл бус, дахин давтагдах хүчирхийллийн үрийг тарьж ирснийг хэллээ. Дээрхийн гэгээн өнөө үеийн “шинэ бодит байдал” нь зөрчил, маргааныг шийдвэрлэхэд улам бүр цогц, өргөн хүрээний хандлага шаардаж байгааг онцлов.
![]() |
| Дээрхийн гэгээн багш, оюутнуудтай мэндчилж буй нь...Япон, Ёкохама. 2010 оны 06 сарын 24. Зургийг Тэнзин Чойжор |
Тэрээр “Шинэ бодит байдал нь зөрчилдөөн, асуудлыг шийдвэрлэхэд илүү цогц арга барилыг шаардаж байгаа бөгөөд ингэснээр энх тайван, аз жаргалыг зөвхөн хувь хүний түвшинд төдийгүй дэлхийн түвшинд бий болгох боломжтой.
Хүн төрөлхтөн дайн болон оюун санааны тухай ойлголтын талаар илүү төлөвшиж байна. 20-р зууны дунд үе хүртэл олон улс орны хооронд цөмийн зэвсэг боловсруулах өрсөлдөөн өрнөсөн. Зууны сүүл үед ёс суртахууны хямрал нь материаллаг хөгжил өөрийн гэсэн хязгаарлалттай гэдгийг ойлгосны дараа илүү олон хүн сэтгэлийн амар амгаланг эрэлхийлэхэд хүргэсэн" хэмээв.
Том гүрнүүдийн цөмийн зэвсгийн бодлого, олон улсын хамтын ажиллагаа, хүний эрхийн үнэлэмжийн өсөлт нь хүн төрөлхтөн илүү энхтайван ирээдүй рүү тэмүүлж буйн чухал шинж тэмдэг болж байна гэж онцлов.
АНУ, ОХУ зэрэг их гүрнүүд цөмийн зэвсгийн агуулахуудаа цөөлөх асуудлыг чухалчлан хэлэлцэж эхэлсэн нь дайны үзэл баримтлалаас ухарч, аюулгүй байдлыг өөр өнцгөөс эргэцүүлж эхэлсний илрэл тул үүнтэй зэрэгцэн Европын Холбоо байгуулагдахдаа үндэсний эрх ашгаас илүү нийтлэг, хамтын ашиг сонирхлыг дээдэлсэн үзэл санаанд тулгуурласан нь олон улсын хамтын ажиллагааны эерэг жишээ болж байгааг тэмдэглэлээ.
|
| Дээрхийн гэгээн багш япон, англи хэлний орчуулагч нартай ярилцаж буй нь... Япон, Ёкохама. 2010 оны 06 сарын 24. Зургийг Тэнзин Чойжор |
Дээрхийн гэгээн Далай лам хүний дотоод сэтгэл, эрүүл мэндийн хоорондоо холбоотой талаар ярихдаа аз жаргал, амар амгалангийн баталгаа гэж үгүй ч тэдгээрт хүрэхийн төлөө найдаж, чармайн ажиллах нь зайлшгүй чухал гэдгийг онцлов. Найдвар амьдралыг тэтгэдэг учраас найдах нь сайн хэрэг болохыг, найдвараа алдах нь хүний амьдралыг богиносгож, сэтгэл гутрал, ганцаардал, улмаар амиа хорлолтод хүртэл хүргэж болзошгүйг анхааруулав. Байнгын уур хилэн эсвэл гомдол нь бидний дархлааны системийг гэмтээдэг. Эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаанууд хангалттай нотолж буйг дурдлаа.
"Бүх шашны уламжлалууд аз жаргалтай амьдрахад үнэнч байдал, энэрэл хайр, шударга зан, ил тод үйл ажиллагаа чухал гэдгийг сургадаг бөгөөд арга барил нь өөр өөр боловч мөн чанар нь ижил. Бурхан багш сэтгэл оюуны чадамжид тохируулж сургаалаа өөр өөр түвшинд айлдсан".
"Хэрэв хүн бусадтайгаа харьцахдаа үнэнч шударга байж чадвал нууцлах зүйлгүй, хоёр нүүр гаргах, худал хэлэх шаардлага огт гарахгүй. Ийм төрлийн “шашны бус ёс зүй” нь бүх шашинд нийтлэг бөгөөд “дотоод үнэт зүйлс”-ийг төлөвшүүлэх үндэс болдог.Энэ нь маргаантай талууд зөрчилдөөнийг харилцан ярилцаж эвлэрэхэд тусалдаг. Тиймээс бүх шашин хүн төрөлхтөнд эдгээр дотоод үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд туслах ижил чадвартай. Таны дотоод баялаг бол таны хамгийн сайн найз".
"Ядуун болон баян орнуудын хоорондын зөрүүний тухай ярихдаа тэрээр энэ зөрчил нь баян орнуудад асар их илүүдэл хуримтлуулж байгаа хэр нь ядуу орнуудад өлсгөлөн, турж үхэх аюул дагуулж байна гэв. Энэ бол зөвхөн ёс суртахууны хямрал биш, бас арга хэмжээ авч шийдвэрлэж болох бодит асуудал учраас практик хямрал юм.”
Тэрээр Нобелийн энхтайвны шагналт доктор Мухаммед Юсуфын үүсгэн байгуулсан Бангладешт төвтэй Грамин банк зэрэг ТББ-уудын санаачилгыг сайшааж, ядууст хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь туслах жижиг зээл олгож байгааг онцоллоо.
|
| Дээрхийн гэгээний айлдварыг сонсож буй багш, оюутнууд...Япон, Ёкохама. 2010 оны 06 сарын 24. Зургийг Тэнзин Чойжор |
Ядуурлыг зогсоохын тулд бичил зээлийн аргыг бусад оронд одоо хэрэгжүүлж байна.
Өөрийнх нь адисыг авхаар ирсэн Энэтхэгийн Бомбей хотын нэгэн чинээлэг бизнесментэй уулзсан тухайгаа Дээрхийн гэгээн “Би түүнд хэрэв ашгийнхаа өчүүхэн хэсгийг өөрийн хотын харанхуй гудманд амьдарч буй хэдэн мянган ядуу хүнд зориулан тусалж чадвал жинхэнэ адис ивээлийн эх булаг өөрийн тань дотроос ундарна гэж хэлсэн. Ингэж бусдад туслах нь адис ивгэээл хүртэх хамгийн сайн арга юм” хэмээн хэллээ.
Фүжи телевизийн нэртэй улс төрийн тоймч ноён Акира Икэгами өнөөдрийн хэлэлцүүлгийг удирдан явуулах үеэрээ Японы залуус Дээрхийн гэгээнтний энэрэл, энх тайван, үл хүчирхийлэх хандлагаас ихийг суралцах хэрэгтэй гэж хэлэв. “Тэр бол бидний цаг үеийн Ганди ” хэмээн онцоллоо.
Токиогийн Их Сургуулийн 22 настай төгсөх ангийн оюутан, мөн буддын шашинтан Ёшики Тода "Дээрхийн гэгээнтэй хийсэн уулзалт нь түүнд байгаль орчны асуудлыг өөр өнцгөөс харах боломжийг олголоо. Би дэлхийн байгаль орчны асуудлын талаар судалгааны ажил хийж байгаа бөгөөд буддын гүн ухаан энэхүү шинжлэх ухааны бүтээлд хэрхэн нийцэж байгааг судална" гэж хэллээ
София коллежийн оюутан 21 настай Мика Кикучи Дээрхийн гэгээнд бараалхахаар Энэтхэгийн Дарамсалад очиж байснаа дурсаж, хүнд бэрх цаг үеийг туулсан хэдий ч үргэлж инээмсэглэж, сэтгэл хангалуун, жаргалтай харагддаг байдал нь түүнийг гайхшруулсныг онцолсон байна.
Дээрхийн гэгээн хэлэхдээ, Төвөд хүмүүс аливаа бэрхшээл, зовлон бүрийн эерэг талыг олж харах чадвартай байдгийн шалтгаан нь зөвхөн шашин шүтлэгээс нь гадна, тэдний соёл, хүмүүжилтэй ч холбоотой гэв. Буддын шашны гүн гүнзгий ном судар сайн мэддэггүй зарим төвөд хүн дандаа аз жаргалтай байдаг, үүний нэг шалтгаан нь бүх амьд бодьгалд энэрэн нигүүлсэх хандлагыг эрхэмлэдэг соёлын өвтэй нь холбоотой хэмээн тайлбарлав.
Энэхүү уулзалт, ярилцлагыг Токио хотын хамгийн том гурван хэвлэлийн компанийн нэг болох “Коданша” хэвлэлийн компани Төвөдийн Төлөөлөгчийн Газар (Япон)-тай хамтран зохион байгуулжээ.
“Коданша” энэ уулзалтын агуулгыг багтаасан номыг энэ он дуусахаас өмнө япон хэлээр хэвлэн гаргах юм.










