Бохум хот, Герман, 2008 оны 5-р сарын 16 (AFP) - Далай лам түүний Төвд эх оронд бослого хөдөлгөөн дэгдсэнээс хойш хоёр сарын дараа Барууны таван оронд хийж буй айлчлалын үеэр Төвд тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй гэж Баасан гарагт мэдэгдэв. Төвдийн шашны тэргүүн Герман улсад хийж буй айлчлалынхаа хоёр дахь өдөр Бохум хотод болсон хэвлэлийн бага хурал дээр "Бид хятад ахан дүүстэйгээ эв найрамдалтай амьдрахыг хүсч байна. Төвдийн тусгаар тогтнолыг эрэлхийлэх бус, харин илүү өөртөө засах автономит эрх олгож Төвдийн хэл соёл, шашин шүтлэгийг эрхэмлэн хүндэтгэхийг хүсч байна" гэж тэр хэлэв. Нобелийн энх тайвны шагналт тэрбээр хүчирхийллийн бүх хэлбэрийг эсэргүүцдэг ч, түүнээс өөр чиг хандлага баримталдаг хүмүүс Төвдөд байдгийг хүлээн зөвшөөрч байв. Эдүгээ 72 нас сүүдэр зооглож буй Дээрхийн гэгээн Германы айлчлалынхаа дараа Их Британи, Австрали, АНУ, Францад гурван сар айлчлах ба энэ нь ирэх 8 дугаар сард Бээжингийн Олимпийн наадмын өмнө Төвдийн асуудлыг хэвлэл мэдээлэлд тусгахад нөлөөлнө.
Хятадын засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард Төвдийн бүс нутагт гарсан бослого хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарах үеэр 200 гаруй хүний амь нас үрэгдсэнд Хятадын “дарангуйлагч бодлого”-ыг Далай лам Пүрэв гарагт буруушаав. Тэрээр “Төвдүүдтэй харилцаагаа сайжруулах нь Хятад улсын эрх ашигт нийцэх боловч Хятадын бодлого нь Төвдөд төдийгүй олон улсын түвшинд дургүйцлийг төрүүлж байна” гэжээ. Төвдийн бослого хөдөлгөөнийг Хятадын эрх баригчид хүчээр дарж буйг олон улсын түвшинд шүүмжилж эсэргүүцэн Олимпийн өмнө Бээжинд дарамт шахалт үзүүлэхийн зэрэгцээ, Төвдийг дэмжигчид Олимпийн бамбар дэлхий тойрох буухиаг саатуулж тасалдуулахад хүргээд байна.
Төвд бол Хятадын нэг хэсэг гэсэн бодлого тууштай баримталдаг Бээжингийн эрх баригчид Төвдийн “босогчид”, “өдөөн хатгагчид” нь 21 хүний амь хөнөөж, Далай ламыг уг хүчирхийллийг зохион байгуулан, Олимпийн өмнө уг асуудлыг дэвэргэсэн гэж буруутгав. Олон улсын дипломат дарамт шахалтын үр дүнд Далай ламын элч төлөөлөгчид хурцадмал байдлыг намжаах зорилгоор энэ сард Хятадтай яриа хэлэлцээ эхлүүлсэн.
Латин Америкийн орнуудад айлчилж буй канцлер Ангела Меркель, Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер, Ерөнхийлөгч Хорст Кёлер нартай Далай лам Германд хийж буй айлчлалын үеэр уулзалт хийхгүй. Өнгөрсөн жил Хатагтай Меркель Дээрхийн гэгээнийг хүлээн авч уулзсанаас үүдэн Хятад-Германы харилцаа муудсаныг дээрдүүлэх үүднээс, Хайдемари Вицзорек-Зеул сайдыг Далай ламтай уулзуулахаар томилсонд шүүмжлэгчид Германы засгийн газрыг буруушаав. Гадаад хэргийн сайд Штайнмайер Дээрхийн гэгээнтэй уулзахгүй гэсэн шийдвэрт "сэтгэл хангалуун бус" байгааг Далай ламын Европ дахь төлөөлөгч илэрхийлсэн бөгөөд энэ удаагийн хуваарь аль аль талд төдийлөн тааламжтай байсангүй. Хятадын зүгээс Даваа гарагт болох Вицзорек-Зеул сайд болон Далай ламын уулзалтыг эсэргүүцсэн ч, Баасан гарагт Вицзорек-Зеул уг шийдвэрээ хамгаалж, тэрбээр шашны удирдагчидтай уулзаж, шашин хоорондын яриа хэлэлцээг дэмжих нь түүний ажил гэж Spiegel Online сонины сурвалжлагчид хэлжээ.
Der Spiegel сонинд бичсэнээр, Хятадын эрх баригчид болон Далай ламын хооронд яриа хэлэлцээ хийхийг идэвхтэй дэмжиж буй Штайнмайер сайдын зүгээс Виецзорек-Зеул ба Дээрхийн гэгээний уулзалт нь Герман-Хятадын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх вий хэмээн санаа зовниж байна гэжээ. Гадаад харилцааны яамны төлөөлөгчийн хэлснээр уг уулзалтын талаар тус яаманд урьдчилж мэдэгдээгүй гэж Баасан гаригт мэдэгдсэн. "Би хэнтэй уулзахаа өөрөө шийддэг тул, надад зөвшөөрөл хэрэггүй" гэж Виецзорек-Зел сайд дээрх сэтгүүлд бичсэнийг эсэргүүцэж тайлбар хийв. Виецзорек-Зеул сайдыг Далай ламтай уулзуулахад Хатагтай Меркель биечлэн хөндлөнгөөс нөлөөлсөн гэж Sueddeutsche Zeitung сонинд Баасан гаригт мэдээлсэн ч, засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч үүнийг няцаасан байна.
Далай лам Германд хүрэлцэн ирснийхээ дараа буюу энэ долоо хоногт Хятадад болсон газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хохирогчдод эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр Германы 16 мужийн хоёр муж улсын Ерөнхий сайд, мөн үндэсний парламентын даргатай уулзалт хийжээ. Бохум хотод Баасан гарагийн үдээс хойш 3000 гаруй хүн хүний эрх, даяаршлын талаар Далай ламын айлдварыг сонслоо. Тэрбээр "21-р зуун энх тайван, яриа хэлэлцээний зуун байх ёстой" гэж баярлаж хөөрсөн олон нийтэд хэлж, цөмийн зэвсгийг бүрэн устгаж, дэлхий даяар зэвсэглэлээр хөөцөлдөхийг таслан зогсоохыг уриалав. Тэрээр цааш нь хэлэхдээ, даяаршлын улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байвал даяаршил буруу замаар явж байж болзошгүй гээд, дэлхийн шашнууд эв найрамдалтай байхыг уриалав.
Бямба гарагт Мёнхенгладбах хотод, Ням гарагт Нюрнберг, Бамберг хотод, Даваа гарагт Берлин хотод түүхт Бранденбургийн хаалган дээр Далай лам үг хэлнэ.
Тэрээр мөн парламентын гадаад харилцааны хороон дээр үг хэлэх ба энэхүү арга хэмжээг Хятадын эрх баригчид эсэргүүцсэн гэж тус хорооны дарга Рупрехт Поленц мэдэгдэв.










