Нью Йорк Таймс - Энэхүү нийтлэлийг "Эргэлтийн цэгүүд" (Turning Points) сэтгүүлээс бэлтгэв. Тус сэтгүүл нь улиран одож буй онд тохиосон хурцадмал мөчүүд ирэх жилийн дүр төрхөд хэрхэн нөлөөлж болохыг гүнзгийрүүлэн судалдаг билээ.
Антарктидын хөвөгч мөсөн бүрхүүлд үүссэн ан цав дээд цэгтээ хүрч, асар том мөсөн уул тасран салж, далайд хөвж эхэллээ. Энэ бол асар их дарамт шахалтад орж, ямар нэгэн томоохон өөрчлөлтийн, магадгүй бүх зүйлийн ирмэг дээр ирсэн өнөөгийн ертөнцийн төрхийг илэрхийлэх хамгийн оновчтой дүр зураг юм. Яг л нөгөө мөсөн уул шиг дэлхий ертөнц хагаран бутарч, өөрөө өөрийгөө чөлөөлөхөд бэлэн мэт байна. Олон улсын улс төрийн "температур" өсөж, "үнэн" гэж юу болох тухай маргаан ширүүсэж, цөмийн мөргөлдөөний сүүдэр биднийг нөмрөөд байна. Бид энэхүү эгзэгтэй нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар Дээрхийн гэгээн Далай ламын бодлыг сонслоо.
Өнөөдөр манай гарагт хаа сайгүй тодорхойгүй байдал нүүрлэж, асар их үймээн самуунтай цаг үе тулгарч байна. Эх дэлхийгээ илүү сайн сайхан болгоё гэвэл бусдын төлөө гэх сэтгэл хамгаас чухал юм.
Бидний ирээдүй бидний гарт байна. Бид бүгдэд нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах тэрхүү нөөц боломж, чадамж бий. Хэдийгээр энэ олон тэрбум хүний дунд ганц хувь хүн хүн төрөлхтний хувь заяанд нөлөөлж чадамгүй өчүүхэн мэт санагдаж болох ч, бидний хувийн хичээл зүтгэл л нийгмийн маань цаашдын чиг хандлагыг тодорхойлох болно.
Би хаа ч явсан өөрийгөө өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний л нэг гэж боддог. Бид бүгдэд нэгэн ижил суурь хүсэл бий: Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд энэ бол бидний салшгүй эрх юм. Биднийг төрөхөд ч, насан эцэслэхэд ч ямар нэгэн хэв маяг, албан ёсны дүрэм журам байдаггүй. Тиймээс төрөхөөс үхэх хүртэлх амьдралынхаа хугацаанд бид бие биетэйгээ ахан дүүс шиг харилцах хэрэгтэй. Учир нь бидэнд амар амгалан, сэтгэл хангалуун амьдрах гэсэн нэгэн ижил хүсэл тэмүүлэл бий.
Харамсалтай нь, бидэнд тулгарч буй олон төрлийн асуудлын ихэнхийг бид өөрсдөө бий болгодог. Яагаад гэвэл бид хувийн ашиг сонирхол, уур хилэн, айдас зэрэг сөрөг сэтгэл хөдлөлдөө автчихдаг юм.
Энэхүү сэтгэлийн хорт хэв маягтай тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол дэлхийн 7 тэрбум хүний "нэгдмэл байдал"-ыг ухаарч, "энэрэн нигүүлсэхүй"-г өөртөө төлөвшүүлэх явдал юм. Хэрэв бид өөрсдийн ижил талуудыг олж харж чадвал бидний хоорондох хана хэрэм аяндаа нуран унах болно.

Энэрэн нигүүлсэхүй нь бидний сэтгэлийн амар амгалан, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хүний гайхамшигт оюун ухаан ямар нэгэн саадгүйгээр ажиллах боломжийг олгодог. Бусдыг ойлгох чадвар нь бидний генд суулгагдсан байдаг бөгөөд 4-хөн сартай нярай хүүхэд ч үүнийг мэдэрдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэрэнгүй сэтгэл нь амжилттай, утга учиртай амьдралын үндэс гэдгийг шинжлэх ухаан дахин дахин нотолсоор байна. Тэгвэл яагаад бид насанд хүрсэн хойноо энэхүү чанарыг хөгжүүлэхэд илүү их анхаардаггүй вэ? Бид уурласан үедээ юмны нэг талыг барьж хардаг бөгөөд тухайн нөхцөл байдлыг бүх талаас нь дүгнэх чадваргүй болдог. Харин тогтуун амгалан сэтгэлээр бид тулгарсан ямар ч нөхцөл байдлыг илүү бодитой, цогцоор нь харж чадна.
Хүн төрөлхтөн бол энэхүү уудам дэлхий ертөнцийн жам ёсны хөгжлөөр бий болсон олон янзын хэл яриа, бичиг үсэг, нийгмийн хэм хэмжээ болон зан заншлаараа нэн баялаг билээ. Гэвч бид арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, орлогын түвшин эсвэл боловсролыг хэтэрхий онцлон үзэхдээ өөрсдийн олон ижил талуудыг мартаж орхидог. Бид бүгдээрээ л толгой хоргодох орон байртай, гэдэс цатгалан, аюулгүй амгалан амьдрахыг, мөн үр хүүхдээ эрүүл чийрэг өсөж торниосой хэмээн хүсдэг. Бид өөрийн соёл, өвөрмөц онцлогоо хадгалан үлдэхийг хичээхийн зэрэгцээ хүн гэдэг утгаараа бид бүгд нэгдмэл нэгэн гэдгээ санаж, хүн бүрт халуун дулаан сэтгэлээр хандахыг эрмэлзэх ёстой.
Өнгөрсөн зуунд аливаа асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх гэсэн эрмэлзэл нь ямагт сүйрэл дагуулж, мөргөлдөөн тэмцлийг улам бүр даамжруулж ирсэн. Хэрэв бид энэ зууныг энх тайвны эрин болгохыг хүсэж байгаа бол асуудал бүрийг зөвхөн хэлэлцээ, дипломат харилцааны замаар шийдвэрлэх нь зүйтэй. Бидний амьдрал хоорондоо салшгүй холбоотой учраас бусдын эрх ашиг гэдэг нь бидний өөрсдийн эрх ашиг юм. Харин хүмүүсийг хооронд нь зааглан хуваах хандлага нь бидний нийтлэг эрх ашигт харшилна гэж би итгэдэг.
Бидний энэхүү харилцан хамаарал нь давуу тал болон эрсдэлийг зэрэг дагуулж байна. Бид дэлхийн эдийн засаг, мэдээллийн хурдны үр шимийг хүртэж байгаа ч, нөгөө талдаа бүгдэд маань заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтуудтай нүүр тулж байна. Энэ нь нийтийн сайн сайхны төлөө хамтын хүч чармайлт гаргахыг биднээс урьд өмнөхөөсөө илүүтэйгээр шаардаж байна.
Даван туулшгүй мэт зовлон зүдгүүрийн өмнө өөрийгөө хүчин мөхөс гэж бодож суугаа хүмүүст хэлэхэд, бид дөнгөж XXI дүгээр зууны эхэн үед явж байна. Илүү сайхан, аз жаргалтай ертөнцийг бүтээх цаг хугацаа бидэнд бий. Гэхдээ бид зүгээр суугаад л ямар нэгэн ид шид, гайхамшгийг хүлээж болохгүй. Бид тус тусдаа хүн нэг бүр амьдралаа илүү утга учиртай өнгөрүүлж, бусад хүмүүст туслах, ядаж л тэдэнд хор хөнөөл учруулахгүй байхын төлөө хичээж, хариуцлагатай алхам хийх ёстой.
Сөрөг сэтгэл хөдлөлтэй тэмцэж, энэрэн нигүүлсэхүйг төлөвшүүлэх нь зөвхөн хойд нас, диваажин эсвэл нирваан дүрийг зорихын тулд бус, харин яг одоо, энд хэрхэн зөв амьдрах тухай асуудал юм. Хэрэв бид сэтгэлдээ халуун дулаан чанарыг хөгжүүлвээс хувь хүн, хамт олон, улмаар хүн төрөлхтөн бүхэлдээ илүү аз жаргалтай болж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.










