Дэнвер, АНУ – 2006 оны 9 сарын 18 (Chase Squires / AP) — Ням гарагт Пэпси Төвийн өргөн танхимд 14 мянга гаруй хүмүүс цугларчээ, өндөр тайзны төвд том савхин суудалд заларсан Дээрхийн гэгээний лагшин жижгхэн харагдаж байсан ч, түүний айлдвар хорвоо ертөнц шиг өргөн уудам байлаа.
“Өмнөх зуун хүчирхийлэл, мөргөлдөөний зуун байсан бол энэ зуун яриа хэлэлцээр байх ёстой,” хэмээн тэрээр онцлов.
“Дэлхийн худалдаа, аялал жуулчлал, харилцаа холбоо, интернэт хүн төрөлхтнийг ойртуулж буй энэ үед хил хязгаарын сэтгэлгээ, дайн дажин зэрэг хуучин хэв маягаа орхиж бие биенээ харилцан хүндэлж, дэмжих цаг үе нэгэнт иржээ” хэмээн Дээрхийн гэгээн айлдав.
“Өөр бусдыг анхаарч чин сэтгэлээсээ тусалж чадвал буцаад бид бүхэнд тустай юм. Харин зөвхөн хувиа хичээвэл өөрөө л эцэс сүүлд нь алдах болно” хэмээн тэрээр онцоллоо.
Нобелийн Энх тайвны шагналт, Төвөдийн Бурханы шашины болон хилийн чанад дахь засгийн газрын удирдагч Далай лам дэлхий дахинд амьдарч буй хүмүүс бүр “дотоодод зэвсэг үл хэрэглэх”-ийг дадлага болгох хэрэгтэй хэмээн айлдав. Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлээ шунал, хувиа хичээх бодлоос салгаж, энэрэл нигүүлсэл, өрөвч нинжин сэтгэлийг гол чиг шугамаа болгож чадвал дэлхий нийт энх тайванд хүрэх, цөмийн зэвсэглэлийг зогсоох, эцэст нь дайныг ч халж чадна хэмээн тэрээр тайлбарллаа.
Далай лам өнгөрсөн амралтын өдрүүдэд Денвер хотод айлчлан, “Энх тайваны чанамал” хэмээх олон улсын залуучуудын бага хуралд Нобелийн Энх Тайвны шагнал хүртсэн есөн эрхэмтэй хамт оролцсон ба Роки уулсын бэлд орших Шамбала уулын төвд мөн адис хүртээлээ. Тэрээр мөн Денвер хотын арга хэмжээний төв болох Пепси төвийн суудал дүүртэл цугласан 14,600 сүсэгтэн олоны өмнө айлдвар айлдсан бөгөөд хотын спортын багуудыг бэлгэдсэн туг, хүндэтгэлийн зураглалтай тайзан дээр гарч, түүний дүрс Пепси болон Коорс шар айрагны логотой дэлгэцүүдээр цацагдаж байлаа.
Арена орчмын хамгаалалт өндөр бөгөөд шалган нэвтрүүлэх хэсгээс урт дараалал үүсч, илтгэл 20 минут саатсан байна.
Хүйтэн салхи сэвэлзсэн гадна талбайд зогсож буй Коллин Норвайн “Надад хоёр тасалбар хэрэгтэй” гэсэн бичиг өргөн барьжээ.
“Би Боулдераас ирээд, тасалбар олдож магадгүй гэж найдсаар зогсоолын төлбөр хүртэл төлсөн” хэмээн тэр хэлэв. Тэр хурал эхлэхээс хагас цагийн өмнө хүртэл хүлээж байлаа.
Түүнээс гадна уулнаас 160 км зам туулан ирсэн Линетт Ферраро, Трейси Лонг нар гараар бичсэн самбар барин тасалбар хайжээ. Тэд тусдаа хүмүүсээс тасалбар авч чадсан бөгөөд тасалбар өгсөн хүмүүс үнэгүй өгөхийг хүссэн ч, тэд төлбөрт нь ямар нэгэн зүйл өгөхийг хүссэн байна. Тасалбар олж, бүр нэмээд хөнглөлт эдлэсэн Лонг: “Энэ бол карма” хэмээн гүн талархалтайгаар инээмсэглэв.
Дээрхийн гэгээн нэг цаг орчим айлдвар айлдаж, сүүлийн 20 минутанд асуулт хариулт явуулсан бөгөөд хүмүүс хоорондын эерэг харилцаа, хүлээцтэй байдал, ойлголцлыг уриалсан юм.
Тэрээр мөн 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт үйл явдлаас хойш исламын шашинтнууд болон АНУ-ын хооронд үүссэн хуваагдал улам гүнзгийрч байгаа нь нэн түгшүүртэй хандлага болсныг онцлон дурдав.
“Би бол энгийн нэгэн бурханы шашинтай лам хүн. Гэхдээ би исламын төлөө дуугарч, хамгаалах талд зогсох болно” хэмээн айлдаад, “Исламын шашныг бүхэлд нь хүчирхийлэлтэй дүйцүүлэн харах нь шударга бус, энэ нь бодит үнэнтэй нийцэхгүй” хэмээн тэмдэглэлээ.
Айлдварын дараа гарч буй хүмүүс үзэл бодлоо хуваалцаж, Фредди Боско, Стив Хэйр нар түүний айлдвар сэтгэлд нь гүн хүрсэн тухайгаа хэллээ.
“Ийм өндөр нэр хүндтэй хүн олон нийтэд энх тайвны тухай уриалга түгээж, түүнийг сонсохын төлөө хүмүүс өргөн том танхим дүүргэн цуглана гэдэг үнэхээр гайхалтай. Зүгээр л сагсан бөмбөг харж цаг өнгөрөөх гэж биш, энх тайвны тухай айлдварыг сонсох гэж ирсэн нь онцгой,” хэмээн Боско ярив.
Харин Хэйр “Түүний айлдсан зүйлийн гайхамшиг нь энгийнд оршино. Тэр хүн бүрийн мэддэг үнэнийг маш товч бөгөөд ухаалаг үгээр илэрхийлдэг” гээд, “Зөөлөн, дулаан сэтгэлтэй бай. Ингэж чадвал бүх зүйл эцэстээ зөв байрандаа орно” гэсэн нь мартагдашгүй санагдсаныг хэллээ.










