Энэтхэг улс, Уттар-Прадеш муж, Варанаси, Сарнатх - Шашны удирдагч, Дээрхийн гэгээн Далай лам сүсэгтэн олонд эрүүл, зөв амьдралын төлөө байгаль орчноо хамгаалж, хадгалан үлдээх, сэтгэл оюуны замыг дагаж мөрдөхийг зөвлөв. Дээрхийн гэгээн Далай лам Лхагва гарагт Сарнатхын Дээд Төвөд судлалын төвд (CIHTS) хуран цугласан сүсэгтэн олон, лам хуврагуудад үг хэлэхдээ, байгаль орчны доройтолд ихэд санаа зовнин буйгаа илэрхийлж, хяналтаас хэтэрсэн материаллаг хөгжил, байгалийн ашиглалт нь байгаль орчинд, тэр дундаа Хималайн бүсийн байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулж байгааг дурдав. “Хэрэв байдал ийм хэвээр үргэлжилбэл эртний гол горхи тун ойрын хугацаанд ширгэх болно” хэмээн айлдаж, хуванцрыг хэрэглэхгүй байхыг уриаллаа. Мөн эрүүл амьдралын ач холбогдлыг онцлон, хүн бүр эрүүл мэнддээ анхаарах ёстойг сануулав. Анагаахын шинжлэх ухаан хөгжсөн ч ДОХ зэрэг өвчин хүний амь насанд заналхийлсэн хэвээр байгааг онцолж, эрүүл мэнд хийгээд хүрээлэн буй орчноо хамгаалахад дор бүрнээ ухамсартайгаар хандах нь зайлшгүй чухал гэдгийг нэмж айлдлаа. Тэрбээр “Номхотголын аймаг” сударт Бурхан багш модыг, байгаль орчныг сахин хадгалахад онцгой ач холбогдол өгсөн тухай тэмдэглэв. Аруначал Прадеш мужийн засаг дарга Доржи Ханду болон сүсэгтэн олон Дээрхийн гэгээн Далай ламын энх урт наслахын бат оршил өргөх ёслол хийв. Мөн Дээрхийн гэгээн Дээд Төвөд судлалын төвийн 14 шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулжээ. |










