Энэтхэг, Агартала (Калькутта хотын The Telegraph сонин) – Нобелийн энх тайвны шагналт, Төвөдийн буддын шашны оюун санааны удирдагч Далай лам мягмар гарагт Трипурад хоёр өдрийн айлчлал хийхээр морилон саатна. Тэрбээр Өмнөд дүүрэгт байрлах Банкул Дармадвипа ахлах сургуулийн таван жилийн ойн баярыг нээж үг хэлэх юм.
Айлчлалынхаа үеэр тус сургуулиас гадна Агартала хотын буддын Венубан хийдэд шашны зан үйлд оролцож, ном айлдана.
Төвөдийн оюун санааны удирдагчийг угтан авахын тулд орон нутгийн удирдлага өргөн хүрээтэй бэлтгэл ажлыг хийж байна. Банкул тосгон болон түүний ойр орчмын бүс нутгийн аюулгүй байдлын дэглэмийг чангатгажээ.
Далай ламын шашны ном айлдах Венубан хийдэд түр асар майхан босгосон байна.
Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр Далай лам мягмар гарагт Агарталад морилон түр саатаад дараагийн нисдэг тэргээр Банкул руу нисэх аж.
Далай ламын айлчлалыг "Буддын шашинт мог, чакма угсаатнуудын төдийгүй өөр бусад угсаатнууд сэтгэл догдлон хүлээж байна" хэмээн эх сурвалж нэмж дурджээ.
Дээр дурдсан нийгэмлэгийн ахмад удирдагч ноён Ачайчи Мог манай хэвлэлийн газартай утсаар холбоо барьж хэлснээр, Банкул Дармадвипа ахлах сургууль нь 2002 онд ердөө 50 сурагчтай (30 хөвгүүн, 20 охин) байгуулагдсан аж. Эл сургуулийг мөн мог угсаатан Дармадвипа Бхикшу гэдэг хүн байгуулжээ.
"Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус сургуульд маш их ахиц дэвшил гарч, өдгөө 400 гаруй сурагч, багштай болсон. Хичээлээ англи, хинди хэлээр заадаг. Мөн сурагчдад буддын сургаал, судар бичиг, пали хэл заахаас гадна уг сургуульд элсэн орох боломж аль ч үндэстэн, ястан, нийгмийн бүлгийн хүүхдүүдэд нээлттэй байдаг. Могчууд Энэтхэг улс хуваагдсанаас хойш Бангладешийн Читтагонг дахь уугуул нутгаасаа дүрвэн Өмнөд Трипурад тодорхой үе шаттайгаар суурьшсан юм” хэмээн Мог нэмж хэлсэн байна.
Орчуулсан Б.Ганчимэг










