Сиэтль хот, Вашингтон муж, АНУ, 2008 оны 4-р сарын 12 (The Washington Times) - Далай лам өчигдөр Бээжингийн Олимпийн наадмыг бойкотлохыг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв. NBC телевизийн "Nightly News" хөтөлбөрөөр Төвдийн шашны удирдагчаас "Дэлхий нийтээр энэ зуны Олимпийн наадмыг бойкотлоосой гэж та хүсч байна уу" гэж асуухад тэрбээр "Үгүй" гэж хариулав.
Төвөдийг дэмжин, саяхан Хятадад жагсаал цуглааныг хүчээр дарсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн АНУ болон бусад үндэстний удирдагчид Олимпын наадмын нээлтийн ажиллагааг бойкотлохыг хүсч байгаа эсэхийг Дээрхийн гэгээнээс асуухад “Энэ бол тэдний шийдэх хэрэг” гэж хариулжээ. Тэрбээр "Зөвхөн Төвөд бус, Хятад даяар гэж тодруулах нь маш чухал. Хятад дахь хүний эрхийн нөхцөл байдал маш муу байна" гэж нэмж дурдсан.
Түүнээс Хятад улсад хандан ямар мэссэж өгөхийг хүсч буйг асуухад Дээрхийн гэгээн "Миний гол санаа бол бид Хятадын эсрэг биш, би салан тусгаарлахыг эрэлхийлээгүй" гэв. Далай лам өчигдөр Төвөдийн улс төрийн нөхцөл байдлын талаар хэлсэн цөөн үгсийг зөвхөн NBC телэвизээр дамжуулав.
Өчигдөр Далай лам энэрэн нигүүлсэхүйн сэдэвт тав хоногийн чуулганд хүрэлцэн ирснээсээ хойш анх удаа олон нийттэй уулзах үеэрээ хүний эрх, улс төрийн талаар огт дурдаагүй, харин хүмүүний сэтгэл хөдлөлийг шинлэх ухаанд шинээр сонирхон судалж буйг сайшааж буйгаа илэрхийлэв.
Зохион байгуулагчид "Энэрэл нигүүлслийн үр" цуглаан нь угтаа улс төрийн зорилгогүй гэж хэлсэн ч, түүний үүсгэн байгуулагч Дэн Кранзлер тайзнаа заларсан Дээрхийн гэгээнд хандан “Бүх дэлхий бодит үнэнг мэдэж байгаа” хэмээн битүү утгаар Төвөдийг дурджээ.
Таван өдөр үргэлжлэх чуулганыг зохион байгуулагчдын хэлснээр Далай ламын айлчлалтай холбогдуулан чуулганы хүрээнд зохион байгуулах 10 гаруй лекц семинар, арга хэмжээнд 150,000 гаруй хүн оролцоно гэж үзэж байна.
Чуулганы нээлтийн үеэр Далай лам болон эрдэмтэн судлаачид бага насны хүүхдийн хөгжил ба энэрэхүйн сэтгэлийн талаар харилцан яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн ба үүнд 7,000 гаруй хүн оролцжээ. Далай лам эхний хоёр арга хэмжээний үеэр амьдралынхаа талаар байнга хошигнон ярьж, эцэг эхийнхээ талаар дурсан ярихдаа тун ч хөгжилтэй эерэг байв. Тэрбээр "Би энэрэн нигүүлсэхүйн туршлагатай эрдэмтэдтэй цагийг өнгөрөөж байгаадаа баяртай байна. Энэрэхүйн сэтгэл бол урам зориг, харин жинхэнэ хүчин зүйл нь өөрчлөх үйлдэл хийхэд оршино" гэв.
Төвөдөд үргэлжилж буй жагсаал цуглаан, Олимпийн бамбарыг Бээжинд хүргэх буухиаг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж буй энэ цаг үед Далай лам АНУ-д хийх айлчлалаа эхлүүллээ.
Дэлхийг тойрон өртөөлж буй Олимпийн бамбар Өмнөд Америкийн хэмжээнд цор ганц аялах Буэнос-Айрес хотод өчигдөр ирлээ. Аргентины нийслэлд 10 км замаар Олимпын бамбар аялах үеэр цагдаа, аюулгүй байдлын алба хаагчид эсэргүүцэгчдийг бамбараас холдуулж хамгаалав.










