АНУ, Калифорни муж, Лонг-Бич, 2006 оны 9 дүгээр сарын 27, (Лаура Курцман / AP)
Дээрхийн гэгээн Далай лам мягмар гарагт АНУ тэргүүлэн явуулж буй Иракийн дайн асар олон хүний амийг золиосолж буйд гүнээ сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ.
Төвөдийн оюун санааны удирдагч дайны эхэн үед уг мөргөлдөөнийг дүгнэхэд эрт байна хэмээн болгоомжилж байсан бөгөөд дайралт зөв эсэх нь цаг хугацааны явцад л тодорхой болно гэж үзэж байснаа дурдав.
“Эхэндээ би ‘дүгнэхэд хэтэрхий эрт байна’ гэж бодож, ийнхүү илэрхийлж байсан. Харин одоо нөхцөл байдал нааштай харагдахгүй, Иракт маш олон хүн амь насаа алдаж байна” хэмээн тэрээр ‘Ассошиэйтэд Пресс’ мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдажээ. “
Исламын ертөнц ба Барууны орнуудын харилцааг сайжруулахын тулд хоёр тал бие биенээ илүү сайн ойлгож, ойр дотно харилцах хэрэгтэй гэж Далай лам онцоллоо.
“Ойр харилцаа тодорхой ойлголтыг бий болгодог. Ингэснээр хардах сэтгэл, айдас орших зай багасна. Зарим санал зөрөлдөөн байлаа ч асуудал биш” хэмээн тэрээр айлдлаа.
Далай лам энэ үеэр Лонг-Бич хотод болсон, Калифорни мужийн тэргүүн хатагтай Мария Шрайвер удирдсан эмэгтэйчүүдийн бага хуралд илтгэл тавьж, мөн амбан захирагч Арнольд Шварценеггертэй хувийн уулзалт хийжээ.
Тэрээр өөрийн итгэл үнэмшлийг товчхон тодорхойлохдоо: “Миний шашин бол сайхан сэтгэл” хэмээн айлдсан байна.
Пап лам Бенедикт XVI-ын Исламын талаар хийсэн сүүлийн үеийн мэдэгдлээс үүдэн лалын ертөнцөд дэгдсэн маргааны талаар шууд тайлбар хийхээс татгалзсан ч, Далай лам шашныг нийгмийг хуваах зорилгоор ашиглахыг хатуу эсэргүүцлээ.
“Зарим санаатай хүмүүс шашин шүтлэгийг хувийн ашиг сонирхлынхоо төлөө ашиглаж, зөрчил мөргөлдөөн үүсгэдэг. Харин бид бүх шашин, уламжлалын жинхэнэ утга, үндсэн сургаалд нь анхаарах ёстой” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.










