АНУ, Сан Франциско (Voice of Tibet radio. 2007 оны 5 дугаар сарын 2)– Дээрхийн гэгээн Далай лам хайр, энх тайван, энэрэл нигүүлслийн талаар олон нийтэд айлдлаа. Тэрбээр энэ үеэр "Хүмүүс бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Эргэн тойрны нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн бид сэтгэл санаагаа тайван, амгалан байлгах дотоод чадвартай. Мөн оюун ухааныхаа хэргийг гаргаж, сэтгэлийн амар амгаланг бий болгох, тодорхой сэтгэлгээний хандлагыг төлөвшүүлэх чадвар бидэнд бий" хэмээн онцлов. Тэрээр 4 дүгээр сарын 27-нд Сан Франциско хотод морилон ирсэн бөгөөд энэ айлчлалынхаа үеэр 3 гурван өдөр ном айлдах, олон нийттэй уулзахаар төлөвлөж буй ажээ. Тэрбээр Билл Грэхэмийн иргэний их танхимд 4000 гаруй хүнд ном айлджээ. Эхний хоёр өдөр Богд Зонховын зохиосон "Шүтэн барилдлагын магтаал”, Нагаржунай гэгээний бүтээл "Хорвоогоос гэтлэх оюунтны магтаал"-ыг тайлбарлан айлдсан байна. Энэ хоёр зохиол Төвөдийн буддизмын хамгийн гүн агуулгатай бүтээл юм. Эдгээр нь хоосон чанар буюу бодит байдлын эцсийн мөн чанар, түүний шалтгаан нөхцөл зэрэг бусад хүчин зүйлсээс үл хамаарах байдлын хоорондын харилцааг маш системтэй, тодорхой аргаар тайлбарладаг юм. Далай Лам хүн бүр өөрийн өөрийн уламжлалт шашин шүтлэгтээ үнэнч байхыг эрхэмлэхийн зэрэгцээ бусад шашныг хүндэтгэх ёстойг онцоллоо. "Буддын, христийн, исламын, иудейн эсвэл өөр ямар ч шашин шүтлэгтэй байхаас үл хамааран, үндсэндээ бүх шашны уламжлал сэтгэлийн амар амгаланг бий болгох зорилготой байдгийг ойлгох нь чухал. Бүх томоохон шашнууд бидэнд хайр, энэрэл, уучлал, тэсвэр тэвчээр зэрэг эерэг чанаруудын ач холбогдлыг заадаг" хэмээн тэрбээр тэмдэглэв. Уг хоёр өдрийн айлдварыг 2001 онд Сан Хосе хотод байгуулагдсан Жүд Важраяана төв зохион байгууллаа. Энэ төв нь ээлжээр номын үйлээ хөтлөн явуулдаг 4-5 ламтай бөгөөд тэдний дунд эрдэм мэдлэгтэй нэгэн багш байдаг ажээ. Мөн Далай лам Хойд Калифорнид амьдардаг төвөд хүмүүстэй тусгайлан уулзалт хийсэн бөгөөд 4-р сарын 29-нд "Эерэг өөрчлөлтүүдийг бий болгох нь" сэдвээр олон нийтэд илтгэл тавьжээ. Эдгээрийг Хойд Калифорнийн Төвөд иргэдийн холбоо, Сан Франциско Бэй Ареа, Америкийн Хималайн сангаас зохион байгуулсан байна. Орчуулсан Б.Ганчимэг |










