Хамильтон, Нью-Йорк хот, АНУ, 2008 оны 4-р сарын 23 (Media-Newswire.com) - Дээрхийн гэгээн 14-р Далай лам аз жаргалын тухай ярихыг сонсохоор 5000 шахам хүн Хамилтон дахь Колгейтийн оюутны хотхон дахь Санфорд Филдхаус таннхимд хүрэлцэн иржээ. Аз жаргал гэдэг нь бүх хүн төрөлхтөний хүсдэг ч, хүрч олоход маш хэцүү түвэгтэй шинж чанар юм. Арга хэмжээ эхлэхээс өмнө Дээрхийн гэгээн гутлаа тайлж, түүнд зориулсан том улаан арьсан сандал дээр аажуухан завилан суув. Үзэгчид мэргэн ухааны сургаалийг тэсэн ядан хүлээж байсан ч, тэрбээр “сандал маш тав тухтай тул ярихгүй хэсэг суумаар байна" гэж хошигнов. Гэвч аз жаргалтай болоход шаардагддаг дотоод амар амгалан, энэрэн нигүүлсэхүй, бодит үнэний тухай түүний яриа сэтгэлд ойр, тодорхой байсан. Тэрээр үзэгчдээсээ "Дотоод үнэт зүйлсийнхээ талаар илүү ихийг бодож үзээрэй" гэж хүссэн юм. Тэрээр "Бид материаллаг зүйлд хэт их анхаарал хандуулж, дотоод нөөц боломжоо хайхардаггүй" гэж хэлэв. Зураг: Sanford Fieldhouse танхимд цугласан 4900 хүнд Далай лам "Аз жаргалын урлаг"-ын тухай ярьж буй нь. (Сюзан Канын зураг) Далай лам “хүн бүр аз жаргалтай болох, утга учиртай амьдрах чадвартай ч тэрхүү зорилгодоо хүрэх гол түлхүүр нь өөрийгөө танин мэдэх явдал” гэдгийг онцлон дурдав. Энэхүү 90 минут үргэлжилсэн Дээрхий гэгээний яриаг Колгейтийн Их сургуулийн (эцэг эх, эмээ өвөөгийн сангаас санхүүжүүлдэг) Глобал удирдагчдын цуврал лекцээс ивээн тэтгэсэн. Дээрхийн гэгээний сургааль айлдварыг сонсохыг хүссэн асар их эрэлтийг хангах үүднээс, түүний лекцийг интернетээр болон Колгэйт оюутны хотхоны телевизээр шууд дамжуулав. Хамильтонд хийсэн айлчлалын үеэр 200 орчим эсэргүүцэгчид цугласан байсан ч Далай ламын даруу зан, уян хатан хандлага нь үзэгчдийг байлдан дагуулсан. Тэрбээр "Амьд амьтан бүхэн зовлон зүдгүүргүй амьдрах эрхтэй. Учир шалтгааны хуульд үндэслэн, бид аз жаргалын уг шалтгааныг нухацтай бодох хэрэгтэй. Сайн үр дүн, баярлууштай үр дүн нь сайн үйлс, бүтээлч үйлдлээс бүхэлдээ хамаарна" гэж хэлэв. Энэрэн нигүүлсэх сэтгэл нь хүүхэд эхийнхээ сүүгээр хооллож эхэлсэн цагаас эхэлдэг гэж тэр хэлээд, "Халуун дулаан сэтгэлийг үрслүүлж тордож, улмаар энэ нь хязгааргүй, бусдын хандлагад нугаршгүй энэрэн нигүүлсэх сэтгэл болж төлөвшдөг. Энэ мэдрэмж нь хэн нэгний дайсны сэтгэлд хүртэл нөлөөлж чадна" хэмээн тэмдэглэв. Дээрхийн гэгээн тэр санаагаа бүр энгийнээр ийн тайлбарлав: "Хайр дүүрэн эелдэг зан бол уур хилэнг арилгах хамгийн хүчтэй эм юм". Далай лам эдүгээ 73 нас сүүдэр зооглож байгаа ч, түүний дотоод сэтгэл нь бие махбодийн эрүүл мэндийг хамгаалах чадвартай болохыг дурдав. Тэрбээр өглөө 3:30 минутад эхэлдэг бөгөөд орой 8-9 цагт унтдаг ажээ. "Сэтгэлийн амгалан тайван байдал сайн гүн нойрыг авчирдаг" ажээ. Маргааш Далай лам багш, оюутнуудад зориулсан “Шинжлэх ухаан ба шашны тухай лекц”, мөн “Шашин ба их сургуулийн ёс суртахууны ба оюун санааны хүч” гэсэн хоёр хэлэлцүүлэгт оролцоно. |










